Төсөл: Ланд крузер, Лексус зэрэг тансаг зэрэглэлийн автомашины онцгой албан татварыг нэмнэ
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” хуулийг төслийг Засгийн газарт танилцуулж, дэмжлэг авсан. Удахгүй Засгийн газраас уг төслийг УИХ-д өргөн барих аж.
Замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн авто замын түгжрэлийн гол цэгүүдийг тогтоож, хотын төвийн байршлаар зорчвол тодорхой төлбөртэй болох зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа аж. Үүнээс гадна насжилт өндөр, хорт утаа ихээр гаргаж байгаа тээврийн хэрэгсэл болон шинээр худалдан авч байгаа тансаг зэрэглэлийн автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Гаалийн үнэ, үнэлгээгээр 250 сая төгрөгөөс дээш үнэтэй 10-аас ихгүй зорчигчийн суудалтай автомашин импортолсон бол 250 сая төгрөгөөс илүү гарсан үнэд 30 хувийн онцгой албан татвар авах” заалтыг Онцгой албан татварын тухай хуульд нэмэхээр тусгажээ. Одоо дагаж мөрдөж байгаа хуулийн дагуу үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжаас хамаарч онцгой албан татвар төлдөг. Тэгвэл үүн дээр нэмээд автомашины үнээс хамаарч нэмэлт татвар төлөхөөр оруулжээ.
Өөрөөр хэлбэл, хуульд заасан үнээс дээш өртөгтэй автомашин худалдан авбал илүү гарсан үнэ тутамдаа 30 хувийн онцгой албан татвар нэмж төлнө гэсэн үг.
Манай улс жилд 500-600 сая ам.доллараар шинэ загварын Ланд крузер, Лексус зэрэг тансаг зэрэглэлийн жийп автомашин импортоор авдаг статистик тоо баримт бий. Тухайлбал, манай улс цар тахлын үед 2020 онд 297 сая доллараар, 2021 онд 385 сая доллараар суудлын машин оруулж ирсэн байна. Цар тахлаас өмнөх онуудад 210-419 сая доллараар суудлын машин оруулж ирдэг байлаа. Өнгөрсөн 2022 онд дээрх дүнгүүдээс хоёр дахин их буюу 692 сая доллараар суудлын машин оруулж иржээ. Хэрвээ дээрх хууль батлагдвал тансаг зэрэглэлийн автомашины онцгой албан татвар нэмэгдэх нь.
Түүнчлэн, хууль батлагдвал нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах бөгөөд тус хязгаарт багтаан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгодог болох аж.