НҮҮРСНИЙ ХУЛГАЙН СОНСГОЛЫН ХЯНАН ШАЛГАГЧААР ТОМИЛОГДСОН ТАВАН ХҮНИЙ ГУРАВ НЬ БОЛИНО ХЭМЭЭН ӨРГӨДЛӨӨ ӨГЧЭЭ
Заримынх нь хэрэг шүүх дээр очоод байгаа Нүүрсний хулгайн 44 их наядын хэрэг гэж бий. УИХ-аас уг нүүрсний хэргээр Хянан шалгах түр хороо байгуулж, нүүрсний сонсгол зохион байгуулахаар болсон. Экс сайд Х.Нямбаатарын ахалж байсан Түр хороог одоогийн Б.Энхбаяр сайд нь ахалж байгаа.
Гэтэл уг хэрэг дээр таван хянан шалгагч ажиллахаар томилогдсон байсан ч тэдний гурав нь болино хэмээн өргөдлөө өгчээ. Энэ тухай Б.Энхбаяр сайд ярилаа.
ХЗДХ-ийн сайд, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Нүүрсний сонсголыг УИХ-ын намрын чуулганд багтааж хийх ёстой гэсэн тогтоол гарсан. Үүний дагуу ажиллана. Намайг түр хорооны дарга болохоос өмнө таван хянан шалгагч томилсон байсан. Түр хорооны даргаар сонгогдсоны дараа эдгээр таван хянан шалгагчийн гурав нь болино гээд өргөдлөө өгчихөөд байна. Нэг нь өчигдөр өргөдлөө өгсөн. Би таалагдахгүй байгаа юм уу? Надаас айгаад байгаа юм уу? Ямар учиртай гэдгийг асуух гээд, тайлангаа тавьсны дараа чөлөөлнө гээд байж байна. Нэмж хянан шалгагч томилно.
Одоо хугацаа их шахуу байна. Хөгжлийн банкны сонсгол дээр жилийн хугацаанд ажилласан. Мөн 11 хянан шалгагч нартай хагас жил сууж байж сонсгол хийж байсан. Ирэх долоо хоногт түр хороо хуралдана. Тэр үеэр энэ айж зугтаад байгаа хянан шалгагч нарын асуудлыг ярина, зүгээр явуулахгүй” гэлээ.