Танилц: Үнэ нэмэхээ хойшлуулаад байсан Хамтарсан зөвлөл дэх ААН-үүд

Өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны орой гэнэт л шатахууны үнэ 200 төгрөгөөр өсөв. АИ92 шатахуун гэхэд 2600 төгрөгт дөхөж очлоо.
ОХУ-ын зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнийг харвал өсөлт мэдэгдэж байсан байна. Энэ өсөлтийн хэмжээ нэг дор, огцом орж ирнэ гэж байхгүй. Монголд шатахууны үнийг төр, ААН-үүд хамтран хэлэлцсэний дүнд тогтоодог.
Харин өглөө Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдэл гаргасан байна.
Үүндээ, жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим ААН-ээс АИ92 шатахууны үнийг 200 төгрөгөөр нэмэгдүүлж, 2590 төгрөг болгосон талаар дурджээ. Өмнө нь ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал ихэссэнтэй холбогдуулан үнэ нэмэх санал ирж байсан гэдгийг тайлбарласан байна.
Улмаар Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл” анхдугаар хуралдаанаа тавдугаар сарын 5-нд хийжээ.
Үүгээр тооцоо жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэх эсэхийг судлан, дахин хэлэлцье гэж тохирсон юм байна. Гэтэл Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг үл тоож, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан, мэдэгдэж тохиролцохгүйгээр үнэ нэмлээ. Иймд холбогдох байгууллагаар шалгуулна гэжээ.
Тэгвэл, дээр дурдсан Хамтарсан зөвлөлд ямар хүмүүс, ААН-үүд багтсан байна вэ?
Хамтарсан зөвлөлийн бүрэлдэхүүнийг гуравдугаар сарын 18-нд Засгийн газрын тогтоолоор шинэчлэн баталж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан нар гарын үсэг зуржээ.
Бүрэлдэхүүнд ААН-ээс:
-“НИК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат
-“Шунхлай” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран
-“Тэс петролиум” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Майдар
-“Содмонгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарбат
-“Монсуль” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Энхжаргал нар багтсан байна.
Өөрөөр хэлбэл, тэд шатахууны үнэ нэмэх эсэх асуудлаар зөвлөл дээр ярилцсан ч, дур мэдэн үнээ нэмсэн гэдгийг АҮЭБ-ийн яамнаас мэдэгдсэн болж таарч байна.
Хамтарсан зөвлөлийн бүрэлдэхүүнтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Эх сурвалж: Eguur.mn