Хятад, Солонгосын банкуудыг Монголд салбар нэгжээ байгуулахыг урьжээ
УИХ 2024 оны төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж буй. Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийг өргөн барьсан. Ирэх онд инфляцыг дунд хугацаанд 6 нэмэх, хасах хоёр нэгж хувийн интервалд тогтворжуулах мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх хүрээнд гадаадын банкны бие даасан салбар нэгжийг Монгол Улсад байгуулах, дотоодын банкууд дах гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих асуудлыг онцгойлон авч үзэхээ бодлогын баримт бичигт тусгасан байна.
Энэ хүрээнд Монголбанкныхан гадаадын банкны эрэлд гарчээ. Одоогоор Монгол Улсад төлөөлөгчийн газраа байгуулсан хоёр банк байгаа бөгөөд хоёулаа БНХАУ-ын төрийн өмчит банк юм. Нэг нь Bank of China, нөгөө нь HSBC буюу Хятадын Үйлдвэрлэл, Худалдааны Банк юм. Bank of China Монголд төлөөлөгчийн газраа байгуулаад 10 гаруй жил болсон. Саяхан Улаанбаатар тус банкны удирдлагууд ирж, Төв банкныхантай уулзалтууд хийсэн сурагтай.
Төв банкны зүгээс төлөөлөгчийн газартай Хятадын хоёр банкийг бие даасан салбар нэгжээ Монгол Улсад байгуулахыг урьж байгааг Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван чуулганд мэдээлсэн.
Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн БНСУ-д ажилласан бөгөөд гол зорилго нь Өмнөд Солонгосын арилжааны банкуудад Монгол Улсад салбар нэгжээ байгуулахыг урьж, санхүүгийн зээлээ танилцуулах уулзалтууд хийсэн байна.
Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Өнөөдрийн байдлаар Монголбанкинд хандаад салбар нэгжээ байгуулах хүсэлтээ өгсөн гадаадын банк алга. Бид гадаадын банкийг салбар нэгжээ байгуулахад дэмжлэг үзүүлэх бодлогын арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч Өмнөд Солонгост ажиллаж, Монгол Улсад үйл ажиллагааг нь дэмжиж, эхлүүлэх чиглэлээр уулзалтууд хийж байгаа.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Банкны тухай хууль болон Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулиар гадаад орны төрийн өмчит банк орж ирсэн тохиолдолд эхлээд Гадаад хөрөнгө оруулалтын асуудалд эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Эдийн засаг, хөгжлийн яамнаас зөвшөөрөл авах процедуртай. Монгол Улсад төлөөлөгчийн газраараа дамжуулан үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын төрийн өмчит хоёр банкны хувьд саналаа илэрхийлээгүй байна” гэлээ.
Түүнчлэн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар уулзалт зөвлөгөөн болгон дээр гадаадын банкны салбар нэгж байгуулахыг дэмжиж, тодорхой уулзалтуудыг хийж байгаа ч үр дүн хараахан гараагүй байна.