П.Чинзориг: Суданд энхийг сахиулсан монгол цэргийн худалдан авч, тэжээсэн бор гөрөөс одоо ч зөвхөн монголчуудын гараас хооллож, эрхэлдэг

0

Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагааны 20 гаруй жилийн туршлагатай. Эл хугацаанд үүрэг гүйцэтгэсэн монгол цэргүүдийн бусад улсаас ялгарах чанар нь нутгийн иргэдтэй харилцах харилцаа, өндөр ур чадвар байдгийн сайн жишээг олон улсын хэвлэлүүд онцолж, бүс нутгийн иргэд хэлэлцдэг тухай бид олонтоо сонсож, уншдаг билээ.

Тэгвэл энэ удаа бидний онцлох өнцөг Өмнөд Судан Улсад алба хааж буй монгол цэргүүдийн ан амьтадыг хайрлаж,  нутгийн иргэдтэй үүсгэсэн элгэмсэг харилцаа юм. Тухайлбал Судан Улсад алба хааж байсан монгол цэрэг янзага худалдан авч, угжиж тэжээсэн нь одоог хүртэл ээлж солигдоно очих цэргүүдэд эрхэлж, зөвхөн монголчуудын гараас хооллодог болжээ. Түүнчлэн нутгийн иргэдийн талархсан сэтгэлээр бэлэглэсэн хоёр ямаа өдгөө 20 болон үржиж мөн л монгол цэргүүдийн гараас хооллож, эрхэлсээр байгаа аж. Иймд бид энэ талаар Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн ээлж солилцох ажлаар тус бүсэд очоод буй Хурандаа П.Чинзоригоос тодруулан ярилцлаа.

ВИДЕО: 

https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F1429582857625311%2F&show_text=false&width=311&t=0

Тэрбээр, Монгол цэргүүд энэ бүс нутагт маш нэр хүндтэй. Манай цэргүүд амьтадтай болон нутгийн иргэдтэй маш элгэмсэг харилцаа үүсгэсэн нь хаа явсан газар иргэд бидэнтэй мэндлэх, хүүхдүүд монгол хэлийг ус цас шиг мэддэг болж монголоор дуулж, бүжиглэх зэргээс харагдаж байсан. Үүний хамгийн том жишээ нь монгол цэргүүдийн хамгаалж байсан хуаранг орон нутагт нь хариуцуулсан ч тус бүсийн хүүхдүүд монгол цэргүүд дээр ирж, буцаад биднийг хамаарч болохгүй эсэх талаар асууж ярилцдаг юм байна лээ” хэмээсэн юм.

-Юуны түрүүнд алс хол Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй монгол цэргүүдийнхээ амар мэндийг эрье.

-Бид сайн сууж байгаа. Миний хувьд үүрэг гүйцэтгэгч баг солилцох ажлаар түр ирээд байна.

-Бэмби гэж нэрлэсэн бор гөрөөсний түүхээс хуваалцаач. Яаж яваад монгол цэргүүд тэжээдэг болов?

-Бэмбийг маань манай Н.Түвшинжаргал гэдэг залуу анх нутгийн иргэдээс  500 фаунтаар худалдан авч байсан юм байна лээ. Тэгээд бүр жаахан янзага байхад нь угжиж өсгөсөн. Улмаар зөвхөн Н.Түвшинжаргал гэж монгол цэргийн хөл дээр унтдаг, зөвхөн түүний гараас угжаа хөхдөг болж, тэд хамтдаа унтдаг байсаныг цэргүүд ярьж байна. Тэгээд тэр цэрэг маань нутаг буцаж, түүнээс хойш ээлж солигдохох бүрд ирсэн манай цэргийн баг Бэмбийг эрхлүүлсээр байгаад одоо нэг сайхан эрхийн балай мангар хар гөрөөс болсон байна. Хачирхалтай нь тэр одоо ч зөвхөн монгол цэргийн гараас л хоол иддэг. Ингэхдээ талх иддэггүй заавал печень ч гэх юм уу амттай зүйл иддэг байгаа юм. Бэмби гэж дуудахаар хаанаас ч байсан гүйгээд ирдэг нэг хөөрхөн амьтан энд өсөж байна.

-Бас хэдэн ямаа байсан уу?

-Тиймээ. Эндхийн нэг суурины омгийн ахлагч монгол цэргүүдэд баярласнаа илэрхийлж нэг ухна болон эм ямаа өгс байсан нь одоо 20 гаруй болж үржсэн байгаа юм. Тэдгээр ямаануудаа мөн л Бэмби шиг гаршуулж, цэргүүд маань Цагаанаа, Борхүү зэрэг нэр хүртэл өгчихсөн байна лээ. Нөгөө хэд нь нэрээ мэднэ гэж жигтэйхэн. Нэрээр нь дуудахаар нь майлаад хүрээд ирдэг.

-Ер нь Суданы бичлэг, олон улсын мэдээллээс харахад монгол цэргүүд маань нэр хүндтэй. Иргэдтэй найрсаг харилцаа тогтоодог юм байна гэж боддог. Газар дээр нь ажиллах явцад ямар санагдаж байв?

-Амьтадтай болон нутгийн иргэдтэй манай монгол цэргүүд маш сайхан элгэмсэг харилцаа үүсгэсэн байдаг. Нутгийн иргэд хүртэл манай монгол цэргүүдэд дуртай, хайртай хаана ч монголчууд байна. Сайн байна уу Монголия гэж мэндчилж, гараа даллаж байдаг. Хүүхдүүд нь манай машиныг дагаж гүйдэг. Ийм л хэцүү хүнд орчинд монгол цэргүүд маш дотно элгэмсэг харилцааг үүсгэсэн байдаг юм байна.

-Өмнөд Суданы хүүхдүүд монгол хэлээр ярьж буй бичлэгийг та нийтэлсэн байсан. Улмаар монголын болон гадаадын сайтуудад гарсан байна лээ. Бичлэгт гарах Босс гэх хүүгийн талаар сонирхуулаач?

-Босс гэдэг хүү дүрвэгчдийн хуаранд төрсөн. Энэ газарт өсөж арав гаруй жил монгол цэргүүдтэй хамт байгаад сурчихсан юм байна лээ. Ер нь тус бүсийн хүүхдүүд монгол цэргүүдийг маш сайн мэддэг. Монголоор маш сайн ярьж сурсан байдаг. Намайг хүртэл “хөөе цагаанаа чи ээлж солилцож байгаа шинэ багийн захирагч юм уу” гэж ярьж байх жишээний монгол хэлээр бүр ус цас ярьдаг болчихсон. Анх удаа энд ирсэн ээлжийн залуу хүртэл англи хэлээр ярьсан чинь “чиний англи хэл муу юм байна. Хоёулаа монголоор ярья” гэх жишээний монгол цэргүүдтэй хүүхдүүд маш элгэмсэг дотно байдаг.

Гэхдээ одоогоор тэр хүүхдүүдийн байдаг дүрвэгсдийн хуаранг шийдвэр гаргаад орон нутгийн цэрэгт нь хүлээлгээд өгчихсөн юм байна лээ. Тэгээд тэр дүрвэгсдийн хуаранд байгаа хүүхдүүд баз дээр ирээд “та нар биднийг буцаж авахгүй юм уу. Бид монголчуудтай байхдаа гоё байсан. Одоо та нар биднийг буцаагаад авчхаач дээ. Нутгийнхан биднийг сайн харахгүй байна” гэж манай харуулын цэргүүд дээр ирж яриад байж байсан. Тэгээд эд нар чинь монгол дуу дуулна, монгол бүжиг бүжиглэнэ их олон авьяастай хүүхдүүд байдаг юм байна лээ.

Эх сурвалж: isee.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *