Д.Нарансүх: Бензиний найрлагад өөрчлөлт орсноос хурц үнэртэй хий дэгдсэн байх магадлалтай

0

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн долоо хоногт хий газ мэт үнэр тархаж томоохон асуудал дэгдсэн.

Өнөөдөр хүртэл мэргэжлийн байгууллагууд энэ талаар албан ёсны тайлбар мэдээлэл хийгээгүй байна. Энэ асуудлын хүрээнд Эрүүл ахуй, хор судлалын лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор Д.Нарансүхтэй ярилцлаа.

– Нийслэлийн зүүн хэсгийн оршин суугчид энэ сарын 11-ний өглөө хий газ мэт хурц үнэр гарч байгаа талаар мэдээлж эхэлсэн. Гэвч өнөөдөр хүртэл юу болсон нь тодорхойгүй байна. Мэргэжлийн хүний хувьд та үүнийг анхаарсан байх?

– Авто зам дагуу хурц хүчиллэг хий үнэртсэн. Өглөө, орой ажилдаа ирж очих замдаа мэдэрсэн. Улаанбаатар хот бол химийн хүчил шүлт шингэн хуурай хэлбэрээр химийн үйлдвэр байхгүй. Дээр нь янз бүрийн химийн бодис дамжуулдаг, түгээдэг сүлжээ, хийн хоолой ч алга. Тэгэхээр энэ бол химийн бодис алдагдсан энэ том орон зайд хүмүүст үнэртэхээр хэмжээний бодис цацагдах эх үүсвэр байгаагүй гэсэн үг.

Харин өөр хоёр том эх үүсвэр байгаа. Нэг нь нүүрсэн галлагаатай зуухнаас гарч байгаа утаа болон үйлдвэрийн яндангаас гарч байгаа бохирдол. Хоёр дахь нь авто машинаас ялгарч байгаа утаа.

Энэ хоёр хий харьцангуй том талбай эзэлсэн учраас энэ асуудалтай холбоотой байх магадлалтай. Хэрэв энэ хоёр том агаарын бохирдлын эх үүсвэрээс шалтгаалсан гэж үзвэл түлшинд ямар өөрчлөлт орсон бэ гэдгийг харах ёстой. Тухайлбал шахмал түлшний найрлага яаж өөрчлөгдөв гэдгийг мэргэжлийн байгууллагууд харах хэрэгтэй байх. Түүнээс гадна Улаанбаатар хотод ашиглаж байгаа бензин нефтийн бүтээгдэхүүнүүдэд ямар найрлага байна вэ, өмнө нь магадгүй хэрэглэж байсан бензинээс өөр найрлагатай бензин орж ирсэн байж магадгүй.

Эсвэл тухайн бензин шатахуун үйлдвэрлэл дээр нэмэлт орц хольц хийж үйлдвэрлэдэг болсон байж болох уу. Бензиний найрлага ямар байна гэдгийг үзэх хэрэгтэй болов уу. Тэгж байж энэ түлшнээс болсон уу, бензинээс болсон уу, эсвэл зарим хүмүүсийн яриад байгаа шиг бохирын шугам руу тосолгооны материал асгаснаас болсон уу гэдэг нь нэг талд гарна.

– Нэгэн компани 10 тонн техникийн тосыг бохир усны шугам руу нийлүүлсэн хэргийг цагдаа нар хамгийн сүүлд барьж авсан. Нэг ёсондоо эндээс л үүдсэн гэж Онцгой байдлынхан мэдэгдчихсэн. 10 тонн гэдэг багагүй хэмжээ биз дээ?

– 10 тонн гэдэг бага биш л дээ. Гэхдээ бохирын хоолойгоор дамжиж байгаа бохир усны хэмжээ хэдэн зуун тонн, магадгүй хэдэн мянган ч тонн байх. Тэгэхээр асгасан тос ийм хэмжээтэй бохир усанд ороод шингээд явна. Хоёрт, асгасан материал нь тос. Тос бол тийм айхавтар хортой хий ялгаруулдаггүй. Тухайн бодисын төлөв бол тосорхог материал учраас хүчтэй химийн бодистой урвалд ороогүй л бол бохирын ус руу орсон техникийн тос тийм хурц үнэр ялгаруулахгүй. Баянзүрх дүүргийн хэмжээнд үнэртсэн гэж яригдаж байна. Хэрэв тийм бол бохирын ус руу нийлүүлсэн техникийн тос ийм том талбайтай газар руу тархаж үнэртэхгүй.

Тэгэхээр миний таамаглал бол магадгүй авто машины утаанаас үүдсэн бохирдолтой холбоотой. Улаанбаатар хотын авто зам өглөө оройны оргил ачааллын үеэр түгжрээд зогсчихдог. Тэнд хэдэн мянган машины хөдөлгүүрээс шатсан, дутуу шатсан бензиний хаягдал агаарт гарч байгаа. Тэр нь салхиар дамжаад орон сууц, ойр хавийн барилга байгууламжид байгаа хүмүүст үнэртсэн байж болно.

– Анхааралд өртөхгүй л таамаглал юм…?

– Боломжит нэг магадлал. Бензин шатахад автомашины хөдөлгүүр дотор өндөр температурын шаталт үүсдэг. Ингэхэд азот агаар дахь хүчилтөрөгчтэй нэгдээд азотын исэл үүсгэнэ. Энэ нь хүний амьсгалын замыг цочроодог хурц үнэртэй бодис.

Улаанбаатар хотод өвлийн улиралд агаар дахь азотын исэл зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байдаг шүү дээ. Хүмүүс хоолой хорсоод байна гэдэг бол азот болон хүхрийн давхар ислийн хийтэй холбоотой. Энэ бол боломжит таамаглал. Үүнийг л мэргэжлийн хүмүүс үгүйсгэх, эсвэл батлах ёстой.

– Түлшинд өөрчлөлт орсон эсэхийг анхаарах хэрэгтэй гэсэн. Гэр хороололд кокс нүүрсний туршилт эхэлсэн гэгдэж байгаа. Энэ байж болох уу?

– Шахмал түлшин дээр үгүй гэж бодож байна. Хагас коксжсон нүүрсийг хэрэглээнд оруулсан эсэх мэдээлэл алга. Хэрэв нүүрснээс бохирдол гарч байгаа бол хүхэрлэг хий их хэмжээгээр гарна. Хүхэрлэг хий бол жаахан өмхийдүү үнэртэй хий. Өнгөрсөн хугацаанд гарсан хий бол азотын давхар ислийн хий болов уу. Азотын давхар исэл хурц үнэртэй, хүчиллэг. Агаарт 70 хувь нь азот байдаг. 20 гаруй хувь нь хүчилтөрөгч. Өндөр температурын нөлөөгөөр азот хүчилтөрөгчтэй нэгдээд азотын исэл үүсгэдэг. Азотын исэл өөрөө хүчиллэг хурц үнэртэй хий. Ийм хий авто машины яндангаас гардаг. Тиймээс ийм таамаглал хэлээд байгаа юм. Гэхдээ үүнийг мөн үү, биш үү гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь хэмжих хэрэгтэй. Хэмжихдээ нарийн мэргэжлийн түвшний сайн багажаар лабораторид шинжлүүлж баталгаажуулах ёстой.

– Онцгой байдлын байгууллагаас өөр ямар ч газар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Тиймээс олон нийтийн хувьд маш эргэлзээтэй, эмзэг сэдэв хэвээр байна?

– Улаанбаатар хотын агаарын чанарын суурин станц гээд хэдэн станц бий. Энэ бол энд тэнд байршилтай учраас энэ шалтгааныг тодорхойлоход хангалтгүй. Нөгөө талдаа онцгой байдлын байгууллага ямар нэгэн байдлаар хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдлын эсрэг осол аваар гарахад хамгийн түрүүнд очдог. Гэтэл тэд өөрөө химийн хортой бодисын алдагдал, осол гарсан тохиолдолд тодорхойлох шинжилгээ чадавх нь ямар байна вэ гэдэг асуудалтай.

Түүнээс гадна хуучин МХЕГ байгаад одоо байгаль орчны Салбарын хяналтын газар нь БОАЖЯ руу явчихсан. Эрүүл ахуйн хяналтууд нь ЭМЯ-нд оччихсон. Энэ хоёр хяналтын газар ямар ч лаборатори, багаж хэрэгсэлгүй. Уг нь Байгаль орчны хэмжил шинжилгээний лаборатори гэж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв ч бий. Энэ байгууллагууд ажлаа хиймээр байна. Тэнд хэмжилт хийдэг багаж хэрэгсэл, лаборатори нь шаардлага хангасан түвшинд байна уу. Мэргэжилтнүүд нь багажаа ашиглаад хэмжилт дүгнэлт хийх чадвартай хүмүүс байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.

Мэргэжлийн байгууллагууд мэргэжлийн чадамжгүй байгаагаас болж энэ асуудалд хариулж чадахгүй, сүүлдээ цагдаа, тагнуулынхан явж шалгадаг сонин зүй тогтол бий болоод байна. Уг нь мэргэжлийн хүмүүс нь хэмжилтээ хийгээд сорьцоо цуглуулаад эх үүсвэр нь хаана байсныг тодорхойлж юунаас шалтгаалсан бэ гэдгийг тогтоон, түүн дээрээ үндэслээд дараа дахин ийм осол аваар гарахаас сэргийлэх арга хэмжээг төлөвлөж байх ёстой.

– Энэ асуудлаар “Очир дагинас” гээд хиамны үйлдвэр дээр цагдаа, тагнуулынхан өнжсөн. Уг нь мэргэжлийн хүмүүс эхэлж ажиллах ёстой байж шүү дээ?

-Хүнсний үйлдвэр дээр их хэмжээний хурц үнэртэй хий, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр хүний мэдрэхүйн эрхтнийг цочроох хэмжээний хортой бодис хэрэглэх тохиолдол бараг байхгүй. Тиймээс анхнаасаа үндэслэлгүй байсан. Хамгийн гол нь энэ асуудлыг цагдаа, тагнуул биш мэргэжлийн байгууллагууд нь байршил дээр нь маш яаралтай очиж сорьц цуглуулаад хэмжилт хийгээд тодорхойлоод явчих ёстой. Түүний хойноос хэн хэрэглэсэн, хэн оруулж ирсэн бэ гэдэг дээр цагдаа тагнуул орж ирж болно. Хэн нэгэн өвчлөхөд эмч онош тавихын оронд цагдаа тагнуулынхан ирээд “Чи хаанаас юу идээд өвчилчихөв” гээд байвал инээдтэй биз дээ. Манайд ийм л юм болоод байгаа юм.

– Налайхад газны үйлдвэр дэлбэрсэн мэдээлэл энэ үеэр гарсан. Зарим хүмүүс эндээс үүдэлтэй гэсэн таамаглал дэвшүүлж байсан?

– Налайхаас Улаанбаатар хүртэл 40 км зайтай. Дэлбэрлээ гэхэд шатаад дуусна. Тэндээс газ шингэн хэлбэрээр агаарт цацагдсан бол үнэртэнэ. Дэлбэрнэ гэдэг шатаад алга болчихно гэсэн үг. Тэгээд 30 40 км-ийн зайд салхиар ирэхээсээ өмнө задгай орон зайд дэгдэж алга болно. Бас л үндэслэлгүй.

– Энэ тохиолдлоос харахад нийтийг хамарсан аваар осол, хордлого болоход бид ер нь бэлэн байна уу?

– Шийдвэр гаргах түвшний Ерөнхий сайд, Шадар сайд, асуудал хариуцсан Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайд, Стандарт, хэмжил зүйн газар гэсэн байгууллагуудыг удирдаж ахалж ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн уялдаа холбоотой, ийм үед яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. Яг үнэндээ уялдаа холбоогүй, сул зохицуулалттай, зохицуулалтууд нь хүнд сурталтай, маш удаан хэрэгждэг. Амьдрал дээр хэрэгждэггүй.

Нөгөө талдаа мэргэжлийн байгууллагуудынхаа rap хөлийг дарга нар нь өөрсдөө тасалдаг. Тухайлбал МХЕГ-ыг өөрчлөхөд хяналтад хэрэглэдэг лабораториудыг Стандартчлал хэмжил зүйн газрын харьяа болгочихсон. Гэтэл ийм хордлого гарсан үед ашиглая гэхээр эрүүл ахуйн байцаагч нар нь ямар ч хэмжилтийн багаж, лабораторигүй.

Тэдэнд Стандарт, хэмжил зүйн газрын Үндэсний лавлагаа лабораторийг ашиглуулдаггүй. Дээр нь төсөв байхгүй. Найдвартай нарийн хэмжилтийн багаж худалдаж авдаггүй. Түүнийгээ жил бүр баталгаажуулж найдвартай ажиллагааг нь хангадаггүй. хүмүүсээ сургадаггүй. Ийм асуудлууд байгаа учраас энэ хордлогын шалтгааныг тодорхойлж чадахгүй байна.

– Нийслэлийн 18 дугаар сургуулийн сурагчид дахин дахин хордоод байгаа асуудал анхаарал татаж байна. Юунаас үүдэлтэй байх магадлалтай вэ?

– Өмнө нь ийм асуудал гарсан шалтгаан нь тодорхой болоогүй. Орчны шалтгаантай юу, эсвэл магадгүй санаатайгаар хий цацсан уу, санамсаргүй байдлаар хий алдагдсан уу. Ямартаа ч үүнийг хянадаг байх ёстой. Нэг сургууль дээр ийм асуудал давтагдахаас сэргийлэх ёстой. Сэргийлж чадахгүй байна гэдэг дээрх л хяналтын байгууллага, хордлогоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, тогтолцоо сул байгаагийн илрэл.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *