Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар Вьетнамаас урт хугацаанд цагаан будаа авах, харилцан визгүй зорчих эхлэлийг тавина

0

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс /БНСВУ/ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх жил тохионо. Уг ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСВУ-д энэ өдрүүдэд /2023.11.01-05/ төрийн айлчлал хийж байна. 

Хоёр улс 1955 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосны дараа тус улсын Ерөнхийлөгч асан Хо Ши Мин Монголд анх удаа айлчилж байжээ. Үүний дараа 1959 онд Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Вьетнам Улсад айлчилж хоёр орны ард түмний найрамдлын үндсийг тавьсан байна. 

Хамгийн сүүлд манай улсаас 2013 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тус улсад айлчилсан. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголоос тус улсад хийж буй дөрөв дэхь төрийн айлчлалыг хийж буй бөгөөд энэ удаагийн айлчлалаар хоёр орны уул, уурхай, ногоон хөгжил, хөдөө аж, ахуй, аялал жуулчлал, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улс Вьетнамаас цагаан будааг тогтвортой урт хугацаанд авах, харилцан визгүй болох, хар тамхитай тэмцэх чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлж санамж бичигт гарын үсэг зурах юм байна.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол Улс БНСВУ-аас жил бүр 30,000 тонн хүртэлх цагаан будааг тогтвортой худалдан авч, Монголын зах зээлд нийлүүлэх боломж бүрдэж байгаа юм.Харин Вьетнам Улс нь Монголоос малын гаралтай бүтээгдэхүүн импортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Хоёр улс 20 орчим чөлөөлт худалдааны хэлэлцээр хийсэн бөгөөд Монголын бизнес эрхлэгчид Вьетнамаар дамжуулан Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо АСЕАН бусад зах зээлд нэвтрэх боломжтой талаар ярилцаж буй аж. Хоёр улсын худалдаа 2017 онд ердөө 41.4 сая доллар байсан бол 2022 онд хоёр дахин нэмэгдэж 85 сая долларт хүрч энэ оны эхний найман сарын байдлаар 75 сая долларт хүрчээ. Вьетнамаас Монгол руу хүнс, кофе, хатаасан гоймонтой шөл, эм, пивл зэрэг бүтээгдэхүүн нийлүүлдэг. Харин Монголоос хонины ноосон хивс, ямааны нарийн хялгас, арьсаар хийсэн бүтээглэхүүн, савхин бээлий зэргийг импортлодог аж. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *