ШИНЭ намаас ТАВАНТОЛГОЙГ АВАХ УУ, АЛДАХ УУ? хэлэлцүүлгийг Дархан хотноо хийж байна

0

ШИНЭ намаас ТАВАНТОЛГОЙГ АВАХ УУ, АЛДАХ УУ? хэлэлцүүлгийг Дархан хотноо хийж байна.

ШИНЭ намын дарга Ц.Гантулга: 

ШИНЭ нам Тавантолгойн төрийн мэдлийн хувьцааг иргэнд өмчлүүлэх тухай хуулийг 2018 оноос санаачилж, Тавантолгойг ард түмэндээ өгье гэдэг санаачилга гаргасан. 

ШИНЭ нам ганцхан энэ ордыг л ард түмэнд өмчлүүлэх талаар ярьсаар ирлээ. Ердөө 0,1 хувь ч хүрэхгүй хэсгийг иргэн бүртээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлснээр ард түмнээ ядуурлаас гаргах бүрэн боломжтой гэдгийг бид эдийн засгийн үндэслэлтэй дэвшүүлж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” компани 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан. Үүнийг 3.4 сая хүндээ хуваагаад яг тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх юм бол хүн бүрд 4400 ширхэг хувьцаа ногдоно. Тэгэхдээ өнөөгийн 1072 хувьцаа шиг амьгүй, нэр төдий биш жинхэнэ утгаараа эдийн засгийн эргэлтэд орох санхүүгийн хэрэгсэл болох юм. Зөвхөн Таван толгойн ордыг ийм замаар хувьчлахад л манай улс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр хоёр хөршийг давах энүүхэнд болно.

4400 хувьцааг нэг хувьцааг нь зах зээлийн доод ханш болох 20 ам доллараар бодоход 88 000 ам доллар буюу 308 сая (1$=3500₮) төгрөг нэг хүнд ногдохоор байна. Монголын нэг өрх дунджаар дөрвөн ам бүлтэй гэж тооцвол, нэг өрхөд 88 000х4 тэнцүү 352 000 ам доллар буюу 1.2 тэрбум орчим төгрөг ногдож байна. Хувьцаагаа зарж болно, барьцаалаад мөнгө зээлж болно, хувьцаа хэвээр нь байлгаад ногдол ашгаа аваад явж ч болно, хувьцаагаа өвлүүлж болно, худалдаж, худалдан авч болно.

Тавантолгойн компанийн 4400 хувьцааг иргэн бүрд эзэмшүүлснээр 44 их наядын нүүрсний хулгай дахин гарахгүй болно, таван толгойн ордоо гадаад, дотоодын компаниудад алдах аюулгүй болно.

Иргэн бүр 308 сая, өрх бүр 1,2 тэр бум төгрөгтэй болох юм бол дараах нийгмийн өгөөж өрх бүрд бий болно:

1. Өрх бүр орон сууцтай болно. Монгол улсад 900 мянга гаруй өрх байгаагийн 168 мянган өрх нь орон сууцанд, 800 мянга гаруй өрх гэрт амьдарч байна. Тэгвэл хувьцаагаараа орон сууц худалдаж авах бүрэн боломж бий. Байгаа орон сууцаа шинэчлэх, өргөтгөх, илүү чанартай орон сууц худалдан авах эсвэл тогтвортой, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шийдэлд хөрөнгө оруулж болно.

2. Хувьцааны ногдол ашиг нь өрхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, өдөр тутмын зардлаа нөхөх, ирээдүйдээ хуримтлал үүсгэх эсвэл бусад бизнест хөрөнгө оруулах боломж бүрдүүлнэ.

3. Хувьцааны үнэ цэн нь цаг хугацааны явцад өсөн нэмэгдэх бөгөөд энэ нь хувийн бизнесээ эхлүүлж эсвэл өргөжүүлж, ажлын байр бий болгосноор, улс орныхоо эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулж тогтвортой байдлыг бий болгоно.

4. Хувьцаанаас олсон ашгаа гэр бүлийн гишүүдийнхээ боловсрол, ур чадварыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт болгон ашиглаж болно.

5. Эмчилгээ оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгт байнга хамрагдах, шаардлагатай чанартай эм бүтээгдэхүүн худалдаж авах боломж бүрдэнэ. Монгол улсад худалдаалж буй эмийн 70 гаруй хувь нь женерик эм, тэдгээрийн 30 гаруй хувь нь хуурамч эм бөгөөд гар дээрээс зарагдаж байна.

Эцэст нь хэлэхэд, хувьцааны санхүүгийн үр өгөөж нь өрхийн амьдралын чанарыг бүхэлд нь сайжруулах болно. Иймд “Эрдэнэс тавантолгой”-г ард түмэндээ өмчлүүлж, иргэдээ баян чинээлэг амьдруулахын төлөө үзэл санаандаа ШИНЭ нам үнэнч байж, тууштай зүтгэх болно. Үүнд монгол хүн бүрийн дэмжлэг, эв санааны нэгдэл хэрэгтэй гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *