Сошиал сүлжээнд 99-35 УБК улсын дугаартай “Приус-50” загварын автомашины жолоочийн тухай зураг, бичлэг цацагдсан. Иргэн Х нь цахим сүлжээнд тус машины зургийг байршуулж, “Түгжрэл дунд урдаа нэг эмэгтэй суулгачихаад, үнсэлцээд явахгүй юм. Хар өглөө ямар завтай юм бэ” хэмээн бичсэн байдаг. Харин тус мэдээллийн сэтгэгдэл хэсэгт Э гэх эмэгтэй “Энэ машин хаана явна вэ. Батболд оо, чамайг ална даа. Гэртээ ирж хоноогүй байж” гэх утга бүхий сэтгэгдэл үлдээсэн байдаг. Үүнээс хойш тус машины байршил, зураг цахим сүлжээнд цаг тутамд нийтлэгдэж, иргэд “Батболд амьд байна шүү”, “Батболд оо, гэртээ харь л даа” гэх мэтээр хошигносон, санаа тавьсан постууд үргэлжлэх болсон билээ.
Тэгвэл бид 99-35 УБК улсын дугаартай “Приус-50” загварын автомашины эзэнтэй холбогдож, дээрх мэдээлэл үнэн эсэх талаар тодрууллаа. Тэрбээр “Энэ машин миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Миний 20 нас дөнгөж гарч байгаа хүү унадаг юм. Цахим сүлжээнд ийм худал мэдээлэл цацагдсанаас болж бид хэцүү байдалд ороод байна. Миний хүү эхнэргүй, найз охингүй, хүнтэй ч үнсэлцэж үзээгүй байх. Гэтэл хүүгийн минь машины зургийг цахим сүлжээнд оруулаад, худал мэдээлэл бичээд тараачихсан байна лээ. Үүнээс нь болоод бид замын хөдөлгөөнд тайван ч оролцож чадахгүй болоод байна. Бараг хажуугаар зөрж байгаа хүн болгон зургийг нь авч, цахим сүлжээнд байршуулаад байна. Сүүлдээ цагдаа зогсоогоод, шалгаагаад явуулахгүй байна гэсэн шүү дээ. Арга ядаад бид цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж байна. Энэ худал мэдээллээс нь болоод миний даралт ихсэж, эмнэлэгт хүртэл очоод ирлээ. Таних, танихгүй хүмүүс над руу утсаар залгаж, “Яагаад үнсэлцээд байгаа юм. Хэнтэй яваад байгаа юм” гэж шоглож, доромжилж байна. Ямар санаатайгаар миний хүүгийн машины зургийг цахим сүлжээнд байршуулж, худал мэдээлэл тараасныг мэдэхгүй. Биднийг үнэндээ хорлож байна шүү дээ” гэлээ.
About Author