Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр боллоо
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх /2023.11.03/ нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу нийслэл хот өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхтэй боловч нийслэл хотод тулгамдаад байгаа төвлөрөл, төлөвлөлт дагасан олон асуудлын үр дагавар нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалагдах эрхийг ноцтой хөндөж байгаа тул хүний суурь жам ёсны эрхийг хамгаалах, нийгмийн дэг журам, нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд зарим эрхийг тохирсон хэмжээнд хуулиар хязгаарлах зайлшгүй нөхцөл байдалд хүрээд байна. Хотын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэнээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 9 км цагаас 13 км цаг болсон. Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Энэ байдал үргэлжилбэл 2030 онд 5 км цаг, 2040 онд 0 км цаг байх тооцоолол гарч байна. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоолол гарсан. Нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлага зэрэг орчин зүйлийг тооцон үзэж нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, ялангуяа түгжрэлтэй бүсийн тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн хэмээлээ. Түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Тэрбээр, хууль санаачлагч Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 6.1-д “Улаанбаатар болон дагуул хотыг орон зайн оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл, амьдралын таатай орчин бүхий ногоон хот болгож хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулна.” гэж заасныг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна. Мөн Монгол Улсын хувьд нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд замын хөдөлгөөний түгжрэл ихтэй бүсийг тогтоож, түүнийг тусгай тарифтай болгох буюу улс орнуудын нийтлэг жишгээр эдийн засгийн зохицуулалтыг ашиглах, автотээврийн хэрэгслийн импортыг тарифын бодлогоор зохицуулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтот цогц арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.Хуулийн төслийг d.parliament.mn цахим хаягт байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа болно. Хуулийн төсөлд замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр, түүнийг тогтоох, мөрдөх журам, авто зогсоолын асуудал мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар төрийн байгууллагын чиг үүрэг, оролцогчийн эрх үүргийн талаар болон нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх үндэслэл, гэр хорооллыг орон сууцжуулах байршил, төрөөс үзүүлэх дэмжлэг, санхүүжилт, хэрэгжүүлэх байгууллагын чиг үүрэг, шилжилтийн үеийн зохицуулалтуудыг тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа хэрхэн тусгагдсан талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй иргэнд хүлээлгэх хариуцлага, торгуулийн хэмжээг шатлан нэмэгдүүлэх эсэх, мөн төвлөрлийг сааруулах зорилгоор шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах эсэх, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн орон сууцжуулах ажлыг гүйцэтгэхэд дэд бүтцийн хангамжийн бодлого байгаа эсэх, орон сууцжуулах бүсэд оршин суух иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх талаарх авах арга хэмжээ тус хөтөлбөрт багтсан эсэх, ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтийн хэрэгжилтийг хангах болон төлбөртэй бүсийг бий болгосноор түгжрэл хэдэн хувь буурах, хувийн тээврийн хэрэгсэлд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх эсэх, барилгын стандартыг тогтоох талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь нүхэн болон тойрох хурдны зам, гарцыг бий болгосноор түгжрэлийг бууруулах боломжтой эсэх, мөн тус асуудлаар жолооч нараас санал авсан эсэх, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг түгжрэл болон орон сууцжуулахтай холбоотой харилцааг зохицуулж буй хүчин төгөлдөр эрх зүйн актууд тус хууль батлагдсанаар хүчингүй болох эсэх, дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт улсын төсөвт суусан эсэх, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад мэргэжилтнүүдийн саналыг авсан эсэх, хувийн аж ахуй нэгжүүдэд үүсэж болзошгүй алдагдлын тооцоолол мөн санхүүжилт байгаа эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, Ш.Адьшаа нар хуулийн төслийг дэмжиж байгаа болон хуулийн төсөлтэй холбоотой тооцоо, судалгааг ард иргэдэд танилцуулах нь зүйтэй талаар тус тус саналаа илэрхийлсэн болно. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нийслэлд тулгамдаад буй асуудлуудын шалтгаан түүнчлэн эрсдэлийг нь харгалзан багцаар нь шийдэх үзэл баримтлалын хүрээнд хууль, тогтоолын төслүүдийг боловсруулсныг тэмдэглэж, анхны хэлэлцүүлгийг холбогдох Байнгын хороодоор хэлэлцүүлж, санал дүгнэлт гаргуулах хэрэгтэйг онцолсон болно. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 75 хувь нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно гэв. Түүний дараа байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын 26 гишүүн асуулт асууж хариулт авлаа.
Тухайлбал, Х.Ганхуяг, Ц.Сандаг-Очир, Г.Тэмүүлэн нарын гишүүд нийслэлийн дүүргүүд ерөнхий төлөвлөгөөгөө зөрчиж, газар олголтыг замбараагүй өгч ирсэн. Үүнд хэрхэн хяналт тавьж, хариуцлага тооцох вэ, гэр хорооллын 180 мянган айл өрхийг орон сууцжуулахад дэд бүтцийн хүчин чадлыг хэрхэн тооцоолж байгаа талаар асуув. Мөн замын түгжрэлийг бууруулахад орон сууц барих зөвшөөрлийг өгөхгүй байх, зам дагуу зогсоол барихыг хориглох, хотхон бүрийг тойрсон хашаажуулалтыг зогсоох, уулзварыг нүхэн гарцаар шийдэх, автозамын хөдөлгөөний зөрчилд ногдуулсан 105 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй байна. Торгуулиа төлөөгүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг зохицуулалт хийх санал гаргаж, хуульд тусгах санал хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулаад дуусч байна. Барилгын бүсжилт, өндөржилтийг энэхүү төлөвлөгөөгөөр зохицуулсан. Энэхүү өргөн барьсан хуульд барилгажих талбай 70:30 байсныг 60:40 өөрчилж байна. Нийслэлийн их тойруу дотор 1500 өндөр барилга барихаар “А” даалгавар авсныг зогсоож, өөр газар барих зөвшөөрөл олгоно. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хотхонуудыг тойрсон 30 км хашааг буулгаснаар гэмт хэргийн зөрчил буурсан гэсэн судалгаа гарсан. Нийслэлд нийт зургаан дэд төвийг байгуулна. Ингэснээр гэр хорооллыг орон сууцжуулах болон эрчим хүч, дулааны хангамжийг хэсэгчилсэн төслийг хэрэгжүүлэх юм гээд албан тушаалын хэргүүдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад өгсөн. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засч, дахин алдаа гаргахгүй байхын тулд хариуцлагыг тооцож эхэлсэн. Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиа төлөөгүй иргэдийн төрийн үйлчилгээ авах зарим эрхийг хязгаарлах талаар ярилцаж байна. Торгуулийн нийт төлөлт дөнгөж 26,5 хувьтай байна гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Н.Ганибал, Д.Өнөрболор нарын гишүүд нийслэлд замын түгжрэлийг бууруулахад бүсчилсэн тарифийг хэрхэн тогтоох талаар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Баярсайхан нар нийслэлийн төвлөрлийг сааруулахад цогцолбор хотхоны зохион байгуулалтыг хэрхэн дэмжих вэ, нийслэлд жил бүр 40 мянган иргэн оршин суухаар бүртгүүлж, 47 мянган автомашин шинээр орж ирдэг тооцоо байна. Тэгэхээр хөдөө орон нутгаа хөгжүүлэхэд анхаарч, ялгавартай хөгжлийг өөрчлөхөд төлөвлөж буй ажлын талаар тус тус асуув.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, олон улсад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэл 15-20 хувь буурсан гэсэн тооцоо бий. Харин тухайн бүсэд оршин суугчийн төлбөрөөс 90 хувь чөлөөлөх боломжтой. Нийслэл зөвхөн төлбөртэй бүс тогтоох эрх авах тухай асуудал яригдаж байгаа гэдгийг онцолье. Гэхдээ нийтийн тээврийн шинэчлэлээ хийж, зогсоолын менежмэнтээ тодорхойлж, тойрог хурдны замаа эхлүүлсний дараа төлбөртэй бүс тогтооно. Түүнээс бус өнөө маргаашгүй шийдэх асуудал биш юм. Эхний ээлжинд нийслэлийн замын 18 уулзварыг шинэчлэхээр төлөвлөж байна. Шууд 27 мянган төгрөг тогтоох асуудал яригдаагүй байгаа. Мөн хуулийн төслийн хамгийн том зорилго бол утааг бууруулахад чиглэж байна. Нийслэлд Баянхошуу, Толгойт, Долоон буудлаас ургаш Хайлааст, Чингэлтэй, Дэнжийн мянга орчим нүүрс хүчлийн хийг хамгийн их үүсгэж байна. Эдгээр бүс газарт буй айлуудтай тохиролцоод газрын чөлөөлж чадвал 12 мянган айлын орон сууц барина. Ингэснээр 700 га газрыг дахин орон сууцжуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Орон нутагт шилжин суурьших иргэдэд тодорхой боломжууд буй болж байна. Тухайлбал, Монгол банк ипотекийн зээлийн 50-60 хувийг орон нутагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд, хуулийн төсөлд зарим, бараа ажил үйлчилгээг шууд гэрээ байгуулах замаар авахаар тусгасныг шүүмжилсэн бол УИХ-ын Б.Пүрэвдорж, “ногоон автобус”-ны хэрэгт ямар хариуцлага тооцож байгаа талаар болон шинэ автобус хэзээ орж ирэх вэ хэмээн асуув. “Шинэ автобус худалдан авах тендэр энэ 11 дүгээр сарын 23-ны өдөр нээгдэнэ. Энэ ондоо багтаж, гэрээ байгуулж, нийлүүлэх боломжтой. Үнийн саналаас шалтгаалж 650-700 орчим автобус худалдан авахаар тооцож байна. “Ногоон автобус”-ыг хүлээж авахгүй. Энэ автобусны урьдчилгаа төлбөр 130 тэрбум төгрөг төлөгдсөн. Одоогийн байдлаар 77 тэрбум төгрөгийн үлдэгдэлд хууль хяналтын байгууллага шалгалт явуулж байна. Нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авахын тулд шууд худалдан авах нэг удаагийн үйлчлэлтэй хуулийг оруулж ирж байгаа юм. Харин гамшиг, осол гарсан тохиолдолд шууд худалдан авалт хийхээр зохицуулж байна гэж Ажлын хэсгээс хариуллаа. Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар нар нийслэлийн шатшатны байгууллагын хүнд сурталыг бууруулах талд хэрхэн ажиллах, нийслэлд метро байгуулахад хөрөнгийн ямар эх үүсвэр байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатараас асуулаа. Тэрбээр, нийслэлийн Засаг даргын тамгын газар, нутгийн захиргаануудын байгууллагуудын орон тоог 25 хувь бууруулахаар төлөвлөж байна. Мөн дүүргийн газрын албуудын газар олгож буй асуудлыг цуцална. Тусгай зөвшөөрлийг цахимжуулах, бууруулах чиглэлээр ажиллаж байна. Нийслэлийн мэдэлд хүрэн нүүрсний лицензтэй талбай бий. Түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал метро, хурдны зам байгуулах хөрөнгөө босгох боломжтой гэх зэргээр хариулав. Ингээд хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Амарсайхан нар үг хэллээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, хүрэн нүүрсний уурхайг эзэмшиж, хувьцаат компани байгуулан нийслэлийн хөгжлийн хөрөнгө оруулалтыг босгохыг дэмжиж байна. Бидний хийж буй ажил эдийн засгийн баталгаагүйгээс ажил хэрэг болохгүй байна. Төлөвлөж буй бүх ажлын хөрөнгийг босгож, шийдвэр гаргах хэрэгтэй хэмээн хэллээ.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 73,2 хувь нь тус хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.