Умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээнд маш том дэвшил гарлаа

0

ЛОНДОН, 2023 оны араюдугаар сарын 27 /ВВС/. Умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээнд сүүлийн 20 жилийн хугацаанд үзэгдээгүй томоохон дэвшил гарсныг эрдэмтэд зарлалаа. Зовиуртай бөгөөд гаж нөлөө ихтэй цацраг туяаны эмчилгээтэй зэрэгцүүлэн харьцангуй хямд үнэтэй эм ууснаар эмчилгээний үр нөлөөг эрс сайжруулах боломжтой гэдгийг эмнэл зүйн туршилтууд баталжээ.

Энэхүү шинэ эмчилгээг хийлгэсэн өвчтөний эдгэрэх магадлал гуравны нэгээс илүү буюу 35 хувиар нэмэгдэж байгааг  Европын онкологичдын нийгэмлэгийн (ESMO) хурлын үеэр танилцуулсан байна.

Судалгааны зардлыг Их Британийн “Cancer Research UK” буяны байгууллага санхүүжүүлжээ. Тус байгууллага мэдэгдэхдээ, эмчилгээний шинэ аргыг дэлхийн хавдар судлалын эмнэлгүүд аль болох түргэн нэвтрүүлж, туяаны эмчилгээний өмнө эмийн курс эмчилгээ хийлгэхийг өвчтөнүүдэд зөвлөнө гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Умайн хүзүүний хорт хавдар бол дэлхий даяар түгээмэл тохиолддог хорт хавдруудын нэг юм. Ойролцоогоор хорт хавдраар өвчилсөн 15 эмэгтэйн нэг нь умайн хүзүүний хорт хавдар тусаж байна. Энэ өвчнөөр бүх насны эмэгтэйчүүд өвддөг бөгөөд тэдний ихэнх нь 30-аас дээш  насныхан байна.

Хэдийгээр сүүлийн хагас зуун жилийн хугацаанд цацраг туяа эмчилгээний үр нөлөө мэдэгдэхүйц сайжирсан боловч өвчтөнүүдийн бараг гуравны нэгнийх нь өвчин дахин сэдэрдэг аж. Өөрөөр хэлбэл, тэдгээр өвчтөнүүд уг зовиур ихтэй эмчилгээг дахин хийлгэхэд хүрч байна. Харин одоо дахин өвчилж буй эмэгтэйчүүдийн тоог дахиад гурав дахин бууруулах боломжтой болсон бөгөөд үүний тулд зөвхөн цацраг туяаны шарлага хийлгэхээс өмнө хэд хэдэн төрлийн хямд эм уух ёстой.

“Зарим хорт хавдрын туяа эмчилгээ, мэс засал зэрэг эмчилгээг эхлэхээс өмнө эмийг курсээр уух нь үр дүнтэй гэдгийг олон туршилтаар нотоллоо. Энэхүү арга нь хорт хавдар дахин сэдрэх магадлалыг эрс бууруулна. Эмчилгээнд шаардлагатай​​эмүүд дэлхий даяар хүртээмжтэй байгаа” гэж “Cancer Research UK” байгууллагын эмч И.Фоукс ярилаа.

“Бидний явуулсан эмнэл зүйн туршилтууд нь умайн хүзүүний хорт хавдартай тэмцэж буй олон хүмүүсийн насыг уртасгаж чадна гэдгийг нотолсонд судалгааг ивээн тэтгэсэн байгууллага маань урамтай байгаа” гэж тэрбээр нэмж хэлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *