Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай ААН байгуулах, эзэмших сонголтууд

0

Хятадад анх компани байгуулахаасаа өмнө бизнесийн цар хүрээгээ сайтар төлөвлөх нь чухал, эс бөгөөс үүнийг өөрчлөхийн тулд хүнд хэцүү, цаг хугацаа шаардсан үйл явцыг даван туулах эрсдэлтэй.

Хятад улсад тогтвортой бизнесийн үйл ажиллагаа эрхлэх замаар зах зээлд нь нэвтрэх, байршихаар төлөвлөж буй Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж (ААН) -үүд өөрийн бизнест тохирсон хөрөнгө оруулалтын байгууллагын бүтцийг сонгохдоо үйл ажиллагааны хамрах хүрээ, сонгон авсан салбарын онцлог, санхүү, хөрөнгийн нөөц, тухайн улсад хамтрах түншийнхээ итгэлтэй байдлыг харгалзан үзэх шаардлагатай. Хятад улс Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль (ГХОТХ) -ийг 2019 оны гуравдугаар сарын 15-нд шинэчлэн баталж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Тус хууль нь гадаадын хөрөнгө оруулагчид (ГХО) -ын бизнес эрхлэх орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг (ГХОААН) -ийг зах зээлийн өрсөлдөөнд эрх тэгш оролцохыг баталгаажуулах гэсэн хоёр зорилготой юм.

Хятадын шинэ ГХОТХ -ийн 31, 42 дугаар зүйлд ГХОААН -ийн зохион байгуулалтын хэлбэр, удирдлагын бүтэц, үйл ажиллагааны дүрэмтэй холбоотой асуудлыг тодруулсан. Хуулийн 31 дүгээр зүйлд ГХОААН -ийн зохион байгуулалтын хэлбэр, удирдлагын бүтэц, үйл ажиллагааны дүрэм нь дотоодын ААН-ийн нэгэн адил Компанийн тухай хууль, Нөхөрлөлийн ААН -ийн тухай хууль болон холбогдох бусад хуулийн заалтыг дагаж мөрдөхийг заасан. ГХОТХ-ийн 42 дугаар зүйлийн дагуу өмнө нь хэрэгжиж байсан Гадаадын 100 хувийн өмчит аж ахуйн нэгжийн тухай хууль, Хятад – Гадаадын хамтарсан үйлдвэрийн тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалттай түншлэлийн тухай хуулийг нэгэн зэрэг хүчингүй болгосон. Шинэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гурван хуулийн дагуу байгуулагдсан бүрэн гадаадын өмчит аж ахуйн нэгж (БГӨААН),  хамтарсан өмчит үйлдвэр (ХӨҮ), гадаадын хөрөнгө оруулалттай түншлэл (ГХОТ) -ийн зарим хасагдсан хэлбэр нь 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш таван жилийн хугацаанд анхны зохион байгуулалтын хэлбэрээ хадгалж болно гэж заажээ. Иймээс шинэ хуулиар цаашид байгуулах боломжгүй болсон ба Монгол Улсын иргэн, ААН байгуулах, эзэмшихэд төдийлөн тохиромжгүй Хятад дахь ГХОААН-ийн хэлбэрүүдийг энэ нийтлэлд оруулаагүй билээ.

Хамтарсан үйлдвэр нь цар тахлын дараа олон тооны ГХО-ын Хятадын зах зээлд нэвтрэх стратеги болоод байна.

Өмнөд хөршид үйл ажиллагаа явуулах ГХОААН хамгийн түрүүнд бизнесийн хамрах хүрээгээ тодорхойлж мэдүүлэх үүрэгтэй. Бизнесийн хамрах хүрээ гэдэг нь тухайн ААН -ийн эрхлэх үйл ажиллагаа явуулах эрх бүхий арилжааны салбарын жагсаалт юм. Хятад улсын газар нутагт бүртгэлтэй ГХОААН аль салбарт үйл ажиллагаа явуулж болох, үгүйг жил бүр Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжил шинэтгэлийн хороо, Худалдааны яам (MOFCOM), Зах зээлийн зохицуулалтын төрийн захиргааны төв байгууллага (SAMR) -аас баталж, орон нутгийн захиргаа ААН-үүдэд эрхлэх хүрээнийх нь зөвшөөрлийг олгодог. ГХОААН-ийн хувьд компанийн үйл ажиллагааны бизнесийн хүрээ анхнаасаа гэрчилгээн дээр үнэн зөвөөр туссан байх ёстой. Одоогийн мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу ГХО-дыг Үндэсний хязгаарлах жагсаалт болон Хятадын чөлөөт худалдааны бүс дэх гадаадын хөрөнгө оруулалтыг хориглох жагсаалтад тусгасан тодорхой салбаруудад хөрөнгө оруулахыг хязгаарласан буюу хориглосон хэвээр байна. Энэхүү хоёр жагсаалтыг “Сөрөг жагсаалт” гэж ерөнхийд нь нэрлэдэг ба цаашид уг нэршлээр нь бичих болно.

Сөрөг жагсаалтаар хязгаарласан салбарт, бүртгэлгүй хүрээний бизнес эрхлэх нь зөвхөн өөрийн ААН-ийг хуулийн эрсдэлд оруулахаас гадна компанийн харилцагч, үйлчлүүлэгчдэд татварын албан ёсны буцаалтын нэхэмжлэл (fapiao) гаргах зэрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй. Компани нь зарим үед бизнесийн хүрээнээс гадуур үйлчилгээ явуулахдаа fapiao гаргаж болох ч ирээдүйд татварын албаны шалгалтаар дээрх зөрчил илэрвэл өндөр торгуульд унаж, шударга бус компанийн жагсаалтад орж болзошгүй. Тиймээс Хятадад анх компани байгуулахаасаа өмнө бизнесийн цар хүрээгээ сайтар төлөвлөх нь чухал, эс тэгвээс үүнийг өөрчлөхийн тулд хүнд хэцүү, цаг хугацаа шаардсан үйл явцыг даван туулах эрсдэлтэй. ГХОААН-ийг бизнесийн цар хүрээнээс хамааран үйлдвэрлэлийн компани, үйлчилгээний компани, худалдааны компани, бүсийн төв оффис, судалгаа хөгжлийн төв, хөрөнгө оруулалтын компани болон бусад гэж ангилдаг. Ихэнхдээ хөрөнгийн шаардлага нь үүсгэн байгуулж буй компанийн төрлөөс хамааран өөр өөр байдаг. 

Судалгаа хөгжлийн ГХО төв гэдэгт Төлөөлөгчийн газар (ТөГ), Олон улсын боловсон хүчний шийдэл (GSS) гэсэн ААН-ийн хоёр хэлбэрийг хамруулан ойлгож болно. Хятадын зах зээлийг мэдрэх, судлах, орон нутгийн чадварлаг хүний нөөцийг ашиглах, хятад мэргэжилтнүүдээр судалгааны ажил гүйцэтгүүлэх, тэднээр компанийн өмнөөс худалдаа, хөрөнгө оруулалтыг хэлцэл хийлгэх, өргөн хүрээнд хамтран ажиллах ирээдүйн түншээ олохоор төлөвлөж буй монголчуудын хувьд Хятадад компанийнхаа төлөөлөгчийн газар (ТөГ) -ыг эхэлж байгуулах, Олон улсын боловсон хүчний шийдэл (GSS)-ийн хамтын ажиллагааг ашиглах нь илүү тохиромжтой.

Төлөөлөгчийн газар (ТөГ) нь Хятадад ГХОААН-ийн бүтцийг бий болгоход хамгийн хялбар хэлбэр боловч бие даасан хуулийн этгээд гэж тооцогдохгүй ба ашиг олох зорилготой аливаа үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог. ТөГ нь дөрөв хүртэлх тооны гадаадын иргэнийг төлөөлөгчөөр шууд ажилд авах эрхтэй. Харин Хятадын бүрэн эрхтэй хуулийн этгээд биш учраас орон нутгийн иргэдийг шууд ажиллуулах боломж хязгаарлагдмал ч хөдөлмөр эрхлэлтийн тусгай зөвшөөрөл бүхий хүний нөөцийн компаниар дамжуулан ажилтан авахад нээлттэй. Тэдгээр компани нь харилцагч байгууллагыг төлөөлөн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулан цалин олгож, нийгмийн даатгал төлж, цаг бүртгэж, ажлын гүйцэтгэлд хяналт тавих үйлчилгээ үзүүлдэг. Ихэвчлэн Хятадад бараа бүтээгдэхүүнээ гэрээт үйлдвэрүүдээр үйлдвэрлүүлэн гуравдагч зах зээл рүү гаргадаг компаниуд, ханган нийлүүлэгч агентууд чанарын хяналт тавих, тээвэр ложистикийн үйл ажиллагаа зохион байгуулах, түүхий эд, үйлдвэрлэлийн нөөцийг удирдах зорилгоор ТөГ ажиллуулдаг. Хятадын зах зээлээс ашиг олох нь хориотой ч ТөГ -ууд нийт зардлын найман хувиар тооцож ААНОТ төлдөг.

Олон улсын боловсон хүчний шийдэл (GSS) гэж гадаадын компаниуд ажлын даалгавраа Хятадын иргэдээр гүйцэтгүүлэх, Хятадын компаниудад дутагдаж буй олон улсын өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүдийг олж зуучлах үйл ажиллагаа эрхэлдэг бизнесийн зохион байгуулалтын хэлбэр юм. GSS нь Хятад дахь өдөр тутмын үйл ажиллагаагаа орон нутгийн компаниудад даатгадаг. ТөГ-аас давуутай нь гадаадаас GSS үйлчилгээ авагч компани нь ААНОТ төлөхгүйгээс гадна, оффис нээж, хүмүүс ажиллуулахад цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардахгүйгээр тухайн зах зээлд орон нутгийн хууль тогтоомжийн хүрээнд үндсэн ажилтантай байх давуу талыг эдэлдэг. Энэ нь гадаадын фирмүүдэд тодорхой салбар доторх үйл ажиллагааны хувилбаруудыг харж, өөр өөр стратегийг туршиж үзэх боломжийг олгодог. Хөрөнгө оруулагчид энэхүү үйлчилгээг шинэ зах зээлд нэвтрэх, орон нутгийн бизнесийн орчин, соёлын талаарх мэдлэгийг олж авах, зах зээлд тохирох байдлыг тодорхойлох, нийлүүлэлтийн сүлжээ тасалдахаас урьдчилан сэргийлэх, тогтвортой урт хугацааны стратеги бий болгоход ашигладаг.

Хувьсах хүүтэй байгууллага (VIE) -ын бүтцийг гадаадын олон хөрөнгө оруулагчид харилцаа холбоо, боловсрол гэх мэт ГХО-ыг хязгаарласан жагсаалтад орсон Хятадын бизнесийн салбаруудад нэвтрэх зорилгоор ашигладаг.

ТөГ нээн ажиллуулж, GSS хэлбэрээр Хятадын бизнесийн орчны талаар судалгаа явуулсан, эсвэл тус зах зээлд шууд байршихаар шийдсэн гадаадын ААН-үүд Бүрэн гадаадын өмчит аж ахуйн нэгж (БГӨААН), Хамтарсан үйлдвэр (ХҮ), Гадаадын хөрөнгө оруулалттай түншлэл (ГХОТ), Хятадын компанитай нэгдэх ба худалдан авах (M&A), Гадаадын хөрөнгө оруулалттай арилжааны байгууллага (ГХОАБ), Хувьсах хүүтэй байгууллага (VIE) гэсэн зохион байгуулалтын хэлбэрүүдээс сонгон тус улсад ГХОААН байгуулж, эзэмшдэг. Энэхүү зохион байгуулалтын хэлбэрүүдээс сонгон Хятадад ГХОААН байгуулахаас өмнө орон нутгийн Зах зээлийг зохицуулах газар (AMR)-т ААН-ийнхээ бүртгэлтэй хөрөнгийн жагсаалтыг мэдүүлнэ. Бүртгэлтэй хөрөнгө гэдэг нь  компанийг үүсгэн байгуулахаар өргөдөл гаргахдаа бүх хувьцаа эзэмшигчийн ААН-д оруулах хувь нэмэр, нийлүүлсэн, эсвэл нийлүүлэхээр амласан нийт хөрөнгийн санг хэлнэ. Бүртгэлийн хөрөнгийн хэмжээ нь бүс нутаг, бизнесийн салбар, ААН -ийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран янз бүр байж болно. Тэрхүү хөрөнгийн хэмжээг бүртгэлийн байгууллагаас компанийн гэрчилгээн дээр хэвлэх бөгөөд компанийн чадавхыг илтгэх байдлаар цахим орчинд олон нийтэд нээлттэй байлгадаг. 

Бүртгэлийн хөрөнгийг урьдчилж ямар нэгэн төрийн санд бүрэн төвлөрүүлэх шаардлагагүй. Шинэ ГХОТХ-нд төлбөртэй хөрөнгийн өмнөх тогтолцоог захиалгат хөрөнгийн загвараар сольсон бөгөөд үүний дагуу шимтгэлийн хуваарийг үндсэн дүрэмд тусгаж, орон нутгийн Зах зээлийг зохицуулах газар (AMR)-т бүртгүүлдэг болгосон. Хөрөнгө оруулагчид захиалгат хөрөнгөө амлалтын дагуу бүртгэлийн сандаа төвлөрүүлж, хөрөнгө оруулах төлөвлөгөөг дагаж мөрдөж байгаа эсэхийг Засгийн газар шалгадаг. Банк, санхүү, даатгал гэх мэт цөөн хэдэн салбарыг эс тооцвол компани байгуулахад бүртгүүлэх хөрөнгийн доод хэмжээ байхгүй хэдий ч бодит байдал дээр эрх баригчид компанийн дүрмийн санг дор хаяж нэг жил бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад шаардлагатай түрээс, хөдөлмөрийн зардал зэргээс илүү байхыг шахдаг. 

Хятадад 2022 оны сүүлчээс ГХОААН бүртгүүлж нээхэд харьцангуй хялбар болсон төдийгүй муж, хотын онцлогоос шалтгаалан 1-3 өдрийн хугацаа ордог болсон. Харин төрөөс тусгай зөвшөөрөл, нэмэлт лиценз авах үйл явц өмнөх шигээ нарийн төвөгтэй хэвээр байгаа. Нэмэлт зөвшөөрөл, лиценз авах ГХОААН-үүд Худалдааны яам (MOFCOM), Зах зээлийн зохицуулалтын төрийн захиргааны төв байгууллага (SAMR), Гадаад валютын улсын захиргаа (SAFE), Татварын ерөнхий газар (ТЕГ), Гаалийн ерөнхий газар (ГЕГ), Үндэсний статистикийн товчоо (NBS) болон тэдгээрийн орон нутаг дахь салбар байгууллагуудад хүсэлтээ гаргаж, бичиг баримт бүрдүүлж өгснөөс хойш 3-6 сарын хугацаанд хүлээх болдог ч эдгээр бүх байгууллагатай харилцана гэсэн үг биш. Жишээлбэл, үйлдвэрлэлийн БГӨААН нь байгаль орчны үнэлгээний тайланг бөглөх шаардлагатай бол худалдааны БГӨААН нь гааль, барааны хяналтын шаардлагыг дагаж мөрдөх ёстой байдгаас үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу зөвшөөрөл авах ёстой тухайлсан төрийн байгууллагад л ханддаг.

Бүрэн гадаадын өмчит аж ахуйн нэгж (БГӨААН) нэг буюу хэд хэдэн гадаадын хөрөнгө оруулагчдын бүрэн эзэмшдэг хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) бөгөөд удирдлагын маш энгийн бүтцийг санал болгодог. ТөГ-аас ялгаатай нь БГӨААН нь ашиг олж, орон нутгийн ханган нийлүүлэгчдэдээ юаниар нэхэмжлэл гаргах эрхтэй. Мөн хөдөлмөр эрхлэлтийн агентлагийн үйлчилгээг ашиглах үүрэг хүлээхгүйгээр орон нутгийн ажилтнуудыг шууд ажиллуулж болно. Мөн охин компани байгуулж, өргөжин тэлэхийг зөвшөөрдөг. ХҮ-тэй харьцуулахад БГӨААН нь Хятадын түншийг харгалзахгүйгээр хөрөнгө оруулагчдын дэвшүүлсэн компанийн бодлогыг хэрэгжүүлэх бие даасан байдал, уян хатан чанар сайтай байдаг. Энэ нь компанийн оюуны өмч, технологийг хамгаалахад давуу тал болдог.

Хамтарсан үйлдвэр нь цар тахлын дараа Хятадын зах зээлд олон тооны гадаадын хөрөнгө оруулагч  нэвтрэх стратеги болоод байна.

Сул тал нь БГӨААН-ийн үйл ажиллагааны төрөөс тогтоосон тохируулах журам нь илүү төвөгтэй. Хэрэв зорилтот зах зээл нь сөрөг жагсаатад орсон бол тухайн салбарт бизнес эрхлэх эрхгүй. БГӨААН хууль бусаар хязгаарласан салбарт үйл ажиллагаа явуулбал торгуул ногдуулах эс бөгөөс бизнесийн лицензийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг. Үйлдвэрлэлийн, худалдааны, үйлчилгээний гэсэн БГӨААН-ийн гурван өөр хэлбэр бий. Зохион байгуулалтын гурван бүтцийн үүсгэн байгуулах журам, зардал, үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрсөн арилжааны цар хүрээний хувьд ихээхэн ялгаатай. Худалдааны болон үйлдвэрлэлийн БГӨААН нь орлогынхоо дийлэнх хувийг нэрийн бизнесээс олох ёстой, гэхдээ холбогдох үйлчилгээг үзүүлэх боломжтой. Үйлчилгээний БГӨААН-д өөрсдийн үйлчилгээтэй холбоотой худалдааны үйл ажиллагаа явуулахыг нэмэлтээр зөвшөөрнө.

Хамтарсан үйлдэр (ХҮ) гэж нэг буюу хэд хэдэн гадаадын хөрөнгө оруулагчтай, нэг ба түүнээс олон Хятадын иргэн, ААН хамтран үүсгэн байгуулсан үйлдвэрийг хэлнэ. Өмнөх хуулиар нь Хятадын иргэнд ХҮ, хамтарсан компанийн хувьцаа эзэмшигч байхыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж ирсэн ч 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн ГХОТХ-ийн дагуу энэ хязгаарлалтыг цуцалсан. ГХО -д зөвхөн Хятадын иргэн ААН-тэй хамтарсан компаниар дамжуулан гадаадын хөрөнгө оруулахыг хуулиар зөвшөөрсөн хязгаарлагдмал үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах болон дотоодын зах зээлээ мэддэг, харилцаа холбоо сайтай Хятад хамтрагчийн борлуулалтын суваг, сүлжээг ашиглах хоёр үндсэн зорилгоор ХҮ-ийн бүтцийг сонгодог. Хамтарсан үйлдвэр нь цар тахлын дараа олон тооны ГХО-ийн Хятадын зах зээлд нэвтрэх стратеги болоод байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай арилжааны байгууллага (ГХОАБ)-ыг БГӨААН эсвэл ХҮ хэлбэрээр байгуулж болох ба жижиглэн худалдаа, франчайзинг, түгээлтийн үйл ажиллагаа явуулдаг компанийн нэг төрөл юм. БГӨААН эсвэл ХҮ нь зөвхөн ГХОАБ хэлбэрээр байгуулагдах эсвэл ГХОАБ-ийн үйл ажиллагааг үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг бизнесийн бусад үйл ажиллагаатай хослуулж болно. ГХОАБ нь Хятадаас экспорт хийх зорилготой гадаад компаниудын байгуулдаг ГХОААН-ийн хэлбэр юм. Энэ хэлбэрийн ААН-ээр дамжуулан Хятадад тээвэр ложистикийн зохион байгуулалт хийх, гаалийн албатай харилцах, үйлдвэрлэгчидтэй холбоо тогтоох, даатгалын үйлчилгээ авах, татварын буцаан авалт авахад илүү хялбар байдаг.

Гадаадын хөрөнгө оруулалттай түншлэл (ГХОТ) -ийг ихэнх ГХО -д үл тоомсорлодог боловч үр дүнтэй ашиглаж чадвал төрөөс олон төрлийн хөнгөлөлт авч болдог давуу талтай. Уг ААН-ийг хоёр ба түүнээс дээш хөрөнгө оруулагч байгуулах ёстой. Тиймээс 100 хувийн хяналттай ААН байгуулах гэж байгаа ГХО-д энэ сонголт тохирохгүй. ГХО -д ГХОТ-ээр хязгаарласан жагсаалтад заасан салбарт өөрийн хөрөнгийн бизнес эрхлэх боломжгүй. ГХОТ-ийг ГХО, хятад түнштэйгээ хамтран шинээр байгуулж, эсвэл одоо байгаа дотоодын нөхөрлөлийн өмчийн хувийг худалдах замаар эзэмшиж болно.

Нөхөрлөл гэдэг нь тусдаа хуулийн этгээд биш, хоёр ба түүнээс дээш талууд нийтлэг нэрийн дор бизнес эрхлэх тухай гэрээ хэлэлцээр бөгөөд Засгийн газрын байгууллагад бүртгүүлдэг. Нөхөрлөл нь хуулийн хүрээнд хөрөнгө оруулагчдад өөрсдийн үзэмжээр дотоод зохицуулалтаа хийх өргөн эрх чөлөөг олгодог. Жишээлбэл, ашгийн хувь болон саналын эрхийг хөрөнгө оруулагчийн оруулсан хувь хэмжээтэй уялдуулах шаардлагагүй. Нөхөрлөлийн ААН-ийн тухай хуульд зарчмын хувьд түнш нь нөхөрлөл дэх хувиа худалдах үед бусад бүх түнш санал нэгтэй зөвшөөрөх ёстой гэж заасан байдаг ч хөрөнгө оруулагчид хятад түнштэйгээ үйлдэх гэрээнд өөрөөр заах эрхтэй. Ийм аргаар ГХО бизнест оролцох оролцоогоо бусдад шилжүүлэх нь илүү хялбар байдаг. Практик дээр заримдаа Гадаадын хувийн хөрөнгө оруулалтын сангууд ГХОТ-ээр дамжуулан Хятад дахь мөнгөө удирдахад ашигладаг.

Хятадын компанитай нэгдэх ба худалдан авах (M&A) аргыг сонгосноор ГХО -д Хятадад ГХОААН шинээр байгуулан, төрөөс олгох нэмэлт зөвшөөрөл авах нарийн төвөгтэй үе шатыг алгасдаг. Хятадын хуулиар ГХО үйл ажиллагаа явуулж буй дотоодын компанийн эзэмшигчээр нэгдэх, дийлэнх хувийг нэр дээрээ шилжүүлэх, хувьцаат компанийн хяналтын багцыг худалдаж авах эрхтэй. Бэлэн хүний нөөц, хөрөнгө, борлуулалтын суваг, байгууллагын соёл тогтсон компанийг худалдан авснаар цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэхээс гадна зах зээл дээр шууд өрсөлдөх боломжийг ГХО -д олж авдаг. Худалдан авагч нь авсан компанийнхаа хяналтын эрхийг хэрэгжүүлэгч болох нь Хятадад эрүүл мэндийн байгууллага ажиллуулах зэрэг тусгай зөвшөөрөл авахад хэцүү салбарт орж болдог.

Хувьсах хүүтэй байгууллага (VIE) -ын бүтцийг гадаадын олон хөрөнгө оруулагчид харилцаа холбоо, боловсрол гэх мэт ГХО-ыг хязгаарласан жагсаалтад орсон Хятадын бизнесийн салбаруудад нэвтрэх зорилгоор ашигладаг. Энэ загварын дагуу ГХО шууд хувьцаа эзэмших бус хэд хэдэн гэрээний зохицуулалтаар Хятадын дотоодын үйл ажиллагаа эрхэлдэг ААН-ийн эцсийн хяналтыг өөрийн гарт төвлөрүүлдэг. Иймээс Хятадын компаниуд гэрээний зохицуулалтыг санаатайгаар зөрчин ГХО-ийн бүтцэд тавих хяналтад сулруулах оролдлого хийж магадгүйг анхаарах хэрэгтэй.

Одоогоор Хятадын Засгийн газрын VIE бүтцэд хандах хандлага тодорхойгүй хэвээр байна. Энэ нь хууль ёсны бизнесийн хэлбэр мөн эсэх, ГХО-ийн хамрах хүрээнд хамаарах эсэхийг ГХОТХ-д тодорхой заагаагүй ч амьдрал дээр өргөн тархсан компанийн хэлбэр хэвээр буй. Хятадад VIE бүтцийг ГХО-тад хараахан нээлттэй бус байгаа боловсрол, эрүүл мэнд гэх мэт стратегийн салбарт хууль бус гэж үздэг. Гэсэн хэдий ч Хятадын үнэт цаасны зохицуулах хороо (CSRC), Хятадын аюулгүй байдлын хяналтын байгууллагууд VIE бүтэцтэй мэргэшсэн компаниуд гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргах боломжтой хэвээр байгааг баталжээ. Уг бүтцийг сонирхож буй Монгол Улсын бизнес эрхлэгчдэд зохицуулалтын чиг хандлагыг сайтар судлахаас гадна нэр хүндтэй хуулийн фирмээр үйлчлүүлэхийг зөвлөж байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гол албан тушаалууд нь компанийн хөрөнгө оруулалтын бүтэц, хэмжээ зэргээс хамаарч тооны хувьд олон, цөөн байж болох ч хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх захирал, эсвэл захирлуудын зөвлөл, хянагч, ерөнхий менежер, санхүүгийн захирал, хууль ёсны төлөөлөгчийг заавал томилж бүртгүүлэх ёстой. Эдгээрийн зарим нь давхцаж болдог. ГХОААН-ийн хувьцаа эзэмшигчдийн зөвлөл нь компанийн гүйцэтгэх захирал, эсвэл захирлуудын зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэн хуульд зааснаар эцсийн хариуцлага хүлээхийн хамт дээд эрх мэдлийг эдэлдэг. Хятадын шинэ ГХОТХ-ын хуулийн дагуу БГӨААН, ХҮ-үүдэд хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг төлөөлөх дор хаяж нэг хянагчийг захирлуудын зөвлөл, гүйцэтгэх захирлаас тусад нь ажиллуулах шаардлага тавьдаг. Хянагч нь компанийн гүйцэтгэх удирдлагаас хараат бусаар ажиллах ёстой учраас компанид санхүүтэй холбоотой өөр албан тушаал давхар хашихыг мөн хориглодог. 

Хятадын ГХОТХ-д ГХОААН-ийн санхүүгийн захирал, эсвэл санхүү хариуцсан ажилтан нь компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн нийцэл, татвар, санхүүгийн төлөвлөлт, тайлан, мөнгөн гүйлгээний хяналтыг гүйцэтгэхтэй холбоотой эрх, үүргийг хэрэгжүүлдэг гол албан тушаалтан байж, тухайн ААН дээрхтэй холбоотой зөрчил гаргавал компанийн өмнөөс хамгийн түрүүнд хариуцлага хүлээнэ гэж тодорхой заасан байдаг. Энэ албан тушаалыг ТУЗ-ийн гишүүн нэгэн зэрэг гүйцэтгэж болно. Санхүү хариуцсан захирал, ажилтан нь Хятадад компани байгуулах үе шатанд онцгой ач холбогдолтой. Компани байгуулах, тусгай зөвшөөрөл авахтай холбоотой бүхий л бичиг баримтанд санхүүгийн хариуцагчийн нэрийн баталгаажуулалт, оршин суух хаяг зэрэг мэдээллийг шаарддаг.

Хятадад байгуулагдсан гадаад, дотоодын бизнес бүр гүйцэтгэх захирал, санхүүгийн хариуцагч, хянагчийн нэгэн адил хууль ёсны төлөөлөгч, өөрөөр хэлбэл, компанийн нэрийн өмнөөс үүрэг хүлээх, эрх мэдлийг хэрэгжүүлэх хүнийг давхар томилно. 

Хэрэв ГХОААН нэг хувь хүний өмчлөлийн компани бол компанийн эцсийн өмчлөгч нь хууль ёсны төлөөлөгчөөр давхар ажиллаж болохгүй. Харин олон хөрөнгө оруулагчтай ГХОААН-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга, ерөнхий менежерийн аль нэг нь, эсвэл бүгд хууль ёсны төлөөлөгч байж болдог ба энэ тохиолдолд ТУЗ-ийн эцсийн хууль ёсны төлөөлөгч гэж үздэг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *