Замын-Үүд-Налайх хүртэл 4 эгнээ замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барина

0

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос өнөөдөр /2023.10.09/ цаг үеийн тодруулга авлаа.


Тэрбээр “Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх, татах бодлого эерэгээр өөрчлөгдсөн байна. Хөрөнгө оруулагчид эрсдэлгүй, харилцан ашигтай хамтран ажиллаж болох юм байна гэдэг дохиог эхнээсээ авч байна. Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг өмнөх хуулиудтай харьцуулахад хөрөнгө оруулагчдыг хамгаалах, эрсдэлгүй байх чиглэлд анхаарсан. Цар тахлаас хойш уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 47 сая тонн нүүрс экспортлоод буй. Өнгөрсөн онд 30 гаруй сая тонн нүүрс экспортолсон. Энэ онд 50 сая тонн нүүрс экспортлох гэж байна. Энэ бол түүхэн үзүүлэлт.

Ингэснээр ард иргэдийн амьдралд үр өгөөжөө өгч, валютын нөөц, төсвийн орлого гэх мэт аль аль талдаа харилцан ашигтай байх ёстой. Энэ салбарт шинэ сэргэлт бий болох гэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт тээврийн 90 хувийг авто тээврээр тээвэрлэж байна.

Бараг 50 орчим сая тонн нүүрсийг машинаар тээвэрлэж байгаа. Төмөр замаар тээвэрлэх шаардлагатай байна. Гашуунсухайт, Ганцмодны боомтыг хил холболтын төмөр замаар холбовол зөвхөн энэ замаар 50 сая тонн нүүрсийг тээвэрлэх боломжтой болно. Бид 1955 оноос хойш 70-аад жил Хятад улстай Замын-Үүд-Эрээн гэсэн төмөр замаар холбогдож байсан. Одоо бид Гашуунсухайт-Ганцмод, Хангимандал, Шивээхүрэн, Сэхээ, Бичигт, Зүүнхатавч зэрэг дөрвөн боомтоор холбогдох боломжтой болж байгаа. Хоёр төмөр зам буюу Гашуунсухайт-Ганцмод, Хангимандалын төмөр зам хил дээр очсон байна. Шивээхүрэн, Сэхээ боомтын төмөр замын нарийн царигийн хил холболтын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох гэж байна. Ганцхан төмөр зам дээр 50 сая тонн нүүрс, ачаа бараа тээвэрлэх боломжтой болох гэж байгаа. Энэ маань тав болбол илүү тээвэрлэлт хийх боломжтой болно. Төмөр замын бүтээн байгуулалтыг хурдан хугацаанд хийх ажилд анхаарч байна. ОХУ-Хятадыг холбосон Алтанбулаг-Улаанбаатар гэсэн төмөр замтай 70 жил байсан. Одоо зүүн талдаа Эрээнцав-Чойбалсан, Хөөт-Бичигт гээд ОХУ, Хятадыг холбосон төмөр замтай болох ажлыг эхлүүлэх гэж байна.

Баруун талдаа Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн гэсэн 1255 км босоо төмөр замыг эхлүүлэх гэж байна.

Бид Ази, Европыг холбосон нэг төмөр замтай байсан бол гурав болох гэж байна. ОХУ, Хятадыг холбосон таван төмөр замтай болно. Энэ бүтээн байгуулалт салбарын хөгжилд том ахиц гаргана. Энэ онд Дэлхийн банкнаас гаргасан тээвэр ложестикийн индексээр Монгол Улс 130 байрнаас 97 байранд орж урагшилсан. Энэ бол ахиц. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан 21 аймгаар явж, ажилласан. Иргэдийн дийлэнх нь зам тавьж, эвдэрсэн замыг засч өгөх санал хүсэлтийг тавьж байсан. Олон зам тавихаар хөрөнгө оруулалтыг хийнэ. Бидний бариад байгаа төмөр замын заримыг оффтек гэрээгээр, нөгөө хэсгийг хувийн хэвшил барьсан.

Хангимандалын 230 км төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьсан бол одоо барьж байгаа Нарийнсухайт, Шивээхүрэн, Сэхээ чиглэлийн төмөр замыг төр, хувийн хэвшлээр барьж байгаа.

Мөн зүүн, баруун босоо төмөр замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Дархан замтай адилхан замыг Замын-Үүдээс Налайх хүртэл дөрвөн эгнээ, хоёр урсгалтай болох замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барихаар тендер зарлах гэж байна. Бас Дархан-Уул-Алтанбулаг хүртэлх 112 км замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих гэж байна. Эдийн засгийн ач холбогдолтой тусгай зориулалтын замыг аль болох төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих бодлогыг барьж ажиллана.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *