“Гашуунсухайт төмөр замыг холбоход $350 саяын өртөгтэй. Үүн дээр урсгал зардал нэмэгдэнэ”

0

Монгол Улсын тээвэр логистикийн хөгжил, чиг хандлагын семинар боллоо. Тус сургалт нь Азийн тээврийн логистикийн чиг хандлагатай уялдуулан Монгол Улсын тээврийн салбар дахь бодлого, хамтын ажиллагааны ба зэрэгцэн хөгжих нөхцөлийг тодорхойлох зорилготой. 

Худалдааг хөнгөвчлөх тээвэр логистикийн зөвлөлийн гишүүн Б.Тэлэнгэд “Өмнө нь Монголын тээвэр логистикийн салбарыг төрийн зүгээс анхаардаггүй байлаа. Цар тахлын дараа энэ салбар маш чухлыг төр засаг болон олон нийт ойлгосон. Манай улсын тээвэр логистикийн салбарын дэд бүтэц, боомтын хүчин чадал асуудалтай.

Энэ асуудлыг Засгийн газар олж харан Шинэ сэргэлтийн бодлогод тусгаж хэд, хэдэн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Гэхдээ бидэнд тулгамдаж буй олон асуудал бий. Тухайлбал, далайд гарцгүй манай улс төмөр замын тээврийг хөгжүүлэх ёстой. Ачааг их хэмжээгээр, хямд өртөгтэй тээвэрлэх үйлчилгээ үзүүлэх боломжтой салбар бол төмөр зам. Гэвч өнөөдөр энэ салбар шаардлага хангахгүй байгаа. Социализмын үед баригдаж байсан төмөр зам өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирлээ.  

Ачаа ачиж, буулгах логистикийн цогцолборуудыг эхний ээлжид Замын-Үүд, Улаанбаатарт барих хэрэгтэй байна

Засгийн газраас төмөр замын салбарт сүүлийн 50 жил орхигдсон бүтээн байгуулалтыг хийж байна. Зүүнбаян-Цогтцэций сумыг холбосон 416 км төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 200 гаруй км гэх мэт төмөр замыг тавьсан. Бодлого тодорхой, хөрөнгө оруулалт нь шийдэгдчихвэл төмөр замын бүтээн байгуулалт барих нь асуудалгүй гэж хэлж болно. Хэдийгээр шинээр тавьсан төмөр замууд БНХАУ-ын төмөр замтай холбогдоогүй байгаа ч удахгүй гэдэгт итгэлтэй байна.

Мөн одоо хэрэгжиж буй төмөр замын хуулийн зохицуулалтаас болж шинээр баригдсан төмөр замуудын уялдаа холбоо муу байна. Жишээ нь, Улаанбаатар төмөр зам ХНН бусад төмөр замын салбаруудаас ачаа хүлээж авах нь маш хүндрэлтэй. Нэгдүгээрт, төмөр замын салбарт хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, хуурай боомт буюу ачаа ачиж буулгах цогцолборууд барих хэрэгтэй байна.

Манай улсад 1990 оны үед Япон улсаас Замын-Үүдэд шилжүүлэн ачих төвийг барьж өгсөн шүү дээ. Гэхдээ одоо бол шаардлага хангахаа больсон. Сүүлд Азийн хөгжлийн банкны тусламжтай тус газар шинэ логистикийн төв байгуулсан. Гэвч тээврийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой хүчин чадал нь хүрэлцэхгүй байна. Иймд ачиж буулгах логистикийн цогцолборуудыг эхний ээлжид Замын-Үүд, Улаанбаатарт барих хэрэгтэй байна” гэлээ.

Монголын Логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболд  “Манай улс далайд гарцгүй, газар нутаг өргөн уудам, хүн ам цөөн, дэд бүтэц сул хөгжсөн учир тээвэр маш чухал. Тээврийн зардал өндөр бол эдийн засаг хөгжих боломжгүй. Тээвэр бол үйлчилгээний салбар. Энэ салбарт 250-260 мянган хүн ажиллаж байна. Нийгмийн энэ бүлэг малчдын бүлгээс дутахааргүй том. Гэтэл өдийг хүртэл төрөөс энэ салбар луу бодлого боловсруулж хэрэгжүүлээгүй явж ирлээ. 2022 онд тээврийн салбар 2,2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн.

Тухайн улс гадаад худалдаагаа ямар улстай хийж байна тэр улсын дэд бүтэцтэй өөрийн дэд бүтцийг нийцүүлэх шаардлагатай байдаг. Социализмын үед манай улс ЗХУ-тай гадаад худалдаагаа хийдэг байлаа. Тухайн үед авто зам, иргэний нисэх, төмөр замын дэд бүтцээ ЗХУ-ын дэд бүтэц болон эдийн засагтай нийцүүлдэг байсан.

Өнгөрсөн үеийн тээврийн дэд бүтцээр өнөө үед  худалдаа хийнэ гэж байхгүй.

Гэтэл одоо бид 90 гаруй хувийн гадаад худалдааг БНХАУ-тай хийж байна. Тэгэхээр өнгөрсөн үеийн тээврийн дэд бүтцээр өнөө үед худалдаа хийнэ гэж байхгүй. Тээврийн зардал  асар өндөр гардаг. Шинээр төмөр зам холбоно гэж ярьж байна. Энэ чинь өргөн, нарийн царигийн л асуудал. Гашуунсухайт төмөр замын холболтын төсөл 350-360 сая ам.долларын өртөгтэй. Үүн дээр урсгал зардал нэмэгдэнэ. Үүнийг дагаад манай улсын өрсөлдөх чадвар буурч байна.  

1990 оноос хойш тээврийн салбарын шинжлэх ухааныг орхигдуулж ирсэн. Энэ чинь манай улс бодлогогүй байгаагийн шинж. Гадаад худалдааг хөгжүүлж эдийн засгаа сайжруулах гэж байгаа бол тухайн улсын худалдааны системтэй нийцэж байж л алдагдалгүй ажиллана” гэлээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *