“Админерал” ХХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийг зогсоожээ
Барилга, хот байгуулалтын яамнаас өнөөдөр (2023.10.26) улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн барилгуудад хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтыг мэдээлэв.
Энэ үеэр “Зураг төсөлгүй барилгын ажил явуулсан, барилга эхлэх зөвшөөрөлгүйгээр угсралтын ажил хийсэн” асуудлын хүрээнд ЭТТ-н баяжуулах үйлдвэрийн 18 обьект, Бортээгийн уурхайн нүүрс боловсруулан үйлдвэрийн таван барилгын үйл ажиллагааг зогсоосон гэж мэдээллээ.
“Админерал” ХХК нь Бортээгийн уурхайд түшиглэн, ЭТТ ХК-тай түншилж, нүүрс баяжуулах үйлдвэр барьж байгаа. Үйлдвэр энэ онд ашиглалтад орно гэсэн мэдээлэлтэй байсан юм.
“Админерал” ХХК-ийг МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав эзэмшдэг. Харин Ц.Чулуунзагд нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай өнгөрсөн хугацаанд ойр шадар ажиллаж ирсэн. Энэ дагуу АТГ-аас Ц.Чулуунзагдыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн ч гэх мэдээлэл бий юм.
Ташрамд, өчигдөр АТГ-аас мэдээлэл хийхдээ “Админерал компанитай холбоотой хэд хэдэн асуудал шалгагдаж байгаа. Өмнөговь аймгийн Засаг даргын шийдвэрээр 5 жилийн хугацаатай газар эзэмших шийдвэр гарсан.
Тэр газартаа нүүрс баяжуулах үйлдвэр барьж, ЭТТ ХК-тай хамтран ажиллах болсонтой холбоотой өргөн хүрээнд, хэд хэдэн чиглэлд шалгаж байгаа. Сонгон шалгаруулалтад түншлэл байдлаар орж шалгарсан явдалд ч, тэр. Сонгон шалгаруулалт шударга болсон эсэхийг шалгаж байна. Улс төрд нөлөө бүхий этгээд бий эсэх асуудлаар ч шалгаж байна. Одоогийн байдлаар тодорхой хүний нэр хэлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцыг мэдээлэх боломжгүй” гэж мэдээлсэн юм.
Эх сурвалж: eguur.mn