Эдийн засаг сэргэж, гадаад худалдааны бараа эргэлт I-IX сард 2022 оны түвшнийг давлаа

0

Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний есөн сард 46.8 сая тонн болж, дээд түвшинд хүрээд байна

Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын экспорт өндөр байж, гадаад худалдааны тэнцлийн ашиг 4.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Харин нийт бараа эргэлт 18 тэрбум ам.доллар болж, 2022 оны түвшнийг даваад байна. Нийт бараа эргэлт 2022 оны эхний есөн сард 15.2 тэрбум ам.доллар болж улмаар бүтэн жилийн дүн нь 21.2 тэрбум ам.доллар хүрч байв. 

Харин бусад онтой харьцуулахад эхний есөн сарын бараа эргэлтийн хэмжээ 2021 он хүртэлх онуудын бүтэн жилийн бараа эргэлтийн нийт хэмжээг аль хэдийн даваад буй.

Монгол Улс оны эхний есөн сард 46.8 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ онд 52 сая тонн буюу түүхэн дээд хэмжээний нүүрс экспортлох төлөвтэй гэсэн тооцооллыг Сангийн яам танилцуулаад байгаа юм. Ингэснээр энэ оны үлдсэн гурван сарын хугацаанд 5.2 сая тонн нүүрс экспортолсноор энэ төсөөлөлдөө хүрэх боломжтой нь харагдаж байна. Харин 2024 онд нүүрсний экспортын биет хэмжээг 60 сая тонн хүргэхээр ирэх оны төсөвт тусгажээ.

Цаашид боомтууд нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа автоматжуулах явц үргэлжилж байгаа нь ирэх онд нүүрсний экспорт нэмэгдэх боломжтойг харуулж байгаа юм. Тухайлбал: сүүлийн байдлаар Шивээхүрэн-Сэхэ боомт ирэх 11 дүгээр сард төмөр замаар холбогдохоор байгааг Зам, тээврийн хөгжлийн яам мэдээлсэн бөгөөд төмөр зам ашиглалтад орсноор Шивээхүрэн боомтын нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэж, жилд 20-25 сая тонн нүүрс гаргах боломжтой гэж тооцоолоод байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *