ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон зохицуулалтуудын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийв. Тэрбээр,
Уг хуулиар Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө нь хандив, тусламж, эргэн төлөгдөх нөхцөлгүй олгосон эх үүсвэр, архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1.0 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2.0 хувь, тамхины онцгой албан татварын 2.0 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөс бүрдэх бөгөөд үүнийг эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхээр заасан байдаг.
Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад Эрүүл мэндийг дэмжих санд жилд дунджаар 3.0 тэрбум төгрөг баталж өгдөг бөгөөд энэхүү санхүүжилтээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж байгаа “Хавдрын эсрэг”, “Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Эрчүүдийн эрүүл мэнд”, “Халдварт өвчнийг бууруулах” гэх мэт цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулж байна.
Эрүүл мэндийг дэмжих сангаас олгож байгаа санхүүжилтийг цаашид дан ганц нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн сургалт сурталчилгаа, тандалт судалгаанд зарцуулах бус ДЭМБ-аас дэвшүүлсэн “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх” зорилтыг хэрэгжүүлэхэд ашиглах хэрэгцээ шаардлага байна.
Үүний тулд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлж эх орондоо нутагшуулах, энэ чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, багийг сургах, чадавхижуулахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн дэмжлэгийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгодог байх нь зөв гэж үзсэн.
Шинэ технологи, нутагшуулах зардлыг эрүүл мэндийн байгууллагууд өөрсдөө хариуцан хэрэгжүүлж ирсэн тул ажлын явц удаашралтай байдаг. Энэ хууль хэрэгжсэнээр дотоодод эмчилж чадахгүй байгаа өвчний тоо эрс буурна гэж үзэж байгаа юм.
Мөн Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй өвчин эмгэгийн улмаас гадаад улс оронд эмчилгээ хийлгээд ирсэн иргэдийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлдэг байх зохицуулалтыг тусгасан.
Хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрх үүсээгүй амьгүй донорт оршуулгын тэтгэмжийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох зохицуулалтыг орууллаа.
Эрүүл мэндийг дэмжих санд олгож байгаа мөнгө нь хуульд заасны дагуу авбал зохих санхүүжилтийн дөнгөж 30 хувьтай тэнцэж байгаа бөгөөд архи, тамхины онцгой албан татвар болон эмийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас олсон орлогыг бүрэн төвлөрүүлж чадвал жилд 11-12 орчим тэрбум төгрөгийг дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулах боломжтой гэж үзэж Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүллээ.