Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар Х.Булгантуяа сайд мэдээлэл хийлээ
Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.11.03/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав.
Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсад нийт 115.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 40 хувь нь төрөлхийн, 60 хувь нь олдмол шалтгаантай байна. Мөн 0-18 насны 11.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгааг дурдахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд холбогдох салбаруудын хуулиудын шинэчлэлийг хийснийг онцолсон.
Мөн Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтэц тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байгааг тодотгоод 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг тогтоох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссыг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулан ажиллаж байна гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засалтын цогц үйлчилгээ үзүүлэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийг Засгийн газрын 2019 оны 125 дугаар тогтоолоор байгуулсан. Тус төв нь хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоонд түшиглэн хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан сургалт, нөлөөлөл, хөгжлийн арга хэмжээг зохион байгуулахаас гадна өдөрт 250 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх, өдрөөр сэргээн засах үйлчилгээнд хамруулж байна. Түүнчлэн хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 14-21 хоног хэвтүүлэн нарийн мэргэжлийн болон орчин үеийн шинжилгээ, оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, усан ба физик эмчилгээ зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж, тохирох туслах хэрэгсэл /протез, ортопед/-ийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээг үзүүлж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.
2022-2023 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн 64 хувийг буюу 8228 суралцагчийг бүх шатны боловсролын үйлчилгээнд хамруулав. Боловсролын түвшнээр авч үзвэл, сургуулийн өмнөх боловсролд 1498, ерөнхий боловсролд 5673, мэргэжлийн боловсролд 643, дээд боловсролд 414 суралцагч суралцаж байна.
Боловсрол шинжлэх ухааны яамнаас тэгш хамран сургах боловсролын чиглэлээр Жайка олон улсын байгууллагын Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах”, АХБ-ны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Тэгш хамруулах боловсролыг дэмжих”, Дэлхийн боловсролын түншлэл” олон улсын байгууллагын санхүүжилтээр “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн хүрээнд нийт 3.0 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр 26 сургалтын байгууллагын хүртээмжтэй орчинг сайжруулж, хүүхэд хөгжлийн танхимыг шинээр тохижуулаад байна. Хөгжлийн бэршээлтэй хүүхэд суралцдаг 2 цэцэрлэг, 6 сургуульд улсын төсвөөр 800.0 сая төгрөгийн санхүүжилтээр тохирох хэрэглэгдэхүүн нэмэгдүүлэх, хүртээмжтэй орчныг сайжруулсан гэж уг мэдээлэлд дурдсан байлаа.
Монголын хараагүйчүүдийн үндэсний төвийн дэргэдэх Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах зорилгоор 250.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлснийг Х.Булгантуяа сайд мэдээлэлдээ дурдаад Засгийн газрын тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу суралцагчдад төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг 2023 оны эхний хагас жилд дараах байдлаар олгосон. Үүнд: хөгжлийн бэрхшээлтэй бакалавр, магистр, докторын хөтөлбөрт сурч байгаа 473 суралцагчид 843,1 сая төгрөг, бакалаврын хөтөлбөрт суралцаж байгаа эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй 282 суралцагчид 544,4 сая төгрөг, бакалаврын хөтөлбөрт суралцаж байгаа хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн 1382 суралцагчид 2,6 тэрбум төгрөг, төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцаж байгаа 73 суралцагчид 99,9 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг тус тус олгоод байна гэж байлаа.
Мөн тэрбээр мэдээлэлдээ, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд эмнэлгийн урт хугацааны тусламж, үйлчилгээг шинээр тусгасан. Урт хугацааны тусламж, үйлчилгээний эрх зүйн орчин боловсронгуй болсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдал бүрэн хангагдах боломж бүрдсэнийг дурдаад нярайн шарлалтын үеийн оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн зааврын боловсруулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд нярайн дутуу төрөлтийг бууруулах, дутуу нярайд үзүүлэх эмнэлгийн тусламжийг сайжруулах, нярайн амь насыг аврах, амьсгалын дистресс хам шинжийн эмчилгээнд хэрэглэх сурфактант эмчилгээг шинээр нэвтрүүлснийг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн шинэ төрсөн нярай бүрийг 4 төрлийн скрининг шинжилгээнд (нярайн түнхний хэт авиан скрининг, нярайн сонсголын скрининг, дутуу нярайн ретинопатийн скрининг, бодисын солилцооны скрининг) хамруулах ажлыг хэрэгжүүлж байна. Нярайн скрининг шинжилгээ нь эмнэлзүйн шинж илрээгүй байхад оношилж, эрт эмчилгээнд хамруулснаар оюуны хомсдол, өсөлтийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээл, эндэгдлээс сэргийлэх боломжтой юм. Мөн төрөлхийн хөгжлийн гажгийг эрт илрүүлэх зорилгоор улсын хэмжээнд ургийн төрөлхийн зүрхний гажиг, хромосомын шинжилгээ хийж байна. Ингэснээр ургийн хөгжлийн ямар нэгэн гажгийн эрсдэлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх магадлалыг бууруулна гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ тодотгов.
Эрүүл мэндийн даатгалын үндсэн зарчмын дагуу эмзэг бүлгийн иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зорилгоор эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнийн зардлын төлбөрийг даатгалын сангаас 100 хувь хариуцаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд иргэний хариуцан төлөх хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлсөн. 2021 онд 39.0 тэрбум, 2022 онд 47 тэрбум төгрөгийг тус тус хамтын төлбөрөөс чөлөөлж, эмзэг бүлгийн иргэдийг санхүүгийн эрсдэлээс хамгаалсан гэж байлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2021 онд хийсэн судалгаагаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийгмийн даатгалын санд бүртгэлтэй 25-аас дээш ажилтантай 6.5 мянган байгууллагаас судалгаанд хамрагдсан 3.2 мянган байгууллага 9.6 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаас 7.2 мянга гаруй иргэн ажиллуулж байгаа нь хуулийн хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагад 61 хувь, төрийн байгууллагад 59 хувийн хэрэгжилттэй байна гэсэн дүгнэлт гарсныг Х.Булгантуяа сайд мэдээлэлдээ онцлохын зэрэгцээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2022 онд 9.5 тэрбум төгрөг зарцуулж, 1.2 мянга гаруй ажлын байр, 2023 оны 3 дугаар улирлын байдлаар 7.5 тэрбум төгрөг зарцуулж, 2.4 мянга гаруй иргэнийг хамруулан 900 орчим ажлын байрыг бий болгоод байна гэв.
Aхмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, хагас, бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эх, эцэг болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд төрөөс нийт 72 нэр төрлийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн үйлчилгээг хүргэж байна. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн, ахмад настныг асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийн хэмжээ 2018 онд 84.0 мянган төгрөг байсныг 123.1 мянган төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 1-ээс 275.0 мянган төгрөг болгон тус тус нэмэгдүүлж, 9 дүгээр сарын байдлаар байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч байгаа 14.7 мянга гаруй иргэнд 16.7 тэрбум төгрөг олгосон байна. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа 12.9 мянга гаруй иргэнд 18.4 тэрбум төгрөг олгожээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгож байсан 188.0 төгрөгийн тэтгэврийн хэмжээг цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан 2020 онд 288.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн ба 2023 оны 7 дугаар сараас эхлэн 325.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, мөн оны 9 дүгээр сарын байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 36.9 гаруй иргэнд 86.6 тэрбум төгрөг олгоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлсэн тусламж, хөнгөлөлтөд 2022 оны байдлаар 48,5 мянган иргэн хамрагдаж, 10.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд Тэтгэврийн даатгалын сангаас 2022 оны жилийн эцсийн байдлаар 62.2 мянган хөдөмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид 316.7 тэрбум, 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 63.1 мянган тэтгэвэр авагчид 249.0 тэрбум төгрөгийн тэтгэврийг тус тус олгосон байна. Мөн Тэтгэмжийн даатгалын сангаас 2022 оны жилийн эцсийн байдлаар 162.3 мянган хөдөлмөрийн чадвар түр алдсаны даатгуулагчид 27.4 тэрбум, 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 104.0 мянган даатгуулагчид 22.6 тэрбум төгрөгийн тэтгэмж тус тус олгосон. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас 2022 онд 3.6 мянган хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид 27.5 тэрбум, мөн сангаас 1.2 мянган даатгуулагчид 1.3 тэрбум төгрөгийн тэтгэмж төлбөр, 2.0 мянга гаруй даатгуулагчид 1.1 тэрбум төгрөгийн сувиллын зардлыг тус тус олгосон бол 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 3.5 мянган хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид 22.6 тэрбум төгрөгийг, мөн тус сангаас 1.1 мянган даатгуулагчид 1.3 тэрбум төгрөгийн тэтгэмж, төлбөр, 1.2 мянган даатгуулагчид 0.7 тэрбум төгрөгийн сувиллын зардлыг тус тус олгосон байна. Дүгнэж хэлбэл, манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр нийгмийн даатгал болон халамжийн сангаас тэтгэвэр авч байгаа бөгөөд цаашид нийгмийн халамжийн үйлчилгээний нэр төрлийг оновчтой болгон багцалж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох мөнгөн дүнг нэмэгдүүлэх нь зүйтэй гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.
МөнХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн бүхий л харилцаанд ямар нэг алагчлалгүйгээр оролцуулах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд ойрын үед дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс 5 жилийн дараа хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэхэд хуулийн давхардал 24.4 хувь, зөрчил 35.5 хувь, хийдэл 13.3 хувийг тус тус эзэлж байна. Нийт давхардлын 61 хувь нь нийгмийн халамж, 34 хувь нь боловсрол, 5 хувь нь бусад харилцаатай холбоотой байна. Иймд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тэдний үндсэн эрхийг баталгаажуулж, хамгаалах, хариуцах этгээдийн чиг үүргийг нарийвчлан тодорхойлох зэрэг процедурыг бусад салбар хуулиар зохицуулах байдлаар тус хуульд шинэчилсэн найруулга хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” анхдагч хуулийн төслийг боловсруулан, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Тус хуулиар нийтийн тээврийн хүртээмж, барилга байгууламж, авто зам, замын байгууламжийн хүртээмж, мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж, үйлчилгээний хүртээмжийн асуудлыг зохицуулна. Хууль батлагдсанаар орон сууц, олон нийтийн барилга байгууламж, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологийн болон үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, олон улсын түгээмэл загварт нийцүүлэн, иргэд нийгмийн харилцаанд оролцоход дэд бүтэц, мэдээлэл, үйлчилгээний хүрээнд тохиолдож буй саад бэрхшээлүүдийг арилгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцох, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх боломж нэмэгдэх юм. Хуулийн төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудад 8 удаа хэлэлцүүлж тэдний саналыг тусгасан.
2. Засгийн газраас тэтгэврийг хүн амын амьжиргааны доод түвшин, инфляцын түвшинтэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байна. Мөн ХНХЯ-аас Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа бөгөөд уг хуулийн төсөлд нийгмийн халамжийн тэтгэврийг хүн амын амьжиргааны доод түвшин, хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлдэг байх, тэтгэврийн хэмжээ нь тухайн иргэний амьжиргааны түвшин, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ зэргийг харгалзан ялгаатай байхаар тусгаж байна.
3.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, хөтөлбөр төслийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг нарийвчлан тусгаж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
4.Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан олон нийтэд танилцуулан хэлэлцүүлж, иргэд олон нийтээс санал авах арга хэмжээг 2022-2023 оны хооронд өргөн хүрээгээр зохион байгуулж, олон нийт, төр, төрийн бус байгууллагын төлөөлөл, хуулиар эрх ашиг нь хөндөгдөх хэсэг, өрх толгойлсон эцэг, эхчүүдэд нийт 9 удаагийн томоохон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр бүлийн гишүүний эрх ашгийг тэргүүн ээлжинд анхаарахад чиглэсэн тусгайлсан зохицуулалтуудыг тусгасан.
5.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай хуулийн төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулна.
6. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмын дагуу сонгон шалгаруулалтад орж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах шаардлагад хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн харилцаанд саад бэрхшээлгүй оролцоход чиглэсэн стандартуудыг заавал дагаж мөрдсөн байх, Хөдөлмөрийн тухай хуулийн 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллага нийт ажилтны дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажиллуулах заалтыг заавал хэрэгжүүлсэн байх тухай зохицуулалт нэмж тусган батлуулна.
7. Ирэх онд нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн нэгдсэн төв, Архангай, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад болон Баянзүрх дүүрэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг, цаашид төвийг бүх аймаг, дүүрэгт барьж байгуулна.
8.Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2023 оны 08 дугаар сард болсон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны 658, 659 дүгээр хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ахлуулсан холбогдох яамдын төлөөллийг хамруулсан ажлын хэсэг Засгийн газрын 2 болон 3 дахь тайлан илтгэлийг хэлэлцүүлэн хамгаалсан. Хороо тайланг хэлэлцээд эцсийн дүгнэлтдээ тайлагнах удирдамжийн дагуу бэлтгэгдсэн Монгол Улсын нэгдсэн тайланг сайшааж, олон талт, олон салбарыг хамарсан, Засгийн газрын холбогдох яамдын төлөөлөл оролцсон үр дүнтэй хэлэлцүүлэг болсныг өндрөөр үнэлж байгаа тухай дурдаж, цаашид анхаарах асуудлуудын талаар 70 гаруй зөвлөмж ирүүлсэн байна. Хорооноос ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөг холбогдох яамд болон төрийн бус байгууллагуудтай хамтран боловсруулж, хэлэлцүүлэн ЗГХЭГ-ын дарга бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн даргаар батлуулж хэрэгжилтийг ханган ажиллана.
9. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаас ирүүлсэн шаардлагуудтай холбоотой холбогдох уулзалтууд хийж, салбар дундын ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө батлан ажиллаж байна гэж мэдээлэлд дурдсан байлаа.
Дараа нь УИХ дахь цөөнхийг төлөөлж, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн танилцуулсан.
Тэрбээр, Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сар бүр авдаг тэтгэвэр 325000 төгрөг, тэднийг байнга асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийн хэмжээ 275000 төгрөг байна. Гэтэл хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдсэн энэ үед хүнсний наад захын хэрэгцээг хангаж чадахгүй, шаардлагатай эм, тариагаа авч хүрэлцэхгүй, тухайн айлын амьдрал маш хүнд, эмзэг буюу шууд хэлэхэд ядуурлын түвшинд очиж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн хөдөлмөрийн насны 90 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвхөн 13 мянга гаруй нь хөдөлмөр эрхэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэдгийг тодотгохын зэрэгцээ зөвхөн халамжлуулах биш бүтээх, сэтгэх, хийх хүсэл эрмэлзэлтэй олон мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ төрийн бодлогоор үр дүнтэй дэмжин ажиллахыг анхааруулсан.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгон, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэйг А.Адъяасүрэн гишүүн санал, дүгнэлтэд дурдсаныг онцлоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын биелэлтэд Засгийн газрын зүгээс онцгойлон хяналт тавьж, зохион байгуулалтын оновчтой шийдлүүдийг гарган, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж ажиллах нь зүйтэй гэж сөрөг хүчний бүлгээс үзэж буйг мэдэгдлээ.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь цөөнхийн төлөөллөөс асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.12, 109.13.-т “Энэ хуулийн 109.11-д заасан цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг Тамгын газар нэгтгэж нам, эвслийн бүлгүүдэд хүргүүлнэ”, “Энэ хуулийн 109.12-т заасан асуултыг нам, эвслийн бүлэг ангилан багцалж, нам, эвслийн бүлэг тус бүрээс нэг гишүүн төлөөлж Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс асуулт асуух, хариулт авах хугацаа 20 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно” гэж заасны дагуу асуулт, хариултаар хуралдаан үргэлжлэв.
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн, Б.Жаргалмаа, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар “D-Parliament” цахим хуудсанд иргэдээс ирүүлсэн асуултыг уламжилж, ажлын хэсгээс хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа иргэдийн зүгээс хөдөлмөрийн чадвараа 70 хувиас дээш алдсан иргэний эм тариа, асаргааны мөнгийг олгохтой холбогдуулан бодлогын арга хэмжээ авч буй эсэх, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүүхдийг гадаад, дотоодын их, дээд сургуульд хөнгөлөлттэй эсвэл үнэ төлбөргүй сургах боломжтой эсэх талаар асуусныг уламжилав.
Мөн Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох хууль тогтоомжидхөгжлийн бэрхшээлтэй иргэний талаарх нэршил ялгаатай байгааг цэгцлэх шаардлагатайг дурдаад иргэдийн зүгээс төрөлхийн болон эдгэшгүй өвчтэй иргэдийн халамжийн мөнгөө сунгах асуудалд эмнэлгийн шат дамжлага, хүнд суртлыг багасгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх, ажиллах нөхцөл боломжийг хангахад чиглэж Монгол Улсын 2024 оны төсөвт бодитой санхүүжилт суулгасан эсэхийг лавласныг уламжилсан юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, “Байнгын асаргаа шаардлагатай иргэдийн хувьд тодорхой санхүүжилтийг олгодог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн сардаа 325000 төгрөг, байнгын асаргаа шаардлагатай бол асарч байгаа иргэнд нь 275000 төгрөг, цаашлаад эм тарианы мөнгийг бүрэн олгож байна” хэмээн хариулсан. Мөн тэрбээр, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх төвийг таван аймагт байгуулсан. Ийм төвийг дөрвийг нэмж байгуулахаар ирэх оны улсын төсөвт хөрөнгийн зардлыг нь суулгаад байна. Нийслэлийн 11 дүгээр хороололд баригдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтын төвийн барилга 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад орно. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд тус улсын хөнгөлөлттэй зээлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урт хугацааны туршид сэргээн засах эмнэлгийг барихаар болсон” гэсэн нэмэлт хариултыг өгсөн.
Харин ажлын хэсгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэний асаргааны асуудлыг амьжиргаа дэмжих зөвлөл тогтоодог. Улсын хэмжээнд нийт 2000 гаруй амьжиргаа дэмжих зөвлөл ажиллаж, байнгын асаргааг хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийн хувь хэмжээгээр тодорхойлохгүй, зөвхөн өвчин, гэмтлийн жагсаалтын дагуу комиссын хурлын шийдвэрээр тогтоодог хэмээн хариулж байлаа.
Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, “Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолоор баталсан журмын хүрээнд дотооддоо баклавр, магистр, докторын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад тэтгэлэг өгч байгаа. Мөн эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн баклаврын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудад тэтгэлэг өгч байна. Түүнчлэн төрийн өмчийн их, дээд сургуульд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч зэрэг мэргэжлүүдээр суралцаж буй оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Цаашид гадаад улсад Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр гэрээ, хэлэлцээрүүдээ шинэчилнэ” хэмээн хариулсан.
Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.