МАН бүлэг: Монгол Улсын 2024 оны төсөв болон хүүхэд хамгааллын хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр/2023.10.09/ хуралдаж, гурван асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлгийн хуралдааны эхэнд Монгол Улс, Франц улс хооронд ураны салбарт хамтран ажиллах асуудлын талаар хэлэлцэж дэмжлээ.
Хоёрдугаарт, Монгол Улсын 2024 оны Төсвийн төслийг хэлэлцэж, Сангийн сайдын мэдээллийг сонслоо. Уг төслийг хуулийн дагуу дөрвөн үе шаттай хэлэлцэнэ. Төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-нд багтааж батлах ёстой. Энэ удаагийн бүлгийн хуралдаанаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Гуравдугаарт, хүүхэд хамгаалал болон түүний эрхзүйн орчинг боловсронгуй болгохтой холбоотой асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хүүхэд хамгааллын талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн мэдээллийг сонссон. Уг асуудалд УИХ-ын гишүүд, иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс олон санал ирсэн. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодорхой хуулийн төслүүдийг санаачилсан байна. МАН-ын бүлгийн хуралдаанаар энэхүү хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжиж, хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарах нь зүйтэй гэж үзлээ” гэв.
Б.Энхбаяр: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцох өөрчлөлтийг өргөн барина
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Хүүхдийн тухай болон, Гэр бүлийн тухай хуулийг өөрчлөн боловсруулсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайдыг дуудаж, шуурхай үүрэг даалгавар өгсөн. Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгаж, багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих үүрэг өгсөн. Энэ хүрээнд холбогдох хуулийн төслийг урьдчилсан байдлаар УИХ дахь МАН болон АН-ын бүлэгт танилцууллаа.