RFI: Макроны Монголд дахь айлчлалын зорилго нь өдөр ирэх өсөн нэмэгдэж буй ураны хэрэгцээгээ хангах байв
Францын “Radio France Internationale”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Франц улс Баруун Африкийн уранаас ихээхэн хамааралтай. Гэсэн хэдий ч бүс нутгийн нийгэм, улс төрийн эмх замбараагүй байдлын улмаас энэ нийлүүлэлтийн сүлжээ аюулд өртөөд байгаа юм. Францын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Монголд айлчлахдаа “Улс төр, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх” тухай 18 зүйл бүхий хамтарсан тунхагт гарын үсэг зурсан. Тунхаглалыг сайтар үзвэл 12 дугаар зүйлд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Зөөвч-Овоо хамтарсан төсөл”-ийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг намар дуусгах зорилготойгоор “түргэсгэнэ” гэж тэмдэглэжээ. Тодруулбал, Францын Орано групп (хуучнаар Арева) болон Монголын Монатом компанийн хамтран хэрэгжүүлдэг “Бадрах Энержи” компанийн уран олборлох төслийг дурджээ. Францад одоогоор 56 реактор бүхий 18 атомын цахилгаан станц бий. Энэ тоо ойрын жилүүдэд үлэмж нэмэгдэхийн хэрээр ураны хэрэгцээ ч дагаад өснө. Шатахууны ялгаруулалтыг бууруулж, гадаад эрчим хүчнээс хараат байдлаа бууруулах шаардлагад хариу болгож Макрон 2022 оны хоёрдугаар сард Франц улс 28 жилийн хугацаанд дахин 14 цөмийн реактор барихад 51,7 тэрбум евро зарцуулна гэж мэдэгдсэн. Шинэ реактор хэрэгтэй болсныг Орос Украин руу довтолж, түүнээс үүдэн үүссэн эрчим хүчний хангамжийн хямралтай холбон тайлбарлаж байв.
Франц ба уран
Францын Экологийн яамны нийтэлсэн тоо баримтаас харахад эрчим хүчний хэрэглээний 40 хувийг цөмийн эрчим хүч, 28.1 хувийг бензин, 15.8 хувийг байгалийн хий, 12.9 хувийг салхи, усан цахилгаан станц зэрэг өөр эх үүсвэрээс бүрдүүлдэг. “Connaissance des Énergies” порталын мэдээлснээр, одоогийн цөмийн түлшний хэрэгцээгээ хангахын тулд Францад жилд 8000-9000 тонн уран хэрэгтэй байна. ОУАЭА болон ЭЗХАХБ-ын Цөмийн энергийн агентлаг (NEA) хамтран нийтэлсэн 563 хуудас бүхий “Уран 2022 нөөц, үйлдвэрлэл, эрэлт” тайланд дэлхийн ураны үйлдвэрлэлийн гуравны хоёр орчмыг Казахстан (39.4 хувь), Канад (22 хувь) эзэлдэг гэж бичсэн байна. Бусад үйлдвэрлэгчид нь Нигер, Намиби, Орос, Узбекистан, Монгол зэрэг орно. Франц улс өөрийн гэсэн ураны ордгүй учраас импортод түшиглэхээс өөр аргагүй. Дөрөвдүгээр сарын 23-нд Францын “Daily Le Monde” сонинд Нигерийн ураны аварга уурхайд жихадистуудын халдлага болох зэрэг олон аюул заналхийлж байна гэж бичжээ. Үнэн хэрэгтээ ураны ордууд “Францын эрчим хүчний тусгаар тогтнолын стратегийн гол бүрэлдэхүүн хэсэг” болсон гэж тус сонинд тэмдэглэсэн байна. Нигерт 1971 оноос хойш ажиллаж байсан хоёр уурхайгаас Сомайр дахь нэг уурхай л үлджээ. Акута Майнинг компани (Коминак) 2021 оны гуравдугаар сард нөөц дууссаны дараа хаагдсан. Гэхдээ хамгийн том асуудал бол бүс нутгийн тогтворгүй байдал юм. Франц улс хөрш Буркина Фасо, Мали (уранаар хангадаг) хоёрыг орхихоос өөр аргагүйд хүрсэн.
Францын цэргүүд
“Orano Mining” компанийн гүйцэтгэх захирал Николас Мэйсийн хэлснээр Нигер дэлхийн ураны салбарт чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм. Одоогоор Францын цэргүүд Нигерт байсаар байгаа бөгөөд Нигерийн армитай хилийн бүсэд хамтран эргүүл хийж байна. Үүний зэрэгцээ, Имурарен уурхайн ТЭЗҮ хүлээгдэж байгаа”хэвээр байна. Бодит шалтгаан нь хөрөнгө оруулалтын эрсдэлтэй холбоотой байх магадлалтай бөгөөд энэ нь хэтэрхий өндөр зардалтай байж магадгүй юм. Ораногийн 2021 онд нийтэлсэн инфографийн дагуу Франц “шар бялуу”-ны ихэнх хэсгийг Казахстанаас (2,840 тонн) авч байгаа бол Нигерийн Сомайр (1,996 тонн) хоёр дахь томоохон нийлүүлэгч хэвээр байна. Гэсэн хэдий ч бүс нутагт тогтворгүй байдал нэмэгдэж байгаа тул өөр хувилбарууд зайлшгүй шаардлагатай болж байна.
Монголын үүрэг
Франц-Монголын ураны хамтын ажиллагаа шинэ зүйл биш. “Арева Майнз” компани 1997 оноос хойш Дорноговь аймагт хайгуулын ажил хийж байгаа бөгөөд Зөөвч овооны ордыг 54 мянга гаруй тонн ураны нөөцтэй гэж Дэлхийн цөмийн холбооноос мэдэгдсэн.
2015 онд Франц, Монгол хоёр улсын цөмийн хамтын ажиллагаа нэг алхам урагшилж, “Бадрах энержи” хамтарсан компанийг байгуулсан. Макрон холбогдох баримт бичгийн ажлыг хурдасгаж, намар гэхэд бүрэн үйлдвэрлэлээ эхлүүлж, өдөр ирэх тусам “өлсөж буй” Францын цөмийн реакторуудын дарамтыг бууруулна гэж найдаж байна.