Ч.Сайханбилэгийг Их Британийн шүүх дуудах уу

Интерполоор эрэн сурвалжилж байна гэгддэг Ч.Сайханбилэгийг нэр дахин Оюу толгой, Дубайн гэрээний асуудлаар Их Британийн шүүхэд дуудагдах уу. Ийм байж болзошгүй нөхцөл байдал өнгөрсөн долоо хоногийн эхээр бий боллоо.
Тухайлбал, манай Засгийн газраас Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийг Их Британийн шүүхэд өгсөн. Ингэхдээ 2008-2015 оны үйл ажиллагаандаа авлигын шинжтэй үйлдэл гаргасан гээд нэр бүхий нэг улстөрчид шууд нөлөөлсөн хэмээн дурдсан мэдээлэл бий.
Энэ Ч.Сайханбилэг мөн үү. Дараа нь цуцлахдаа тулсан Дубайн гэрээ буюу далд уурхайн нэмэлт төлөвлөгөө гэдэг баримт бичгийг Ч.Сайханбилэг УИХ-аар оруулалгүй, Засгийн газраар хэлэлцэж, Дубайд очоод үзэглэчихсэн. Түүний үрээр зардал нь хэтэрсэн бүтээн байгуулалт дунд хэрэлдэж, хэлцэж байгаад 10 орчим жилийн дараа буцаан хүчингүй болгож байв.
Хэлцлийн дүнд өдгөө “Рио Тинто” нь далд уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд алив зардал хэтэрвэл өөрсдөө даах, хариуцах тохиролцоонд хүрсэн.
Нөгөө талаас Ч.Сайханбилэг “Рио Тинто” болон “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар Монголын шүүхэд дуудагдсан ч гараад явчихсан нэгэн билээ. Тэгвэл одоо Их Британийн шүүх дээр хэлэлцэгдэж эхэлсэн Оюу толгой төслийн авлигын асуудал Ч.Сайханбилэгийг хүссэн хүсээгүй дуудан авчрах юм биш биз?