УИХ-ын дарга нийтийн өргөдлийн дүнг нэгдсэн хуралдаанд мэдээлж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

0

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг  байршуулсан.

Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023 оны 10 дугаар сарын 17-ны 11 цаг 40 минутад байршуулснаас хойш зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянга давсан билээ.

Нийтийн өргөдөл хүлээн авах цахим системд байршуулсан саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурлын дарга уг асуудлын талаар Улсын Их Хурлын чуулганд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ хэмээн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан. Энэхүү журамд заасны дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.10.27/ нийтийн өргөдлийн дүнг чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Улсын Их Хурлын дарга монголын парламентын түүхэнд иргэд анх удаа төрийн үйл хэрэгт бодитоор, шууд оролцcон түүхэн үйл явдал сүүлийн 7 хоногт болж өнгөрснийг мэдээллийнхээ эхэнд онцолсон.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан. Мөн 16 дугаар зүйлийн 12-т “төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй” гэж заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлд Үндсэн хуульд заасан энэхүү засаглах эрхээ ард түмэн эдлэхдээ “…тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны программ хангамжаар дамжуулан хэрэгжүүлж болно” гэж заасан.

Түүнчлэн иргэдийн саналыг “…санал авах цахим хуудаст 30 хоногийн хугацаатай байршуулах ба …хуулийн төслийн талаарх саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол” Улсын Их Хурал хэлэлцэхээр заасан.

Эдгээр хуулийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр D-parliament цахим платформын “D-Өргөдөл” системд “Та НӨАТ-ын” буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу” гэсэн асуултыг тавьсан.

Уг асуултыг 2023 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар буюу 6 хүрэхгүй хоногийн хугацаанд 104.791 иргэн дэмжиж, ДАН систем, цахим гарын үсгээрээ санал өгсөн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан журамд:

– Хэрэв иргэдийн санал 100.000-д хүрсэн бол 30 хоногоос өмнө дуусгавар болгож болно;

– Санал авах ажиллагааны үр дүнг Тамгын газар ажлын 3 хоногт багтаан Улсын Их Хурлын даргад хүргүүлнэ;

– Журамд заасан шаардлагыг ээлжит чуулганы үеэр хангасан бол холбогдох Байнгын хороо 14 хоногийн дотор авч хэлэлцэнэ;

– Хуулийн төслийн талаарх саналыг 100.000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурлын дарга уг асуудлын талаар Улсын Их Хурлын чуулганд мэдээлж, холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ гэж заасны дагуу уг нийтийн өргөдлийн дүнг чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлж, Төсвийн байнгын хороонд шилжүүлж байна.

“НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаар олон тооны санал Улсын Их Хурлын даргын нэр дээр ирсэн. Мөн МҮХАҮТ, Сео клубээс саналаа ирүүлсэн. Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Үндэсний аудитын газар холбогдох судалгаа хийж, дүгнэлт гаргасан.

Эдгээр санал, дүгнэлтэд үндэслэн миний бие нийтийн өргөдөл гаргасан. Дүнг би дээр дурдсан.

Ингэснээр:

1. Улс орны эрх ашгийн төлөө олон нийтийн санал бодлыг бодитоор сонсох, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах бодит жишиг боллоо.

2. Технологийн дэвшил буюу “D-PARLIAMENT” цахим систем ашиглан төр-иргэний холбоог ойртуулах, улмаар төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чухал алхам хийгдлээ.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-т заасан засаглах эрх мэдлээ ард иргэд анх удаа ил тод, нээлттэй, бодитоор хэрэгжүүлж чадлаа.

4. Иргэдийнхээ үзэл бодлыг эрхэмлэн сонсож, хууль тогтоох нь монгол төрийн үндсэн зарчим мөн тул Улсын Их Хурал анх удаа нийтийн өргөдлийг хуулийн дагуу хэлэлцэх гэж байна.

Мэдээж хэрэг, аливаа асуудлыг шийдвэрлэхэд бэрхшээл, сөрөг тал үүснэ. Энэ асуудлын тухайд улсын төсөвт тодорхой хэмжээний нэмэгдэл ачаалал үүсэх нь үнэн. Гэхдээ сөрөг талаасаа эерэг тал нь илүү байгаа юм.

Өнөөдөр иргэн бүрийн нүдэн дээр ил байгаа НӨАТ-тай холбоотой нэг асуудал бол аль ч дэлгүүр, худалдааны байгууллагуудаас бараа худалдан авахад НӨАТ-ын 10 хувиар наймаалцаж байгаа явдал юм. Өөрөөр хэлбэл, бараа авахад НӨАТ-тэй авах уу, НӨАТ-гүй авах уу гэж асуудаг, хэрвээ НӨАТ-гүй авъя гэвэл И-баримт өгөхгүйгээр үйлчилдэг, орлогоо нуудаг. Иргэд маань хууль зөрчиж байгааг мэддэг ч 2 хувийн буцаан олголтоос 10 хувийн НӨАТ төлөхгүй байхыг илүүд үздэг нь хэвийн үзэгдэл болсон. Нийгэмд ил байгаа энэ асуудлыг, хуулийн зөрчлийг бид засахгүй, арга хэмжээ авахгүй, шийдвэр гаргахгүй төлөөллийн байгууллага байж таарахгүй. Иргэд ч, албан байгууллага нь ч хууль зөрчөөд байгаатай эвлэрээд суувал хууль хэрэгжихгүй байх үндсэн шалтгаан болдог.

Хоёр хувийг 5 хувь болгосноор төсөвт нэмэлт зардал гарах ч, орлого тал дээр нэмэлт орлого орж ирэх бололцоотой. Нуусан орлого нэмэгдэхээр зөвхөн НӨАТ-ын орлого биш, бусад татварын орлого ч үүнийг дагаад нэмэгдэнэ. Гэтэл энэ нэмэгдэх орлогыг ярилгүй, зөвхөн зөвхөн зардал талаас нь харж өрөөсгөл ойлголт төрүүлж болохгүй.

НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлсний ашиг тус, ач холбогдол юу байх вэ?         

Нэгдүгээрт, Иргэдийн баримт авах, түүнийгээ системд бүртгүүлэх сэдлийг нэмэгдүүлж, тэр хэрээр далд эдийн засаг ил болно.

Монгол Улсын далд эдийн засгийн ДНБ-д эзлэх хувь ҮСХ-ны тооцооллоор буурч байгаа боловч судлаачдын үзэж байгаагаар өндөр хэвээр байна. Дэлхийн банк, ОУВС, Монголбанкны судлаачдын хийсэн судалгаагаар далд эдийн засгийн хэмжээ 16.5-22.5 хувь байна гэсэн дүн гарсан.

2022 оны байдлаар 1.1 сая иргэн буюу насанд хүрсэн иргэдийн дөнгөж 48.6 хувь нь И-баримтад бүртгүүлжээ.

Улаанбаатар хотын 15 худалдааны төвийн 279 цэгээс авсан тандан судалгаанаас үзэхэд худалдаа эрхлэгчдийн 53.0 хувь нь И-баримт өгдөг байна. Тэгэхдээ И-баримтыг зөвхөн иргэд шаардсан тохиолдолд, эсвэл үнийн дүн өндөртэй бараанд л ихэвчлэн өгч байгаа нь тогтоогдсон. Тэднээс асуулга асууж ярилцахад сүүлийн үед НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор иргэд баримт шаардах явдал нэмэгдсэн учир И-баримтын олголт нэмэгдэж байгаа гэж ярьсан. Зөвхөн энэ мэдээлэл ард иргэдийн санхүүгийн боловсрол дээшлэхэд нөлөөлж байгаа юм чинь далд эдийн засгийг бодит болгох ямар боломж гарахыг харах ёстой.

Хоёрдугаарт, төлөх татварын хэмжээ нэмэгдэнэ. Өнөөгийн байдлаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 34.9 хувь нь И-баримтад бүртгүүлсэн байна. 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай, НӨАТ төлөгч биш 4292 хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа бөгөөд тэдний нийт борлуулалт 2022 онд 1.9 их наяд төгрөг байжээ. Мөн 50 сая төгрөгөөс дээш борлуулалттай 5.4 мянган аж ахуйн нэгж НӨАТ төлөгч биш байна. Тэдний нийт борлуулалт 2022 онд 2.5 их наяд төгрөгт хүрсэн байна.

НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр юуны өмнө татварын системд бүртгүүлсэн ч төлөөгүй байгаа эдгээр 4.4 их наядын орлогод татвар тооцох боломж бүрдэнэ.

Гуравдугаарт, иргэдийн засаглах эрхээ хэрэгжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагаанд шууд оролцох, тухайлбал, татварын боловсрол, мэдлэгээ тэлэх сайхан боломж бий болж байна. D-parliament, D-Өргөдөл цахим системийг ашигласнаар иргэд маань маш чухал ойлголт, мэдээллийг авч чадлаа. 30.000, 70.000, 100.000 иргэн нэгдэж, саналаа өгвөл ямар ажиллагаа хийгддэг, ямар боломжууд байдгийг мэдэж авлаа. Энэ боломжийг үр дүнтэй ашигласнаар татварын шударга орчин бий болж, иргэдийн хэвтээ хяналт, оролцооны үр дүнд авлига, хууль бус үйлдэлтэй тэмцэх шинэ хөшүүрэг бий болно. Энэ бол Монгол Улсын Ерөнхий сайдын авлигатай тэмцэх энэ санаачилгыг дэмжиж байгаа, ардын иргэдийн хөдөлгөөнийг дэмжиж байгаа, шударга бус үйлдлүүдтэй тэмцэхийг дэмжиж, урамшуулж байгаа хэлбэр гэж хэлж болно.

D-Өргөдөл цахим систем нэвтэрснээр чухал үр дүнд хүрэх нь нэгэнт тодорхой болж байна. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх саналыг дэмжиж 104.791 иргэн саналаа өгсний 30.4 хувь нь 18-25 насныхан, 21.8 хувь нь 26-30 насныхан, 22.3 хувь нь 31-35 насныхан байна. Өөрөөр хэлбэл 18-35 насны залуус нийт санал өгөгчдийн 74.5 хувийг эзэлж байна.

Бид залуусынхаа оролцоог үгүйсгэдэг байсан ч асуудал тэдэнд биш, бидэнд байсныг энэ байдал харуулж байна. Шинэ үеийн залуус тодорхой, зөв бодлого дээр өндөр идэвхтэй, зөв чиг баримжаатай оролцож чадна гэдгээ харууллаа. Тэд зөв үйлдэлд цахимаар нэгдэж чадна гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн санал өгсөн хүмүүсийн 70.0 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд өрхийн санхүүгийн гол оролцогч, татварын хэмжээ, НӨАТ-ын буцаан олголт тэдний санааг зовоосон асуудал мөн болох нь үүгээр нотлогдож байгаа юм.

2023 оны 10 дугаар сарын 26-ны байдлаар “D-Өргөдөл”-д ДАН систем буюу цахим гарын үсгээр баталгаажсан 389 иргэн 453 нийтийн өргөдөл санаачлаад байна. Тэдгээрээс 48 иргэний 48 өргөдөл шаардлага хангаж, нийтлэгдсэн бөгөөд нийтдээ 302.795 иргэн дэмжиж саналаа өгчээ.

Энэ бол “D-Өргөдөл”-өөр дамжуулан иргэд маань нийгэмд тулгамдсан асуудлын талаар санал бодлоо илэрхийлж, түүнийг нь Та бид анхааралдаа авч, холбогдох шийдвэр гаргах үйл явц улам идэвхжинэ гэсэн үг юм. 

Монголын төр иргэдээсээ хоцорсон гэдгийг одоо хүлээн зөвшөөрөх цаг болсон. Монголын төрийн хөшүүн байдал шинэчлэлээс тойрдог айдас, урагшлах замаас ухрааж байна. Гэтэл иргэд шинэчлэл, өөрчлөлтийг хурд, үсрэнгүй хөгжлийг хүлээж залхаад биднийг шүүмжилж байна. Асуудлын деталь бүрээр нийгмийн эрүүл хэлэлцүүлэг явж байхад бид эндээ мэтгэлцээд буруу хараад сууж байж таарахгүй. Бид нийтийн санхүүгийн реформыг эхлэх шаардлагатай байна. Нийтийн санхүү, төсвийн орлого, зарлагад  цогц реформыг нийгэм шаардаж байна. Төрийн санхүүд зөрчил хавтгайрч, төсөвт хулгай нүүрлэж, тендер авлига гарсан байна гэж иргэд дуу нэгтэй шүүмжилсэн байна. Татвар, шимтгэл, түүний бүрдүүлэлтийн хэт харьцангуй байдлууд, Засгийн газрын өр, төрийн өмчит компаниудын үрэлгэн байдал гээд зайлшгүй шийдэх олон асуудлууд бий. Одоо эхлүүлье, эхлүүлэхдээ хамгийн том хүрээг хамарсан, нийтийн шууд сонирхолтой холбогдож байгаа худалдан авалт, эцсийн хэрэглэгчийн төлдөг татварт иргэдийн хариуцлагыг бий болгож, ард иргэдийнхээ хяналт доор тэдний мэдлэг мэдээллийг сайжруулах замаар далд эдийн засгийг илчлэх, авлигын мөнгийг бүртгэлжүүлэх зэрэг олон асуудлууд эндээс хөврөх учиртай.

Монголын нийгэмд бухимдал их байгааг нуух хэрэггүй. Стратеги судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар нийгмийн бухимдлын түвшин буураагүй, 2023 оны 10 дугаар сарын байдлаар хамгийн өндөр буюу 8.14 гэсэн түвшинд хүрсэн байна.

Бухимдал үүсгэж буй үндсэн шалтгааны эхний 5-д Үнийн өсөлт, Авто замын түгжрэл, Ажилгүйдэл ядуурал, Худалдан авах чадвар, өрхийн орлого муудсан, Авлига, шударга бус байдлыг нэрлэсэн байна. Нэн даруй шийдвэрлэхийг хүсэж буй нийгэмд тулгамдсан асуудлын нэгээр “Татварын бодлогыг өөрчлөх, НӨАТ, ХХОАТ-ын хэмжээ, ЖДҮ, бизнесийг татварын бодлогоор дэмжих”-ийг нэрлэсэн байгааг бид анхааралдаа авах ёстой.

Татварын тогтолцооны реформын хүрээнд иргэдийнхээ саналаар НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь иргэн, төрийн байгууллагын аль алины эрх ашгийг хангасан бодит шинэчлэл болно гэдэгт итгэж байна.

Тиймээс төрийн бодлогод өөрийн саналаа өгч, өөрчлөлт хийх үйл хэргийг манлайлсан Монгол Улсынхаа 104.791 иргэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Цаашид засаглах эрхээ цахимаар хэрэгжүүлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг ард түмнээсээ хүсье гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *