Зөвлөлдөх санал асуулга: Оролцогчийн санал гаргах явцад хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно
“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Төрийн ордонд болохтой холбогдуулан Зөвлөлдөх санал асуулга гэж юу болох, түүний үр дүн, зохион байгуулалтыг хэрхэн хангаж явуулдаг талаарх мэдээллийг хүргэж байна.
Зөвлөлдөх санал асуулга гэж юу вэ?
Зөвлөлдөх санал асуулга гэдэг нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд шийдвэр гаргахын өмнө болон түүнийг хэрэгжүүлж, сахин мөрдөж байгаа байдлын талаар тохиолдлын зарчмаар түүвэрлэн сонгосон иргэдээс тусгай бэлтгэсэн асуултаар санал авах замаар иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулах цогц үйл ажиллагааг хэлнэ.
Зөвлөлдөх санал асуулгыг ямар зорилгоор явуулдаг вэ?
-Нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх,
-Тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх,
-Иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг мэдээлэл өгөх,
-Үндсэн хуульд заасан төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог хангах гэсэн үндсэн зорилгоор зохион байгуулдаг.
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд хэн багтдаг вэ?
Зөвлөлдөх санал асуулгыг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий Зөвлөлдөх зөвлөл удирдан зохион байгуулна. Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй. Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх бүрэлдэхүүн бүхий 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулдаг.
Хэдэн шатлалаар уг арга хэмжээг зохион байгуулдаг вэ?
Зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай байна. Нэг дэх шатанд иргэдэд зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авдаг. Үүнд, 18 насанд хүрсэн иргэн оролцох эрхтэй. Нэг дэх шатанд оролцох иргэнийг заасан тоонд багтаан хамгийн сүүлийн удаа явагдсан УИХ-ын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авна.
Хоёр дахь шатанд нэг дэх шатанд оролцсон иргэний 50-иас доошгүй хувийг тохиолдлын зарчмаар сонгон уулзалт хэлбэрээр зохион байгуулдаг. Хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулга буюу зөвлөлдөх уулзалтад оролцогчийг 15-аас илүүгүй хүнтэй хэсэг болгож, бүрэлдэхүүнийг тохиолдлын зарчмаар сонгох, хэсэг бүрд явагдах хэлэлцүүлгийг хөтлөх бэлтгэгдсэн хөтлөгч /модератор/ нь хэсгийн оролцогчид мэдээллийг бүрэн хүргэж, оролцогчийн тэгш оролцоог хангах үүргийг хариуцна. Мөн тухайн хэсэгт явагдах хэлэлцүүлгийн бүх ажиллагааг дууны болон дүрсний бичлэгээр баталгаажуулах, хэсэгт явагдсан хэлэлцүүлэгт оролцогчийн асуултыг нэгтгэн зөвлөлдөх уулзалтын нийт оролцогчид тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд, хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч өгөх асуудлыг заавал тусгах үүрэгтэй.
Зөвлөлдөх санал асуулгад оролцогч иргэн саналаа чөлөөтэй гаргахад хөндлөнгөөс нөлөөлөх, саналыг нь худалдан авахыг хориглодог.
Санал асуулгын дүнг хэрхэн нэгтгэж, зөвлөмж гаргадаг вэ?
Статистикийн байгууллага Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх болон хоёр дахь шатны дүнг тоон болон бусад үзүүлэлтээр харьцуулан гаргасан дүгнэлтийг зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн тайланд тусгаж Зөвлөлдөх зөвлөлд танилцуулна. Тэрхүү дүнг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэн зөвлөмж гаргаж, УИХ-д хүргүүлнэ. Зөвлөлдөх санал асуулгын үйл явц олон нийтэд ил тод, нээлттэй явагдах ёстой.