Гишүүдийнхээ томилгоог хаалттай үлдээхээр Цэц улайрч байна
Үндсэн хуулийн цэцийн товлосон дунд суудлын хуралдаан өнөөдөр болно. АТГ-ын удирдлагууд болон Цэцийн гишүүдийг томилохдоо УИХ нээлттэй сонсгол явуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж буй, эсэхийг үүгээр шийдвэрлэх юм. Нээлттэй сонсголыг хааж, томоохон томилгоонуудыг тохироогоор хийж, хөшигний ард наймаалцах гэсэн нэхэл хатуу оролдлого дахин амиллаа. Дор дурдах хуулийн заалтууд Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж иргэн үзсэн учраас Цэц “Тийм, түүний зөв” гээд шийдчихвэл нэр дэвшигчийн сонсгол явуулах эрх зүйн орчин үгүй болно гэсэн үг.
29 дүгээр зүйл.
Нэр дэвшигчийн сонсгол29.1. Эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-аас дараах нэр дэвшигчийн сонсгол явуулна:
29.1.1. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, улсын ерөнхий аудитор, Монголбанкны ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын албан тушаалд томилуулахаар УИХ-д санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсгол;
29.1.2. УИХ-аас нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан, эсхүл УИХ танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар УИХ-ын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.
УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиас
21 дүгээр зүйл.
Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа
21.1. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно.
21.2. Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно.
Авлигын эсрэг хуулиас
Гуравдугаар зүйл.
Цэцийг байгуулах журам
1. Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилно.
Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиас
102 дугаар зүйл.
Цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх журам
102.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг хүлээн авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ажлын таван өдрийн дотор тухайн тайлан, эрх бүхий этгээдийн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана. Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас
Тодруулбал, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 29.1.1, 29.1.2, Авлигын эсрэг хуулийн 21.1, 21.2, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3.1, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102.1 дэх хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхийг хянан шийдвэрлэх юм. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дээрх заалтаас харвал цөөнгүй албан тушаалд эрх бүхий этгээдээс санал болгосон нэр дэвшигчидтэй холбогдуулан парламентаас сонсгол зохион байгуулах нь Үндсэн хуулийн холбогдох заалттай харшилж буй, эсэхийг Цэц тогтоох бололтой. Гэхдээ Авлигын эсрэг, Үндсэн хуулийн цэцийн болон УИХ-ын чуулганы хуралдааны тухай хуулийн холбогдох заалтыг хамтатган “шүүх” гэж байгаа нь тус маргаан аль байгууллагын удирдлага, гишүүдийг чиглэж буйг тодруулсан хэрэг.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ, БАС АТГ
Нэхэл хатуу хэмээсний учир нь УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох хэсэг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх, маргааныг хянан шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хуралдаан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болох байсан ч хойшлуулсан юм. Тухайн хуралдаанд УИХ-ыг төлөөлөн оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч, гишүүн Г.Ганболд хойшлуулах хүсэлт ирүүлснийг Үндсэн хуулийн цэц хүлээн авч, товыг нь жич зарлахаа мэдэгдсэнээс хойш бараг жил өнгөрчихөж. Агуулгын хувьд УИХ нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулснаар Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, цаашлаад Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлдэг Ерөнхийлөгч болон Дээд шүүхийн томилгооны бүрэн эрхэд халдаж байна гэж Цэцэд мэдээлэл гаргасан иргэн Ж.Баянмөнх үндэслэлээ тайлбарласан байв. Өнгөрсөн жил орчмын хугацаанд маргаан мартагдав уу гэтэл Цэц үндсэндээ ижил агуулга бүхий асуудлаар хуралдаан дахин товлосон нь энэ. Өөрөөр хэлбэл, өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Үндсэн хуулийн цэцийн томилгоог онцолсон бол энэ удаа АТГ-ын удирдлагууд болон Цэцийн гишүүдтэй холбоотой хуралдаан хийх нь.
Тэгээд ч Цэц дунд суудлын хуралдааныхаа товыг гэнэт зарласан нь хачирхалтай. Өнгөрсөн жилийн өдийд эл маргаантай холбоотойгоор дээрх бүх албан тушаалтан, тэр дундаа Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг сонсголоор “оруулахгүй” байж хэрхэвч болохгүй хэмээн хуульчдын төлөөлөл эсэргүүцэж байлаа. Тиймээс ч тэд ер нь Цэц анхнаасаа эл асуудлаар маргаан үүсгэсэн нь буруу гэх мэтээр байр сууриа илэрхийлж байсныг сануулъя. Энэ мэт эсэргүүцэл нь Цэцийнхнийг чимээгүйхэн хуралдаан товлоход хүргэсэн байж ч мэднэ.
СОНСГОЛ ИЛҮҮДЭХГҮЙ
Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийг парламент 2021 оны арванхоёрдугаар сард баталсан. Уг хуулиас өмнө буюу Нийтийн сонсголын тухай хуулийг 2015 онд баталж, есөн төрлийн сонсгол хийж болохоор хуульчилсны дотор томилгооных бий бөгөөд үүнийг хэрхэн зохион байгуулахыг дээрх хуулиар нарийвчлан зохицуулсан юм. Үүнээс хойш хоёр жил ч өнгөрөөгүй байна. Энэ хугацаанд Дээд шүүхийн шүүгч, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн зэргийг томилохтой холбоотойгоор нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулжээ. Уг нь нэр дэвшигчийг тухайн албан тушаалд тавих шаардлага, чадвар, туршлагыг хэр хангаж буй, ёс зүйтэй, эсэхийг УИХ-ын гишүүд төдийгүй иргэд, олон нийтийн төлөөлөл хамтдаа нээлттэй сонсох боломжийг эл сонсголоор бүрдүүлж буй.
Өнгөрсөн хугацаанд болсон сонсголын үеэр зарим нэр дэвшигчийг муулж муулчихаад дэмжлээ, ийм хүнийг томилох байсан юм бол сонсгол хийх хэрэг байна уу гэх мэт шүүмжлэл гарсныг дурдах нь зүйтэй. Үнэндээ Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хороо (хуучнаар Шүүхийн ёс зүйн хороо)-ны гишүүд, Дээд шүүхийн шүүгч нарыг хэрхэн томилсныг олон нийт битгий хэл, хуульчид, салбарынхан ч мэдэхгүй, мэдээлэлгүй өнгөрдөг байсан шүү дээ. Шинэ тутам гарч ирсэн, нээлттэй, ил тод хэлэлцээд явах энэ мэт механизмаа хэрэглээд, улам боловсронгуй болгоод урагшлахаас бус, хааж, боох шаардлагагүй ээ.
Үнэндээ томоохон албан тушаалын томилгоог богино хугацаанд, хаалттай, иргэд битгий хэл, түүнийг хэлэлцдэг төрийн эрх барих дээд байгууллагын гишүүдийн оролцоог ч хангахгүй шахам, тулгалт байдлаар хийж ирсэн явдал цөөнгүй. Шуудхан хэлэхэд, Цэцийн гишүүнд нэр дэвшигчийн талаар сонсгол явуулахтай холбоотой заалтыг Цэц хянах гэж буй нь нэлээд хардлага төрүүлж байна. Жил орчмын зайтай товлосон дээрх хоёр хуралдаанаар хэлэлцэх маргааны аль алинд нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний томилгоотой холбоотой заалт хамаарч байна шүү дээ. Ийм хардлага өмнө нь байсан. Өдгөө бүр ч лавшрав. Хэн нэгэн нөлөө бүхий улстөрч, эсвэл төрийн өндөр албан тушаалтан ойрын хүнээ Цэцийн гишүүнээр “шууд” томилуулахын тулд дурын иргэнд “захиалга” өгч мэдээлэл гаргуулаад, түүнийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэн, УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн дээрх заалтаас арилгуулах гэж байгаа юм биш биз. Цэцийн гишүүнээр томилогдохдоо, хянан шийдвэрлэсэн маргаан нь хэл ам, шүүмжлэл дагуулж, бүр захиалга өгч мэдээлэл гаргуулан, хуулийг зүйл, заалтаар нь хүчингүй болгодог гэх хардлага хүчтэй байгаа энэ үед үүнийг үгүйсгэж боломгүй санагдана.
ХООСОН ГУРВАН “ОРОН ТОО”
Тухайлбал, 2016 оны арваннэгдүгээр сард томилсон Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа нь дуусаад хэдийн жил болох гэж байна. Түүний оронд хэнийг томилох вэ гэдэг нь анхаарал татаад удаж буй. Түүнийг УИХ-аас нэр дэвшүүлэн томилоход тухайн үеийн парламентыг даргалж байсан М.Энхболдын ойрын хүн хэмээн шивэр авир хийхээс хэтрээгүй. Харин одоо УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн дагуу хамгийн багадаа 30 хоногийн хугацаанд сонсгол, хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст Д.Одбаярын оронд хэн нэгнийг томилох ёстой. Мэдээж Цэцийн гишүүнийг томилох нээлттэй сонсголыг Цэц хаачихгүй бол шүү дээ.
Тодруулбал, УИХ-аас нэр дэвшүүлж буй хүн нь Цэцийн гишүүнд тавигдах мэдлэг, чадвар, ёс зүй, туршлагын шалгуурыг хэр сайн хангаж байгааг харуулахуйц мэдээллийг цахим хуудсаараа болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэхээр тус хуульд заасан. Улмаар холбогдох байнгын хороо нэр дэвшигчийн сонсголыг товлон зарлаж, нийтэд мэдээлэх юм. Ингээд 14-өөс доошгүй хоногийн хугацаанд тухайн нэр дэвшигчтэй холбоотой асуулт, саналыг цахимаар болон шуудангаар олон нийтээс хүлээж авдаг. Үүний сацуу сонсголд оролцох, ажиглах иргэн, хуулийн этгээдийг ч бүртгэх ёстой. Иргэдээс асуулт, санал хүлээж авах 14 хоногийн хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуульд заасан. УИХ-ын холбогдох байнгын хороо хараат бус шинжээч томилж, олон нийтээс ирсэн санал, асуултыг судлах, ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулан, тухайн нэр дэвшигчийн ур чадвар, ёс зүй, туршлагын талаар дүгнэлт гаргах ажлыг энэ хугацаанд хийлгэж болно. Энэчлэн сайтар бэлтгэсний үндсэн дээр сонсгол хийж, нэр дэвшигчийн талаар хангалттай хугацаанд хэлэлцэх боломж олгож байгаа юм. Гэхдээ сонсголоос шийдвэр гаргаад, шууд томилчихдоггүй. Сонсголоос гаргасан тайланг байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлдэг. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, эсэхийг УИХ л шийднэ.
Мөн Цэцийн өөр нэгэн гишүүнийг Дээд шүүхээс санал болгох үйл явц энэ өдрүүдэд өрнөж буй. Цэцийн дарга Н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн зургадугаар сард дууссан тул түүнийг санал болгосон Дээд шүүх дараагийн хүнийг томилуулахаар нэр дэвшигчдээс хүсэлт хүлээн авч эхэлсэн бөгөөд өнөөдөр ажлын цагаар дуусгавар болно. Нэр дэвших хүсэлт хүлээн авах ажиллагааг Дээд шүүх 2021 оны арванхоёр, энэ оны долдугаар сард явуулсан. Өөрөөр хэлбэл, энэ удаа гурав дахиа материал хүлээн авч байгаа нь энэ. Үүнээс гадна өнгөрсөн оны хоёрдугаар сард Дээд шүүх эл албан тушаалд нэр дэвшигчдээс хүсэлт хүлээн авч байсан ч түдгэлзүүлсэн билээ. Дээд шүүхийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 4.4-т “Цэцийн гишүүн Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу Цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно” гэх заалтыг үндэслэл болгон Н.Чинбатын оронд санал болгох хүний эрэлд гараад байсан хэрэг. Гэвч дээрх заалтад дурдсанаар “чөлөөлөгдөж болно” гэсэн нь чөлөөлөхгүй ч байж болно гэсэн үг хэмээх агуулга бүхий мэдээллийг нэр бүхий иргэн Цэцэд гарган, түүнийх нь дагуу маргаан үүсгэснээр эл үйл явцыг түдгэлзүүлсэн юм.
Түүнчлэн Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтийн дагуу өнгөрсөн зургадугаар сард ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарах болсон, гэр бүлийн гишүүнээ асрах шаардлага үүссэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ ёсоор болгосон юм. Түүнийг өмнөх Ерөнхийлөгч нэр дэвшүүлж байсан тул одоогийн Төрийн тэргүүн орных нь хүнийг санал болгоно. Үндсэндээ одоо УИХ, Ерөнхийлөгч, Дээд шүүхээс санал болгон томилуулах ёстой тус бүр нэг “орон тоо” Цэцэд бий гэсэн үг.
Эх сурвалж Өнөөдөр сонин Б.Номин