Солонготын давааны замын хөдөлгөөнийг нээв
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 5 Зам, тээврийн хөгжлийн төвөөс авто замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаарх мэдээг ирүүллээ.
Өнөөдөр, арваннэгдүгээр сарын 5-ны ѳдрийн 10.00 цагийн байдлаар Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн нутгаар үүлэрхэг, зарим хэсгээр цас орж байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун автозамаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж буйг мэдээллээ.
Олон улс, улсын чанартай А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын Солонготын даваа, А1102 дугаартай Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын Загастайн даваа, А1103 дугаартай Улиастай-Алтай чиглэлийн авто замын Ганцын давааны цасыг цэвэрлэж хөдөлгөөнийг нээснээр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Энд тус замыг хариуцагч “Завхан АЗЗА” ТӨХК-ийн шуурхай ажлын хэсгүүд ажиллаж байна.
Улсын чанартай А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай авто зам хэсэгчилсэн цасан бүрхүүлтэй, Шарт, Бумбатын даваа халтиргаа гулгаатай байна. Шартын давааны 118-123 км хооронд, мөн Бумбатын давааны 92-99 км хооронд орон нутгийн “Өвөрхангай АЗЗА” компани замын аюулгүй байдлыг ханган механизмаар түрж цэвэрлэн давс цацаж ажиллаж байна.
А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн авто замын 35.2 км-ээс 65.4 км, А0101 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан 30.4-35.2 км автозамын хооронд замын зорчих хэсгийн цасыг автогрейдерээр хусаж байна. Улаанбаатар-Чойр чиглэлийн 30-65 км хооронд зорчих хэсгийн цасыг “Налайх АЗЗА” ТӨХК-иас шүүрдэн машинаар хусаж байна.
А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн хатуу хучилттай авто замын 80-87 км-ын хооронд цасаар шуурч зорчих хэсгийн нэг тал хунгаралсныг “Багануур АЗЗА” ТӨХК-иас авто ачигчаар хусаж цэвэрлэн, бодис цацаж хөдөлгөөний бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Автозамууд дахь төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буй талаар Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.