Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хоттой уялдуулж ажиллахыг үүрэгдэв

0

Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр боллоо.

Шуурхайн эхэнд БХБЯ-ны газар хэлтэс, харьяа байгууллагуудын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг тус яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг танилцуулав. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:

  • Орхоны хөндийд шинэ хот байгуулах ажлын хүрээнд БНСУ-ын ухаалаг хотууд байгуулсан туршлагыг ашиглах үүднээс Олон улсын хамтын ахжиллагааны нийгэмлэг КОЙКА-тай хамтран шинэ хот байгуулах ТЭЗҮ, хот байгуулах баримт бичгийн төслийн саналыг эцэслэн боловсрууллаа.
  • Он гарснаас хойшхи хугацаанд ипотекийн зээлийн санхүүжилтийг тасралтгүй явуулах бодлогын хүрээнд нийт 175 зээлдэгчид 20 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг олгоод байна.
  • Салбарын гол эрх зүйн баримтуудыг шинэчлэх ажлын хүрээнд Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Геодези, зураг зүйн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг нийслэлийн 9 дүүрэг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэх, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын дэд хэсгийн хуралдааныг зохион байгуулж, хуулийн төсөлтэй холбоотой Парламент.мн сайтад ирүүлсэн иргэдийн саналыг хэлэлцэн шийдвэрлэж байна.
  • Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээ, Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь төслийн багийн төлөөллүүдтэй уулзалт хийж, төслийн удирдах хороог яаралтай байгуулахаар боллоо.
  • Барилгын мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах, хөгжүүлэх асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай уулзалтуудыг хийж, барилгын гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн 2023 оны судалгааг гаргаж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
  • Нийтийн аж ахуйн бодлого үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын хувийн хэвшлийн конторуудын удирдах ажилтнуудын дунд “Орон сууцны тухай хууль”-ийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг нь авч ажиллав. Орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдлагуудад “Удирдах ажилтны туршлага судлах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
  • “Сумын хөгжил-Инженерийн дэд бүтцийн хангамж” төслийн хүрээнд баригдах зарим аймгийн цэвэрлэх байгууламжийн нэг маягийн зураг төслийн хүрээнд мэргэжлийн заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна.
  • Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн танилцуулга мэдээлэлд ороогүй, нэмж мэдээлэл өгөх тулгамдсан асуудал байгаа эсэх, Төв цэвэрлэх байгууламжийн дэд станцын өргөтгөлийн ажлууд мөн “Солонго 1,2” хорооллын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендэр болон ашиглалтын талаарх мэдээллийг тодруулж, яам болон харьяа байгууллагууд, төслийн нэгжийн удирдлагуудаас нэмэлт мэдээллүүдийг авлаа.

Шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, мөн цаашид анхаарч ажиллах бодлого, арга хэмжээний хүрээнд сайд Ц.Даваасүрэн дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

  • Орхоны хөндийд байгуулах шинэ хотын урьдчилсан ТЭЗҮ-ийг яаралтай нарийвчлан танилцуулж, удирдлага зохион байгуулалтын бүтцийг байгуулах;
  • Төрийн бус байгууллагуудын тусгай зөвшөөрөл олголт дээр судалгаа хийж, зөвшөөрөл хүсэгч компаниудын төлөөллүүдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлуудыг тодруулж мэдээлэх
  • Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний төслийн хүрээнд хугацаатай үүрэг өгч, яаралтай хэлэлцэж шийдвэрлэх
  • Төв цэвэрлэх байгууламжийн цахилгааны эх үүсвэрийн өргөтгөлийн асуудлаар Эрчим хүчний яаманд хандах; 
  • Газрын багц хуулийн төсөл дээр гарч байгаа зарчмын зөрүүтэй саналуудыг сайтар нягталж ажиллах;
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцаа нийслэл хоттой уялдуулж, хамтран явуулахад анхаарч ажиллахыг үүрэгдэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *