ШУУРХАЙ: Туркт аянгад цохиулсан МИАТ-ийн онгоцны их биеийн хэсэгт 4-5 газарт гэмтэл үүссэн бөгөөд саатсан зорчигчдод нөхөн олговор өгч асуудлыг шийджээ
Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж байсан OM162 нислэгийн дугаартай МИАТ ТӨХК-ийн онгоц зорчигчдоо хүлээх авахаар Туркийн олон улсын нисэх онгоцны буудалд өнгөрөгч Баасан гараг /2023.11.03/-т зогсож байх үед нь хаалга хэсэгт аянга буусны улмаас нислэгээ хойшлуулж, саатсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Энэ талаар МИАТ ТӨХК-иас гаргасан мэдэгдэлд,“Аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу аянгад цохиулсан агаарын хөлөгт зайлшгүй хийх ёстой техникийн үзлэг шалгалтыг хийсэн. Үзлэг, шалгалтаар “Ямар нэгэн үл тохирол гараагүй бөгөөд тус агаарын хөлөг нислэг үйлдэх техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна” гэсэн дүгнэлтийг инженер техникийн ажилтнууд гаргасан гэдгийг онцолсон байдаг.
Тэгвэл аянгад цохиулсан “Бойнг 787-9” агаарын хөлгийн их биеийн хэсэгт 4-5 газарт бага хэмжээний гэмтэл үүссэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Улмаар тус хөлөг саатсантай холбоотойгоор МИАТ-ийн хэд хэдэн чиглэлийн нислэг мөн саатаж, хүндрэл учирсан байна. Тухайлбал,аянгад цохиулсан агаарын хөлгийн дараагийн нислэг нь Улаанбаатар-Нарита-Улаанбаатар чиглэлд нисэх нислэг байжээ. Гэвч аянгад цохиулж, бага зэргийн гэмтэл үүссэн хөлгөөр шууд нислэг үйлдэх боломжгүй болж, улмаар жижиг онгоцоор зорчигчдыг хоёр хувааж тээвэрлэсэн байна. Мөн зорчигчдод нөхөн төлбөр өгч асуудлыг шийджээ.
Сонирхуулахад,“Бойнг 787-9” агаарын хөлгийг үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийн урт хугацааны түрээсийн гэрээгээр хүлээн авсан бөгөөд бүх даатгал, үйлчилгээг түрээслэгч тал болох АНУ хариуцаж байгаа аж. Тиймээс энэ удаагийн бага хэмжээний гэмтлийг ч хариуцан засварласан гэлээ.