БНТУ-ын Хууль зүйн дэд сайд, Дээд шүүхийн шүүгч тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

0

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын Хууль зүйн дэд сайд Хасан Илмаз, Дээд шүүхийн шүүгч Хулуси Пур, Хууль зүйн академийн ерөнхийлөгч Мухиттин Өздемир тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа.

БНТУ-ын Хууль зүйн дэд сайд Хасан Илмаз уулзалтын эхэнд манай улсад айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 54 жилийн ойн хүрээнд хуулийн болон шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагааг товч дүгнэв. Хоёр улсын хооронд Иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ хэрэгжиж байгаагаас гадна шүүх эрх мэдлийн байгууллага туршлага солилцох, сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх саналтай байгаагаа тэрбээр илэрхийлээд Улсын дээд шүүх, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн төлөөлөгчдийг БНТУ-д урив. Түүнчлэн хоёр улсын шүүхийн үйл ажиллагааны талаар туршлага солилцох, шүүгчдийн сургалтад хамтран ажиллах саналтай байгаагаа онцоллоо.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр хариу талархал илэрхийлээд шүүхийн шинэтгэлийн үйл явцыг товч танилцуулсан юм. Мөн шүүгчдийн сургалтыг үргэлжлүүлэх, харилцан туршлага солилцох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.  

БНТУ-ын Хууль зүйн академийн ерөнхийлөгч Мухиттин Өздемир шүүгч, прокурорын сургалтыг танхимаар болон цахимаар зохион байгуулдаг талаар дэлгэрэнгүй танилцуулаад Монгол Улсын шүүхийн шүүгчдийн сургалтыг БНТУ-ын Хууль зүйн академид зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийн төслийг Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд хүргүүлснээ тодотгов. Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг хамтран ажиллах санамж бичгийн төслийг холбогдох байгууллагад танилцуулж буйгаа дурдаад шүүгчийн сургалтын хөтөлбөрийг Сургалтын хөтөлбөрийн хороо баталсны үндсэн дээр танхимаар болон цахимаар зохион байгуулдаг талаар танилцууллаа. Мөн БНТУ-ын Хууль зүйн академитай хамтран ажиллах бүрэн боломжтой гэв.  

БНТУ-ын Дээд шүүхийн шүүгч Хулуси Пур шүүхийн бүтэц зохион байгуулалт, тэр дундаа Дээд шүүхийн бүтэц, шүүгчид тавигдах шаардлагын талаар танилцуулаад хоёр улсын дээд шүүхийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтад Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Гадаад харилцааны албаны дарга Д.Тулга, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газрын дарга Н.Ганбаатар болон БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш,  тус улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн гишүүн Омер Фарук Илдимир, Хууль зүйн яамны Хэргийн бүртгэл, статистик хариуцсан дарга Гуная Албаярак, Хууль зүйн академийн Гадаад Харилцааны газрын дарга Хасан Кадир Илмазтэкин, Академийн шүүгч Бану Фатма Гунарслан нар оролцсон юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *