“Тавантолгой түлш” үйлдвэрийг байгуулсан, удирдсан хүмүүсийг шалгая
Засгийн эрх барьсан аль ч намд утаа мөнгө хийх том сэдэв, бас боломж байсаар ирсэн. Жил бүр утааг бууруулахад хэдэн тэрбумаар төсөвлөдөг ч ямар ч үр дүнгүй, утаа нийслэлчүүдийн толгойны өвчин хэвээр байна.
Засгийн газар 2017–2020 оныг хүртэл утааг бууруулахад 456 тэрбум төгрөг зарцуулжээ. Улсын төсөв, гадаадын буцалтгүй тусламж зэргийг дурдвал жилд дунджаар 100-120 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулдаг байна.
Тэгвэл шахмал түлш, түлш үйлдвэрлэх үйлдвэрүүд ч мөн эрх баригч намын мөнгө босгох нэг хэрэгсэл болжээ. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа утаагүй шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэр гаргаж “Тавантолгой түлш” компанийг байгуулж байсан. Анхны захирлаар нь М.Ганбаатарыг томилж байсан бөгөөд тэрээр өнгөрсөн оны дөрвөн сар хүртэл тус үйлдвэрийг удирдав.
Тухайн үед одоогийн Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдын албан тушаалыг хашиж байсан бөгөөд шахмал түлшний технологийн шийдэл, ТЭЗҮ-ийг хариуцаж байсан. Мөн БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат шахмал түлшний талаар олон нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг хариуцаж байлаа. Одоогийн Шадар сайд С.Амарсайхан тухайн үед нийслэлийн Засаг даргаас гадна “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг хашиж байсан билээ. Тэгвэл энэ хүмүүсийн хийсэн балаг одоо л олон нийтэд ил болох нь.
2019 оны өвлөөс сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн айл өрхүүд хэрэглэдэг болсон бөгөөд Засгийн газрын шийдвэрийн дагуу “Тавантолгой түлш” компанийг 2018 онд байгуулж байсан. Энэ хугацаанд тус компани баруун, зүүн, төвийн бүсийн гэсэн гурван үйлдвэртэй болжээ. ТЭЗҮ-ээрээ баруун үйлдвэр 600 мянга, зүүн үйлдвэр 600 мянга, төвийн үйлдвэр 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай гэж тооцож байсан. Гэтэл бодит байдал дээр гурван үйлдвэр нийлээд л 1500 тонныг үйлдвэрлэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, анх төлөвлөж байсан хүчин чадлаасаа маш бага түлш үйлдвэрлэж байна.
Нийслэлчүүдийг утаанаас салгахын тулд Засгийн газар хөрөнгө гаргаж, төрийн өмчит “Тавантолгой түлш” компанийг байгуулсан ч орчин үеийн автомат үйлдвэр барьж чадаагүй байна. Үйлдвэр барихад технологийн сонголтоо анхнаасаа буруу хийжээ. Анх үйлдвэрийг байгуулахад Солонгосоос уурын хатаалгатай үйлдвэрийг захиалж авсан байна. Гэтэл уур нь чиг болоод -30 градус болохоор түлшээ хөлдөөгөөд, чийгний хэмжээ маш өндөр гардаг. Харин одоо үйлдвэрийн хатаах системийг шат дараатай солиод явж байна. 2021 онд Хятадын компанитай зүүн бүсийн аймгуудын хатаах төхөөрөмжийг шинэчлэх гэрээ хийсэн. Гэтэл энэ компани нь Хятадын хамгийн хоцрогдсон хүчин чадал муутай хатаах төхөөрөмжүүдийг оруулж ирж угсарсан талаар мэдээллийг өчигдөр “Тавантолгой түлш” компанийн захирал Ц.Даваацэрэн өглөө. Анх үйлдвэрийг ашиглалтад оруулахад хатаах систем ч байхгүй, гар аргаар хатаадаг байсан аж.
Одоо баруун бүсийн үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсооно гэнэ. Учир нь баруун бүсийн үйлдвэрийн ажлын нөхцөл хүнд, маш их тоосжилттой, гар ажиллагаатай хяналтын системтэй учраас мэргэжлийн байгууллагууд ч үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох шаардлага тавьж байгаа аж. Тиймээс 10 шугамтай үйлдвэрийн тавыг нь энэ өвөл, үлдсэнийг нь хавраас бүрэн зогсоохоор төлөвлөжээ.
“Тавантолгой” түлш” компанийн захиар Ц.Даваацэрэн “Энэ үйлдвэрийн ашигт үйлийн коэффициент 60 хувьтай. Анхнасаа тоног төхөөрөмжүүдийн хоорондын уялдааг хангаагүй, автоматжуулж чадаагүй учраас ийм байдалтай ажиллаж байна. Анхны ТЭЗҮ-ээрээ бүх үйлдвэрээ барьж чадаагүй учраас өнөөдөр ийм байдалд орсон. Мөн тоног төхөөрөмжийн сонголт их буруу. Манай үйлдвэр 3000 хүнтэй ажиллаж байна. Яг манай үйлдвэртэй ижил 600 мянган тонны хүчин чадалтай үйлдвэр Хятадад 300 гаруй хүнтэй л ажиллаж байна” гэсэн юм.
Анхнаасаа үйлдвэрийг барихдаа лтехнологио буруу сонгож, хамгийн хямд техник, тоног төхөөрөмжтэй үйлдвэрийг барьсан.
Хамгийн харамсалтай нь, энэ үйлдвэрүүдийн гаргасан бүтээгдэхүүнд иргэд маш ихээр угаартаж, олон хүн амь насаараа хохирсон. Өнөөдийг хүртэл эрдэнэт хүний амь хохирсон асуудал хэн ч хариуцлага хүлээгээгүй, бурууг өөртөө наахаас зугтаж явна. Сайжруулсан шахмал түлшийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш гэр бүлтэйгээ угаартсан сэртхийлгэм мэдээ ар араасаа цуварч байгаа нууц биш. 2019 оны өвөл түлшийг анх нэвтрүүлэхэд 100 орчим хүн угаартаж нас барсан гэсэн мэдээллийг албаныхан өгсөн. Иргэд олноороо угаартаж байсан учраас 2020 оны өвөл 3.7 тэрбум төгрөгөөр утаа мэдрэгчийг гэр хорооллын айлуудад суурилуулсан. Гэсэн ч энэ мөн л үр дүнд хүрээгүй өнөөдөр ч иргэд олноороо угаартаж амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сард 30 гаруйхан настай залуу эмэгтэй гурван бяцхан үртэйгээ шахмал түлшинд угаартаж нас барсан.
Одоо Тавантолгой түлш компани 880 тэрбум төгрөгийн өртэй. Нэг тонн шахмал түлшийг 458000 төгрөгөөр хийж байгаа ч 150000 төгрөгөөр зарж байгаа. Үүний зөрүү компанийн алдагдал болж явсаар 880 тэрбум төгрөг болжээ.
Утааг бууруулаагүй, олон иргэн угаартаж амь нас эрүүл мэндээрээ хохирсон, хамгийн хоцрогдсон техник тоног төхөөрөмжтэй, анхны ТЭЗҮ-ээр нь бариагүй, маш их өртэй төрийн өмчит түлш үйлдвэрлэдэг компани байгуулахыг санаачилсан, удирдсан хүмүүсийг шалгая. Одоо ихэнх нь сайжруулсан шахмал түлшний авторыг өөртөө наахаас зугтаагаад төрийн өндөр дээд албан тушаал хашч байна.
Эх сурвалж: itoim.mn