“Б.Найдалаагийн ёс зүй, ХҮН намын зөрчил л харагдлаа”

П.Наранбаярын нүд хөхөрч, хоёр оёдол тавиулсан дүр зураг, түүнийг дагасан үйл явдал хэд хэдэн хүний ёс зүйн хэм хэмжээг л харууллаа.
Ямартай ч Боловсролын сайд П.Наранбаярын биед халдсан этгээд бол УИХ-ын гишүүн Б.Найдалаа гэдгийг хэн ч үгүйсгэсэнгүй.
Б.Найдалаад ёс зүй биш гэхэд ёс суртахуун байсан бол болсон асуудлыг тайлбарлаж гарч ирэх байлаа. П.Наранбаярын хэлснээр “Зодоон бол хоёр талаасаа зодолдох”-ыг хэлдэг. Өндөг шидүүлээд яаж зогссоныг нь ч ард түмэн харсан. Тэгэхээр Б.Найдалаа л дээрэнгүй авирласан болж таарах гээд байна.
Атлаа тэр авирыг нь өнөөдөр намын дарга Т.Доржханд, биедээ халдуулсан хохирогч П.Наранбаяр залруулах гэж учраа олохгүй зогсоно. Угтаа Б.Найдалаа л хийсэн үйлдэлдээ эзэн болох учиртай юм.
П.Наранбаяр “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө. Ардчилсан нийгэмд санал зөрөлдөх зүйл гардаг” гэсэн бол Т.Доржханд “Манай намын гишүүд эхнэртээ л зодуулах хүмүүс” гэжээ.
Харин Б.Найдалаа УИХ-ын чуулганы хуралдаанд “өвчтэй” хэмээн чөлөө авч, төрийн ордонд ирсэнгүй, өрөөндөө байсангүй. Сошиалаар ч байр сууриа илэрхийлсэнгүй.
Гаднаа П.Наранбаярын ёс зүй үнэлэгдэв ч цаанаа Засгийн газарт хамтарсан ХҮН намын дотоод зөрчил л илэрч гарч байна. Ингэснээр Б.Найдалаа таг чиг суусан нь өөрийнх нь ёс зүйг харуулаад зогсохгүй намынхаа зөрчлийг ч олон нийтэд илтгэчихэж байгаа хэрэг.