“Монгол Улс Путины эдийн засагтай орон болж хувирлаа”
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн сонгуулийн жилийн төсөв, Монголбанкны 2024 оны мөнгөний бодлогын эргэн тойронд эдийн засагч С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр 2024 онд төсвийн зардлыг 2023 оныхоос долоо их наяд төгрөг буюу 35 орчим хувиар нэмж буйгаа мэдээлсэн. Төсвийн зарлагыг ирэх 2024 онд 27.4 их наяд төгрөг байхаар тооцсон бөгөөд орлогыг 25.3 их наяд төгрөг гэж төлөвлөжээ. Энэ тооцооллоор Засгийн газар ирэх онд 2.1 их наяд төгрөгийн алдагдал үйлдвэрлэнэ гэсэн үг. Эдийн засагч С.Дэмбэрэлийн хувьд төсвийн алдагдал энэ хэмжээнээс давна. Төсвийн шинэчлэл харагдахгүй байгааг тайлбарлалаа.
“ӨРХИЙН АМЬЖИРГАА СҮҮЛИЙН 7 САРД БУУРСАН НЬ ХАМГИЙН МУУ МЭДЭЭ”
-Ирэх оны төсөв, мөнгөний бодлогын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Тухайлбал, Засгийн газраас төсвийн зардлыг түүхэн байгаагүйгээр өсгөж, 27.4 их наяд төгрөгт хүргэжээ. Ирэх 2024 онд УИХ, орон нутгийн ээлжит сонгуультай. Төсвийн зардлыг огцом нэмэгдүүлэх нь эдийн засгийн нөхцөл байдалдаа хэр зохимжтой юм бол?
-Шинэчлэлийн шинжтэй зүйл харагдахгүй байгаа. УИХ-аас жил бүрийн намар ирэх оны төсөв, мөнгөний бодлогыг батлан гаргадаг. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. 2024 оны төсөв олон жилийн алдаа дутагдлаа давтаж байна. Сонгуулийн өмнөх жил болон сонгуулийн жил төсвийн зардал өсдөг. 2000 оноос хойш төсвийн орлого, зардлын зөрүү алдагдлыг харж байхад, сонгууль дагасан төсвийн бодлого явж ирсэн. Монгол Улсын сонгуулийн тойргийн хуваарилалт буюу мажоритар тогтолцоо эдийн засагт ингэж нөлөөлдөг.
УИХ-ын гишүүд 2023, 2024 онд төсвийн зардлыг тойргууддаа хуваарилуулж, ажил хийсэн болж харагдахыг оролдоно. Хэвшмэл болчихсон ойлголт. Иймэрхүү сонгуулийн цикль оршил сөрсөн биш дагасан төсвийн бодлого яваад байгаа.
Төсвийн зардлыг дагаад алдагдал өсөж байгаа нь төсвийн давамгай байдлын ойлголт. Цаана нь Засгийн газрын өр нэмэгдэж байгаа. Төсвийн алдагдлыг хаадаг эх үүсвэрүүд нь мөгнө хэвлэх, өр зээл тавих байдаг. Засгийн газрын өр ирэх онд өснө гэсэн үг. Нөгөө талаар өнгөрсөн жилүүдэд төсвийн алдагдал нэмэгдэх тусам мөнгөний бодлогын хараат бус байдал алдагдаж ирсэн. Мөнгө бодлогын бие даасан байдалд нөлөөлдөг. Төсвийн давамгай байдал гэж үүнийг хэлдэг.
-Тэгэхээр ирэх онд төсөв их хэмжээгээр тэлсэн тохиолдолд Монголбанк мөнгөний бие даасан бодлогоо хэрэгжүүлэх боломж хумигдана гэсэн үг үү?
-Мөнгөний бодлого хариуцсан төрийн байгууллагууд бодлогоо хэрэгжүүлэхээс илүүтэй төсвийн алдагдлыг санхүүлэхэд анхаарч эхэлдэг. Засгийн газрын гадаад өр өснө. Эдийн засагт мөнгө нийлүүлэх шаардлага тулгарна. Мөнгөний бодлогын хувьд инфляц 10 хувьтай байна. Хүнсний инфляц 16 хувьтай байгаа. Монголд хүнсний инфляцид хөтлөгдсөн үнийн өсөлт яваад байна. Хүнсний инфляци өнгөрсөн жилүүдэд тогтвортой буураагүй. 2022 оны бүх сар, 2023 оны эхний найман сарын байдлаар инфляци 2 оронтой тооноос буусангүй. Инфляци ийм өндөртэй улсад төсвийг алдагдалтай баталж, мөнгөний бодлогын бие даасан байдалд сөргөөр нөлөөлдөг байдал олон жил явж ирлээ. Төсвийн алдагдлыг зөвхөн 2.1 их наяд төгрөгөөр хэмжих боломжгүй. Алдалдал бол орлого, зарлагын зөрүү. Дээр нь Засгийн газрын 2023 оны байдлаарх болон 2024 онд нэмж авахаар төлөвлөж байгаа гадаад өрийн төгрөгөөр илэрхийлэгдэх өөрчлөлт нэмэгдэнэ. Үүнийг олон улсын жишигт “төсвийн арга мэх” гэж нэрлэдэг. Төсөв дээр шинэчлэл хийсэн гэдэг зүйл харагдахгүй байгаа. Хэвшмэл байдлаар сонгуулийн цикльд тааруулан алдагдалтай баталдаг явдал арилаагүй байна.
-Таны ярианаас төсөөлөхөд 2024 онд үнийн өсөлт саарах дүр зураг харагдахгүй байна даа. Иргэдийн хувьд инфляцийн өсөлт гэдэг зүйл гол зовлон нь болчихоод байгаа?
-2023 онд хүлээгдэж байгаа инфляци 9.3 хувь. Зорилт маань 6 +/-2 хувь байгаа. Төв банкны зүгээс энэ зорилтоо 2024 онд ч дэвшүүлсэн. Ирэх онд инфляцийг 8 хувь орчимд тогтворжуулна гэж үзэж байгаа. Учир нь төв банк учир зүггүй үнийн өсөлт 12 хувьтай гарна гэж хэлж болохгүй. Зах зээлийн хүлээлтийг удирдаж зорилтоо дэвшүүлдэг. Хэрэв 12 хувь гэж зарлавал, зах зээл дээр сөрөг хүлээлт бий болно. Инфляцийн хүлээлтийг удирдана гэдэг бол төв банк өөрийнхөө хүсэж буй тооцоо судалгаан дээр хийсэн төсөөллөө олон нийтэд итгүүлэн үнэмшүүлэх замаар үнийн өсөлтийг аядуу болгохыг хэлж байгаа юм. Төв банкны ерөнхийлөгч олон нийтийн өмнө гарч ирээд, үнийн өсөлтийг дийлэхгүй нь гэж хэлж болохгүй биз дээ. Зах зээл, тэр дундаа инфляци хүлээлтээс өндөр шалтгаалдаг зүйл. Үнийн өсөлт өрхийн түвшин дээр олон ялгаатай үйлчилж байгаа. Инфляци өндөр байх нь ялангуяа бага орлоготой өрхөд маш хүнд тусдаг. Өрхийнх нь зардалд хүнсний хэрэглээ өндөр дүн эзэлдэг, бага орлоготой өрхүүдэд инфляцийн дарамт хүчтэй нөлөөлдөг. Өрхийн орлого, зарлагыг аваад үзэхэд, сүүлийн 7 улиралд Монголын өрхүүдийн худалдан авах чадвар муудсан. Сөрөг гарсан. Энэ бол маш муу мэдээ. Ядуурал олигтой буурахгүй байна. Зөв хөгжиж байгаа нийгэмд бага орлоготой нь дундаж давхарга руу тэмүүлдэг. Дундаж нь дээшээ дэмүүлэх үйл явц өрнөж байх ёстой. Гэтэл Монголд амьжиргаа түвшин хавханд орсон буюу гацчихсан байгаа. Тэгэхээр төсөв, мөнгө гэсэн төрийн бодлогын хамгийн гол зүйл нь өсөлтийн үр шимийг компаниудын хаалгаар оруулдаг байх ёстой. Монголын эдийн засаг нөгөө яриад байдаг хүртээмжтэй, тогтвортой өсөлтийн голдирол руугаа ороогүй байна.
“ӨРХҮҮДИЙГ ХӨРӨНГӨЖҮҮЛЭХ БОДЛОГЫГ ТЭРГҮҮН ЗЭРЭГТ ТАВИХ ЁСТОЙ”
-Тэгвэл таныхаар эдийн засгийн өсөлтийг хэрхэн өрхийн бүрийн үүдээр оруулах ёстой вэ. Арга зам нь юу юм?
-Миний хэлэх дуртай үг “Өөдлөх улс өрхөөсөө”. Монгол Улсад 970-аад мянган өрх байна. Тэдгээр өрхийн 50-иас илүү хувь нь өр зээлтэй. Зээлээрээ өрхийнхөө орлогын дутагдсан хэсгийг нөхөж амьдардаг. Монголд орлогын ялгаа тийм ч их хүчтэй байхгүй. Миний харж буйгаар өрхийн амьжиргаа гацчихсан. Үүнийг Засгийн газрын зүгээс зөвхөн цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх төдийхнөөр аргалах бус өрхүүдийг хөрөнгөжүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” гэж зарлаад явж байна. Хүнсний компаниудад 1.7 их наяд төгрөгийг хөнгөлөлттэй олгоно гэж байна. Гэтэл өрхүүд ч ногоогоо тарих сонирхолтой болсон. Харин газар нь байна уу гэдэг асуудал. Өнөөдрийн байдлаар 3.4 сая хүнээс 615 мянга нь 0.07 га газраа өмчилсөн байна. Газар нь олдохгүй болсон. Энэ Ерөнхий сайд яагаад газрын харилцааг дэргэдээ авсан гэхээр газартай холбоотой авлига үүсчихсэн байна. Монгол Улсын хамгийн том баялаг бол газар. Бид нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Үүний өчүүхэн хэсэг нь иргэдэд ногдож байна. Газрын доорх баялаг ч өрхүүдтэйгээ холбогдоогүй. Эдийн засгийн гол хөгжлийн асуудал энэ чиглэлд байх ёстой. Өрхүүдийг яаж газар болон түүний хэвлий дэх баялагтай холбох вэ гэдэг асуудал тулгамдаад байна. Хөгжилтэй орнуудын иргэд хувьцаа, бонд гэх мэтээр хөрөнгөжсөн. Манайд бол өрхүүд хашаа байшингаас хэтрэхгүй байна. Тэгэхээр аль ч нам, засгийн үед өрхүүдийг хөрөнгөжүүлэх бодлогыг тэргүүн зэрэгт тавих ёстой.
-Энэ оны төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийн төсөлд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийн амьжиргааг дэмжиж байна гэдэг тайлбар туссан байна лээ?
-Монгол Улсад цалин нэмэгдлийг дагаад үнэ өсдөг. Үнэ өсөхөөр цалин нэмдэг чөтгөрийн тойрогт орчихсон. Цалин ба үнэ гэдэг хамаарал үүсдэг. Хэдэн сарын өмнө цалин, тэтгэвэр, тэтгэмжийг огцом нэмсэн. Ер нь манайд нэг муу жишиг тогтоод байна. Сүхбаатарын талбай дээр очиж цалингаа нэмүүлдэг. Уг нь Сүхбаатарын талбай дээр суулт хийж, цалингаа нэмүүлэх ёсгүй. Хөдөлмөрлөснийхөө хэрээр, бүтээмжээ нэмэгдүүлсний хэрээр цалин өсөх нь зах зээлийн хууль. Бүтээмжийн өсөлтийг дагаж цалин нэмэгдэж байх ёстой. Сүхбаатарын талбай дээр суусан хүн болгоны цалинг нэмээд байвал, хүн бүр сууна. Цаашдаа зөвхөн орлого, зарлагад анхаарах бус өрхүүдийг яаж хөрөнгөжүүлэх вэ гэдэг асуултын хариултад төвлөрөх ёстой. Монгол Улс газраар баян. Газрын доороо их баялагтай. Газрын доорх баялгийн үр шимийг өрхүүддээ хүртээх бодлого хэрэгжүүлээгүй. Монголын эдийн засгийн хөгжлийн гарц энэ тэр гэж хайгаад байх шаардлага байхгүй.
-Та “Баялагтаа эзэн монгол” гэдэг амлалтыг яриад байна уу?
-Тэр амлалтыг Үндсэн хуульд заагаад өгчихсөн. Монгол Улсын газар, түүний хэвлий доорх бүх баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Мөн стратегийн ач холбогдолтой ордуудын үр шимийн дийлэнхийг ард түмэн хүртэнэ гэдэг заалт бий. Энэ газрын баялгийг Үндэсний баялгийн сангаар дамжуулан ард иргэдэд тэгш шударгаар хуваарилна гэж Үндсэн хуульдаа тусгасан. Өөрөөр хэлбэл, монголчууд баялагтаа эзэн байхыг Үндсэн хуульдаа тунхаглаад өгчихсөн. Гагцхүү үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Үндэсний баялгийн сан гэж яриад л байгаа. Тэгвэл Үндэсний баялгийн сангийн гол бүрэлдэхүүн өрхийн баялгийн сан байж болно. Тэр сангаар өрхүүдийг газар, түүний хэвлий дэх баялагтай холбох ажлыг хийж чадвал иргэд хөрөнгөтэй болно. Монгол Улс нийт газар нутгийнхаа 0.2 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Юу гэсэн үг үү, хөгжихгүй шүү дээ.
-Өөрсдийгөө зүүний чиглэлийн нам гэж тодорхойлдог эрх баригчид уул уурхайн баялгаас олсон орлогыг төсөвт төвлөрүүлж, нийгэмд хуримтлагдсан асуудлуудыг шийдэж байгаа гэж ярьдаг. Жишээ нь, ирэх онд 60 сая тонн нүүрс экспортод гаргаж, төсөв бүрдүүлэх зорилт дэвшүүлсэн байна. Энэ нь Монголын эдийн засагт маш том доргио үүсгэдэг уул уурхайн цикльтэй хэр уялдаж байгаа бол. Таны хувьд уул уурхайн циклийг ямар үедээ явж байна гэж дүгнэх вэ?
-Ерөнхийдөө уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уналтын цикльдээ явж байна. Энгийн статистик харахад, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өмнөх 4 жилээс доошоо унасан. Зэс, нүүрсний ханш бууж байгаа. Уул уурхайн түүхий эдийн үнэ өндөр байсан 2019 оноос хойш доошлох цикльдээ орсон. Үнэ өссөн үед уриа хашхирдаг. Буурсан үед нь халагладаг төрийн бодлого байж болохгүй. Үүнээс хамгаалахын тулд уул уурхайн бус экспортоо хөгжүүлэх асуудал бий. Хөөрхий Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” гэж зарлаад явж байна. Хүнсний аюулгүй байдлаа хамгаална гэх уриа дэвшүүлээд байгаа. Нөгөө талаас Засгийн газар нь “Шинэ сэргэлт” гэж байна. Гэвч эцсийн дүндээ энэ олон бодлого өрхүүддээ, эдийн засгийнхаа хөрсөн дээр хэрхэн бууж байна гэдэг асуудал. Тиймээс иргэд статистикийн мэдээлэлд үнэмшдэггүй. Үнийн өсөлтийн мэдээллийг сонсоод уурладаг. Юун 10-хан хувийн өсөлт, манай гэрийн хүнсний зардал 30-40 хувиар өссөн байна гэдэг.
-Зөвхөн гурилын үнэ л гэхэд 50 гаруй хувийн өсөлт үзүүлсэн шүү дээ?
-За гурил, мах хоёрыг аваад үзье. Татаасаар амьдарч байгаа салбарууд шүү дээ. Х.Болорчулуун гэдэг сайд гурилын үнийг өсгөсөн. Ашиг сонирхлын зөрчилтэй, өөрөө гурилын үйлдвэртэй. Махны үнэ өсөхгүй байх тохиолдол дээр өссөн. Махны экспорт дээр хэмжээ дамжаа заасан. Үүнийгээ болих хэрэгтэй. Дээр нь нөөцийн мах гэдэг турсага байна. Уг нь өрхүүдийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлж, өөрсдөд нь сонголт үлдээх хэрэгтэй. Бүгд хамгийн муу турсага идэх албагүй. Монголын эдийн засгийн хамгийн шударга бус зүйл нь нийгмийн нэг хэсэг бүхэлдээ татвар төлдөггүй. Төрөөс асар их хүртдэг мөртлөө татвар төлмөр аяддаг малчин гэж байгаа. Саяхнаас тэдний 1 литр сүүнд төрөөс 1000 төгрөгийн дэмжлэг өгдөг боллоо. Өмнө нь ноос ноолуур, ямаанд хүртэл татаас өгөх шийдвэр гаргаж байлаа. Монголд дэлхий дээр байхгүй, хамгийн сонин татварын систем үйлчилж байна. Тэгэхээр нийгмийн нэг хэсэг нь төрийн хайр ивээлд амьдрах бус бусадтайгаа ижил хөдөлмөрлөж татвараа төлдөг байх ёстой. Энэ бүхэн эдийн засагт гажиг үүсгэдэг. Хүмүүсийг нийгмийн шударга ёс хайхад хүргэдэг. Цаашдаа татаасын системээ бүр мөсөн халах хэрэгтэй. “Хүнсний хувьсгал” гээд 1.7 их наяд төгрөг хэдэн компанид өгч байна. Эцсийн дүндээ хүнсний аюулгүй байдал гэж яг юу юм.
-Харин таны бодлоор юу вэ?
-Хүнсний аюулгүй байдал гэж та бидний аюулгүй, эрүүл, шим тэжээлтэй хүнс хэрэглэх эдийн засгийн боломжийг хэлж байгаа юм. Хэрэв улс оронд хүнсний инфляц өндөр байсаар байвал, иргэдийн худалдан авах чадвараар дамжин хүнсний аюулгүй байдал алдагдаж байна гэсэн үг. Энэ талаас нь бодож, хүнсний салбараа том зургаар нь хараасай. Зөвхөн хүнсний үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих бус импортыг үзэн яддаг үзлээ ч хаях хэрэгтэй. Импорт муу гэдэг. Экспорт гоё гэдэг. Гэтэл аль аль нь эдийн засагт хэрэгтэй. Бид импортоор хүнсний аюулгүй байдлаа хангаж, маш олон хүнснээс сонголтоороо хэрэглэж байна. Учир зүггүй импортын тарифыг нэмэгдүүлээд, 22 төрлийн хүнсний бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлнэ гэдэг буруу. Импортын барааны үнийг дотоодынхтой харьцуулахад, импортын үнэ бага байна. Импортыг барааны эргэлтийг хурдасгасан тохиолдолд чөлөөт өрсөлдөөн буюу чөлөөт үнэ тогтоно. Хил гааль дээр саатал үүсээд байвал, бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Дэлхий дээр дотоодын үйлдвэрлэл болон импортын хэрэгцээ хоёроор л хүнсний аюулгүй байдлаа хангадаг. Сүүлд Засгийн газраас уул уурхайн бус экспортыг дэмжих 30 жилд байгаагүй сайн тогтоол гарсан. Гэхдээ хэрэгжүүлэх эзэнгүй болчихсон. Тогтоол гараад 4, 5 сар болж байхад, хэрэгжүүлэх эзэнгүй байна. Шинээр байгуулсан Эдийн засгийн хөгжлийн яам нь экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааг дэмжих чадавхи байхгүй. Хүний нөөцийн чадавхи бүрдээгүй байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь энэ талаар ямар ч туршлага байхгүй. Зөвхөн гаднын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч болчихсон. Тэд чадавхитай байж уул уурхай 93 хувь, уул уурхайн бус 7 хувь гэсэн эдийн засгийн харьцаа буурна. Энэ харьцааг бууруулах бодлого төсөв дээр суух ёстой.
-УИХ дахь Ардчилсан намын бүлгээс төсвийн хуримтлагдсан алдагдал өнгөрсөн 3 жилд 10 их наяд давсан гэдэг тооцоо танилцуулж байсан. Энэ хэр бодитой тооцоо вэ?
-Бодитой байлгүй яах вэ. Жил бүрийн төсвийн алдагдлыг нэмээд байна гэсэн үг. Гэхдээ Монголын хүн бүр 20, 30 сая төгрөгийн өртэй гэдэг утгагүй зүйл. Энэ бол сонгуулийн дөхөхөөр гарч ирдэг уриа. Ард түмнийг айлгах мангас гэж тайлбарладаг. Монгол Улсын нийт гадаад өр 33.8 тэрбум ам.доллар гэдэг дотроо Засгийн газрын өр, Монголбанкны өр, хувийн хэвшлийн гэж ангилж байгаа. Энэ бүгдийг иргэнийхээ тоонд хуваана гэдэг утгагүй зүйл. Хэрэв үнэхээр хуваах гээд байгаа бол Засгийн газрынхаа өрийг иргэнийхээ тоонд хуваа. Утгагүй л дээ. Засгийн газрын өрийн хэмжээг Монголын нийт экспорт, татварын хэмжээтэй харьцуулах хэрэгтэй. Засгийн газар татварын мөнгөөр өрөө төлнө. Олон улсын валютын сангийн ангиллаар бол Монгол Улс өрийн дарамтад байгаа нь үнэн. Дарамтад байгаа гэдэг нь удирдах боломжгүй болсон гэдэг үг биш шүү.
“УУЛ УУРХАЙД ТӨРИЙН ӨМЧ ДАВАМГАЙЛЖ БАЙГАА ЦАГТ ЭНЭ УЛС АВЛИГАЛААС САЛАХГҮЙ”
-Монголбанкны мөнгөний бодлого дээр олон жил ярьсан гадаадын банк оруулж ирэх асуудал орсон. Засгийн газар ч энэ асуудлыг дэмжинэ гэдэг байр сууриа илэрхийлсэн. Эдийн засгийн хөгжлийн Ч.Хүрэлбаатар гадаадын банк орж ирээд л зээлийн хүү буурчих юм тайлбарласан?
-Тэр худлаа. Банк орж ирээд хүү буурсан туршлага дэлхийд байхгүй. Тэртээ тэргүй, Монголын банкны салбарт гаднын хөрөнгө оруулагчид ажиллаж байгаа. Гол том банкууд гаднын хөрөнгө оруулагчидтай. Урьд нь шалгуур том шалгууртай байсан. Одоо бол шалгуураа чөлөөтэй болгосон. Гаднын хөрөнгө оруулагчид чөлөөтэй ажиллах орчин үүсчихсэн. Гэтэл манай эдийн засгийн чадавхи ямар билээ. Хэр зэрэг том билээ. Гаднын томоохон банкууд уул уурхайн цикль дээшилсэн үед Монголд орж ирдэг. Уул уурхайн тэсрэлт болж байсан үед орж ирээд, орхиод гарсан. Эдийн засгийн ерөнхий байдлаа харж байгаа юм. Хүмүүс ярихгүй байгаа 2024 оны мөнгөний бодлогын нэг онцлог нь Монголбанк анх удаа инфляцийг онилно гэдгээ албан ёсоор тусгасан. Төв банкны одоогийн мөнгөний бодлогын зорилт 20-иод жилийн өмнө хоцрогдсон. Улс орнуудын төв банкууд инфляцийг биш мөнгөний нийлүүлэлтийг онилдог байсан үеийн зорилт юм. Монголбанкны үндсэн зорилт үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэдэг хуучирсан заалт байгаа. Өнөөдөр дэлхийн төв банкууд инфляци буюу үнийн тогтвортой байдлыг онилсон бодлого явуулж байна. Монголбанк хэдэн жилийн өмнө үнийн тогтвортой байдлыг онилох бодлогоо УИХ-д оруулсан. Тэр бодлогыг Т.Аюурсайхан толгойлж, УИХ-ын 43 гишүүн унагасан. УИХ энэ удаад шинэлэг бодлогыг дэмжин батлах байх гэж бодож байна. УИХ-ын гишүүдийн ч мэдлэг боловсрол дээшилсэн байх.
-Үнийн өсөлт гэхээр валютын ханш гэдэг зүйл санаа зовоодог?
-Төв банкны хуульд валютын ханш зах зээлийн жамаар тогтоно гэж заачихсан. Монголбанк валютын нөөцөө хэт өндөр хэлбэлзэл гарсан үед л зарцуулна. Ер нь ханш ямар үед хөдөлдөг гэж бодож байна. Төрийн хэн нэгэн өндөр албан тушаалтан, ялангуяа Монголбанк валютын ханшийг буулга гэж тушаавал өсдөг. Тухайлбал, 2016 оны наймдугаар сард болсон туршлага байна. Ханшийг мөн л хүлээлт гэдэг зүйлээр удирддаг. Зах зээлийн сэтгэл зүй ханшийн шинэ босго руу шилжих хугацаа урт байх тусам ханш тогтвортой байдаг. Дээр нь Монголбанк валютын хадгаламжийг ашиггүй болгочихсон. Тиймээс Монголбанк инфляцийг онилно гэдэг маш чухал зорилт. Гэхдээ үнийн өсөлт гээд Монголбанк махны үнийг хянах ямар ч боломжгүй шүү дээ. Засгийн газрын хувьд зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, чөлөөт өрсөлдөөнд оруулах ёстой. Махны нийлүүлэлтийн гинжин хэлхээг бий болгох ёстой. Хэдийгээр Засгийн газар боомтын бүтээн байгуулалт, зам тээвэр гэх мэт хатуу дэд бүтцийг сайжруулахаар оролдож байгаа ч зөөлөн дэд бүтэц зах зээл дээр хамгийн их гай болж байгаа. Зөөлөн дэд бүтэц гэдэг нь зах зээлийн эрх чөлөө. Монгол Улс энэ онд эдийн засгийн эрх чөлөөний индексээр олон байр ухарлаа. Эдийн засгийн эрх чөлөөг авлигал боомилдог. Авлига эдийн засагт хэт өндөр оролцоотой төрд цэцэглэдэг. Эдийн засгийн гол өндөрлөгүүдэд төрийн өмчит компани ажиллуулаад байвал, тэнд авлига байсаар л байна. Жишээ нь, “Эрдэнэт үйлдвэр” өнөөдрийг хүртэл хаалттай байгаа, “Эрдэнэс тавантолгой” нээлттэй болгоход, хэчнээн бузар булай ил болов. Ардаас нь нүүрсний сонсгол болох гэж байна. Тэгэхээр “Эрдэнэт үйлдвэр”-ийг яагаад нээлттэй болгохгүй байгаа шалтгаан ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, уул уурхай гэдэг гол салбарт төрийн өмч давамгайлсан загвар байгаа цагт энэ улс авлигалаас салахгүй. Уул уурхайн компанийг төрийн өмчид 100 хувь авлаа гэж бахархаж ярих зүйл биш. Нээлттэй болж чадахгүй бол худлаа шүү. Бид хуучин өөрсдийгөө Казахстантай харьцуулдаг байсан. Өнөөдөр Казахстан тэс өөр болсон. Одоо Монгол Улс Оростой л адилхан болж үлдсэн. Путины эдийн засагтай ижилхэн болж байна. Эртхэн үүнийг засварлаж, эдийн засаг дахь төрийн менежментийг өөрчлөхгүй бол болохгүй. 2023, 2024 оны төсвийн зорилт дээр энэ өөрчлөлтийг тусгах ёстой. Ийм шинэчлэл байхгүй биз. Уг нь энэ асуудлыг АН, ХҮН намынхан ярих ёстой. Даанч ярихгүй юм.