Ерөнхий сайд Сөүл дэх Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа

0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Солонгос Улс дахь албан ёсны айлчлал эхэллээ. Айлчлалын эхний өдөр Ерөнхий сайд Сөүл хот дахь Монгол сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
Сөүл дэх Монгол сургууль нь 1999 онд байгуулагдсан бөгөөд 24 багш, 342 сурагчтай. Тус улсад  амьдарч буй монгол хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах зорилгоор тус сургуулийг БНСУ-ын иргэн Юү Хэ Гын байгуулж байжээ.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ монгол хүүхдүүдийн сурч боловсрохын төлөө тууштай үйл ажиллагаа явуулж ирсэн Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, багш, ажилтнуудад талархал илэрхийлэв. Үндэсний хэл бичиг, зан заншил, түүх соёлоо шамдан сурч буй хүүхдүүдэд сурлагын өндөр амжилт хүслээ. Мөн “Алсын хараа-2050″ бодлогын баримт бичгийн нэгдүгээрт Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг эрэмбэлсэн. Үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн нэг чухал хэсэг бол дэлхийн монголчууд юм. Хилийн чанадад байгаа монголчууд, хүүхэд, залуус эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах гүүрийг бид барих ёстой. Оюутолгой, Тавантолгойгоос илүү оюунлаг монгол толгой Монголын баялаг юм” гэв.


 
Сөүл дэх Монгол сургуулийг үүсгэн байгуулагч Юү Хэ Гын “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг айлчлалынхаа эхний өдөр сургуулиар зочилсонд талархал илэрхийлээд монгол сурагчид тав тухтай орчинд боловсрол эзэмшиж салбар бүрт манлайлагчид гаргах нь миний мөрөөдөл” гэлээ.
Монгол сургуулийн багш, ажилтнууд нийгмийн даатгалын шимтгэлийг Монголд тооцуулах, сурагчдад хувьсах зардал олгож өгөхийг Ерөнхий сайдаас хүсэв. Ерөнхий сайд эдгээр асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сөүл дэх Монгол сургуулийн захирал Юү Хэ Гынд батламж, сурах бичгүүдийн хамт гардуулав.


 
Тус сургууль нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд хүчин төгөлдөр мөрдөж буй сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг мөрддөг байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 16 улсын 39 хотод 59 монгол сургууль, хэл соёлын төв байнгын үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улсын Засгийн газар хилийн чанад дахь монгол сургууль, хэл соёлын төвүүдийн багшийн мэргэжил заах арга зүйг дээшлүүлэх, сургалтын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд Гадаад харилцааны яам Монгол Улсын Хэлний бодлогын Үндэсний зөвлөлтэй хамтран  мэргэжлийн заах арга зүйн цуврал цахим сургалтыг нэг жил гаруйн хугацаанд тасралтгүй зохион байгуулж, 100 гаруй багшийг хамруулжээ. Түүнчлэн олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ судалгааг өргөжүүлэх зорилгоор 2022 оноос эхлэн Хэлний бодлогын зөвлөлийн Европ, Ази дахь салбар зөвлөлүүдийг байгуулан ажиллаж байна.  

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *