Маргааш “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” тохионо
Намрын адаг сарын хуучдын 22-ны өдөр Бурхан багш 33-н тэнгэрийн оронд төрөл таалсан эхийнхээ ачийг хариулахаар Сүмж-засумын орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр эхийгээ ачлан, нирвааны хутагт хүргэн 33-н тэнгэрийн орноос эргэж замбуу тивд залран ирсэн хэмээдэг.
Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын хуучдын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн билээ. Эл өдөр эцэг эхийн ачийг санаж буян номонд шамдан, хүрээ хийдүүдэд Бурхан багшийн чого хурдаг уламжлал тогтжээ.
Энэ өдөр эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэн, хилэнц нүглийг тэвчиж, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг байна.
Энэ өдөрт зориулан Гандантэгчэнлин хийдийн хансүр, гавж Ё.Амгалан ном хурах тул сүсэгтэн олон та бүхнийг номын айлтгалд ирж оролцохыг уриалжээ.