Х.Тэмүүжин: Төр бол иргэнээ шимж, мөлжиж байж тогтдог бүтэц гэж МАН харж байна

0

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Б.Энхбаяр сайдын оруулж ирсэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцээд эхэлчихлээ. Үүн дотор таны өмнө шүүмжилж байсан тээврийн хэрэгслийн торгуультай холбоотой асуудлууд “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих” гэдэг гэмт хэрэг болоод ороод ирчихсэн байна. Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Хууль зүйн байнгын хороо дэмжээгүй гэж сонссон.

-Гэсэн хэдий ч Б.Энхбаяр сайдын ийм төсөл оруулж ирсэн шалтгаан байсан байж таарна. Сайдын ажил авангуутаа “Тээврийн хэрэгслийн торгуулиа төлөөгүй бол төрөөс авах үйлчилгээг хязгаарлана” гэж зарласан. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад өөрчилсөн боловч нэлээд өндөр хэмжээний торгуультай төсөл оруулж ирсэн байна лээ?   

-Би бол гурван зүйлийг харж байна. Нийгэм бол юу болохгүй байгааг харуулдаг индикатор. Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн чинь хууль зүйн хариуцлага нь сул байгаа юм биш үү, яагаад хяналт тавихгүй байгаа юм, яагаад урьд нь ийм төрийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс дахин гэмт хэрэг үйлдээд байгаа юм гэдэг шаардлагыг тавьсан. Ийм шаардлага тавих нь ч зөв. Ардчилсан улсад угаасаа ингэж ажиллана, ард иргэдийн тавьж байгаа шаардлагад хариу үйлдэл хийж ажиллах нь засаг барьж байгаа нөхдийн үүрэг. Гэхдээ үүн дээрээ судалгаа тооцоотой, илүү ухаалаг ажиллах ёстой. Зөвхөн сэтгэл хөөрлөөр, гал унтраах маягаар ажиллавал урт хугацаанд тогтвортой, эрүүл саруулаар ажиллах хуулийн тогтолцоо бүрдэхгүй.

-Иргэдийн зүгээс эрх баригчдыг “соошилд хэтэрхий их хөтлөгдөж, соошлаар ажлаа хийгээд байна” гэж шүүмжилдэг нь хоосон зүйл биш байх?

-Сая бол нийгэм бухимдалтай, Засгийн газарт хүчтэй шаардлага тавиад ирэхээр шинэ сайд ажлаа бүрэн гүйцэд аваагүй байхдаа шийдвэр гаргах гэж оролдсон. Эргэцүүлж бодож, мэргэжлийн түвшинд дүгнэх хугацаа бага гаргачихав уу гэж харсан.

Төрийн байгууллагуудад бугшчихсан, дотроос нь амилах гэж оролддог нэг буруу хандлага байна. Хуулиар чиг үүргийг нь заагаад өөрт ажил оноож өгчихөөд байхад тэр чиг үүргээ хэрэгжүүлдэггүй, ажлаа хийж чаддаггүй. Тэр түвшинд чадавхижих, мэргэших тухайгаа бодохоосоо илүү тэр ажлыг иргэнийхээ нуруун дээр үүрэг хариуцлага болгож үүрүүлэх гэж оролддог, тэгээд иргэнийг тэр шударга бус үүргийг нь гүйцэлдүүлээгүй, хийгээгүйнх ньтөлөө шийтгэх, торгох гэж оролддог гаж дон шиг зүй бус хандлага тогтчих гээд байна. Сая тэр буруу хандлагаараа бэлтгэчихсэн байсан цаасаа сайдынхаа гар дээр тавиад, амаар нь хэлүүлчихэв үү л гэж би харсан. Тэрнээс биш Б.Энхбаяр сайдыг арай ч ийм хүний эрхийн мэдрэмжгүй хүн гэж бодохгүй байна. Үндсэн хууль, төр эрхийн онол, тэр чиглэлийн хичээлүүдийг заадаг багш байсан хүн шүү дээ. Дээр нь төрийн байгууллагад ажилласан тодорхой хэмжээний туршлагатай, тэр дундаа МАН-ыг цөөнх байхад нь бүлэгт нь ажиллаж байсан хүн. Цөөнх байхдаа хүний эрхийн талд зогсдог, эрх мэдлээрээ дулдуйдаж, асуудлыг хүчээр шийдэх гэж оролдсон аливаа алхмуудыг шүүмжилдэг байсан хүн өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ иргэнээ барьцаалдаг, шантаажилдаг, иргэнийхээ гаргасан нэг алдаан дээр дөрөөлж нөгөө эрхүүдийг нь хулгайлах гэж оролддог диктатор, дарангуйллын бодлого тодорхойлогч Хууль зүйн сайд болохгүй байх аа л гэж бодож байна, нэгдүгээрт.

Хоёрдугаарт, яах аргагүй улс төрийн орчин нь ийм байна. МАН-ын дотоод үзэл санаа юм уу, соёл юм уу, улстөрчдийг бэлтгэдэг намын шатлал нь тийм байдаг юм уу, “иргэнийг хэрэгсэл, хүнийг хэн ч биш” гэж үздэг. Эсрэгээрээ төрийг чухалд тооцдог, төр дотроо хамгийн чухал нь манай дарга гэж итгэдэг нэг философи байгаад байна. Тэр философийн үзүүр бас ширвэж байж магадгүй.

Гуравдугаарт, тэр намын философиос гадна одоо өнөөдөр эрх мэдэл дээр байгаа хүмүүст ноёлж буй бас нэг уур амьсгал байна. Бүгд нэг нэгэндээ барьцаалагдихсан, чи тэгдэг учраас би ингэнэ, чи ингэдэг байж намайг яагаад байгаа юм гэдэг, хийсэн хулгай, үйлдсэн гэм, буруу арга барилаараа нэг нь нөгөөгөө барьцаалчихсан. Холбоотой хонь шиг хулгай, гэмт хэргийн хэлхээ холбоонд хүзүү, толгойгоороо бүгд ороогдчихсон. Түүгээрээ бие биенээ байнга шантаажилж амьдардаг. Намайг тэгж байгаа бол чамайг ингэнэ шүү, биднийг ингэвэл та нарыг бас тэгнэ шүү, тэрийг чинь ил болгоно, энийг чинь ухна шүү гэдэг. Тэр шантаажаа төрийн үйл ажиллагаа руу оруулж ирж байх шиг байна, албан ёсоор, хуулийн хэлбэрээр. Иргэдээ шууд шантаажилж байна шүү дээ. Торгуулиа төлөхгүй бол тэр эрхийг чинь хураана, энэ эрхийг чинь хаана шүү гэж байна.

-Төр лүү гэхээсээ гадна нийгэм рүүгээ оруулж ирээд байгаа юм биш үү?

-Тийм ээ. Улстөрчид нь бие биенээ шантаажилдаг байсан бол одоо иргэнээ шантаажилж барьцаалах гэж оролдож байна. Уучлаарай, улс төрийн энэ балиар шантаажаа хуулийн зарчим болгож, иргэн рүүгээ чиглүүлж болохгүй ээ. Энэ бол хамгийн том завхрал. Иргэнээ торгосон, шийтгэсэн бол тэрийгээ нотлох, тавьсан торгуулиа үндэслэлтэйгээр нэхэмжлэх чинь төрийн чадавхийн асуудал болохоос биш иргэний үүрэг хариуцлага биш шүү.  

Тээврийн хэрэгслийн торгуулиа төлөхгүй бол гадаад паспорт олгохгүй, төрийн байгууллагад ажиллуулахгүй, тендерт оролцуулахгүй гэдэг чинь Үндсэн хуулиар олгогдсон хүний чөлөөтэй зорчих эрх болон ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг нь хааж боосон асуудал блох байх. Авилга авсан хүнийг төрд ажиллуулахгүй гэдэг бол шударга шаардлага мөн. Замын хөдөлгөөний торгуулиар иргэний үндсэн эрхиййг хааж бооно гэдэг харин шударга зүйл яавч биш. Тээврийн хэрэгслийг худалдах, бусдад шилжүүлэх үед бас нэг шантааж гарч ирдэг биз?

-Торгуулиа төлөөгүй бол нэр шилжүүлж болдоггүй журам одоо ч үйлчилж байгаа?

-Энэ бол хууль биш. Нэг том толгойтой дундаж албан тушаалтны шийдвэрээр л ийм байгаа. Захиргааны шүүх дээр очоод иргэн гомдол гаргавал шууд унана. Иргэд шүүхийг, хуулийг талх шиг хэрэглаж чадахгүй байгаа дээр нь дөрөөлөөд албан тугаалтнууд хуулиас гадуур засаглал хэрэгжүүлж байгаагийн нэг илэрхийлэл. Бүр хамгийн тэнэг тогтолцоо. Монголоос бусад оронд, хүний эрхийг дээдэлдэг, хууль ёс нь эрүүл байдаг улс оронд бол алдаа гаргасан хүнийг торгодог. Монголд машиныг нь, тээврийн хэрэгслийг нь торгодог. “Торгуультай тээврийн хэрэгсэл” гэдэг ойлголт хүртэл бий болчихсон. Эд зүйлийг торгодог улс дэлхийд байхгүй байх шүү. Энэ бол ажлаа мэддэггүй, хуулийн фиософийг огт ойлгодоггүй дунд тушаалын түшмэлүүд юуг ч яаж ч завхруулж болдгийн хамгийн тод жишээ, том тэнэгрэл. Гадныхан бол ойлгохгүй. Танай төр хувь хүнийг торгох, шийтгэх үндэслэлээ нотолж чаддаггүй байх нь. Энэ машиныг хэн жолоодож явсан бэ гэдгийг нотолж чадахгүй болохоороо эд хөрөнгийг торгож, уаана нь нэг эзэн байж таараа гэдэг таамаг хариуцлагын тогтолцоо ажиллуулдаг юм байна. Хууль таамгаар ажилладаггүй шүү, бодитойгоор ажиллах ёстой шүү гэдэг.

-Эзнийг нь олохоос залхуураад л машин дээр нь торгууль тавиад байна аа даа?

-Яг тийм. Хуулийн зарчимд огт байхгүй ийм зүйл манай хуулийн системд амилаад, практик болоод явчихсан. Одоо энийгээ хууль болгох гэж байна шүү дээ. Бүр хамгийн аюултай нь торгууль, татвараа төлөөгүй бол техникийн үзлэгт оруулдаггүй. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хүний аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахын тулд төрийн үзүүлдэг хамгийн чухал үйлчилгээ бол тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, техникийн үзлэг. Ер нь бол манайх шиг жилд нэг удаа компаничилж хийдэг үзлэг ч дэлхийд байхгүй.

Зам тээврийн осол хоёр л зүйлээс болж гардаг. Замын нөхцлийн тооцохгүйгээр нэг бол согтуу жолооч, үгүй бол тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас болж осол гарч байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд техникийн үзлэг байх ёстой. Тэр утгаараа компанчилсан байдлаар хийж байна, шилжилтийн үе учраас. Хүчээр ч болтугай жилд нэг удаа оруулна аа гээд явж байсан чинь “Та торгуулиа төлөөгүй байна” гээд үзлэгт оруулдаггүй. Техникийн бүрэн бүтэн байдлаа шалгуулах гээд очихоор өмнөөс нь өөр юм нэхдэг, нэг ёсондоо барьцаалдаг. Гэтэл тэр хүн торгууль дээр маргаантай байж болно, намайг шударга бусаар торгосон гэж үзэж болно. Зарим хүмүүс бүр торгуультай гэдгээ ч мэдэхгүй явж байж болно. Манай төрийн байгууллагын байж байгаа царай энэ. Иргэнийг торгож байгаа бол торгосон мэдээллээ нотлох баримттай нь тэр иргэнд хүргүүлж байх ёстой шүү дээ. Гэтэл манайх иргэд нь өөрсдөө хайж, хөөцөлдөж явж торгуулиа төлдөг тогтолцоо руу оччихсон.

-Танай Засгийн газрын үед болов уу, замын камеруудыг анх суурилуулсны дараа торгуулийн бичгийг нотлох баримттай нь хамт дугтуйнд хийгээд гэрийн хаягаар хүргэдэг байсан санаж байна?

-Иргэндээ ингэж мэдэгдэж байж “Энэ хүн торгуулиа төлөхгүй байна” гэдэг санаа зоригийг нь тодорхойлох боломжтой. Тэрний дараа шүүхдэж болно. Мэдээгүй зүйлийнх нь төлөө шүүхдэж болохгүй байхгүй юу, зарчим нь тэр. “Гинж хэлхэх” гэж нэр томъёо байдаг юм. Бүдүүлгээр жишвэл, цагдаа зогсож буй иргэн дээр ирээд “Энд зогсож болохгүй, таныг торгоно” гэдэг. Тэгээд явах гэхээр нь “торгуулиа төлөхгүй бол хөдөлж болохгүй. Төлж байж наанаасаа хөдлөнө шүү” гэдэг. Тэгснээ дахиад наанаа зогсож байгаа учираас торгоно гэдэг. Үүнийг гинж угсрах гэж байгаа юм. Иргэнийг алдаа руу  түлхээд, алдаагаа засах гэхээр нь өөрөө хориглож байгаа ахиад торгоно. Тээврийн хэрэгслийн үзлэг, торгуулий бүр орхиё. Өөр газар үүнийг хэрэглэдэг болчихвол яах вэ, хуулийн зарчим болчихвол яах вэ? Хувь хүний эрх чөлөө гэж огт байхгүй болно. Хүний амьд явах, хөдөлгөөн аюулгүй байх гэдэг хамгийн чухал зарчмыг төр иргэнээ торгож орлого олох гэдэг хамгийн арчаагүй зүйлээр орлуулж байгаа ийм төрийг ардчилсан төр гэхгүй, хууль засагладаг төр гэхгүй. Хүссэн нь шийдвэрээ гаргадаг дарангуйллын төр л байхгүй юу.

-Гэхдээ яагаад гэнэт энэ асуудал Эрүүгийн хуульд орох, эрүүгийн гэмт хэрэг гэгдэх хүртлээ өндөр авсныг үнэхээр бодоод бодоод олдоггүй юмаа. Согтуу жолоочийн хариуцлагыг чангатгана гэж нэг хэсэг нийгмийн сүлжээгээрр шууруулж байснаа гэнэтхэн тээврийн хэрэгслийн торгууль руу ороод явчихсан. Гуя дагаж хүзүү гэдэг болчихов уу?

-Хулгайч төрийн философи байх даа. Засаг барьж байгаа улс төрийн намын дотор байдаг ужиг хандлага. Төр бол иргэнээ шимж мөлжиж байж орлого олдог бүтэц л гэж харж байна шүү дээ. Тэрнийх нь илэрхийлэл ингэж илэрч гарч байна. АН гарч ирээд “Цагдаа бол төсөв бүрдүүлдэг, орлого олдог байгууллага биш ээ. Иргэнд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм аа. Дарга хамгаалдаг байгууллага биш шүү, иргэдийн амьдарч байгаа орон зайг хамгийн аюулгүй байлгахын төлөө ажилладаг байгууллага шүү. Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг гудамжинд гаргаж, даргын хамгаалалтанд зогсоохоо боль оо. Торгуулийн норм өгч иргэд рүүгээ аваачихаа, тонуул дээрэм хийлгэхээ боль оо” гэдэг. Гэтэл энэ эрх баригчдын философи бол яг эсрэгээрээ.

АН Тахрын албыг байгуулаад гэрч хохирогчийг хамгаалах гэж оролдож байхад эд нар Тахрын албыг татан буулгаж Дотоодын цэрэг байгуулаад дарга нар хамгаалдаг тогтолцоо бий болгосон. Төр орлого олох ёстой л гэж боддог, орлогынх нь эх үүсвэр нь нөгөө иргэд. Иргэдийнхаа алдаа болгоныг төрийн орлогын эх үүсвэр болгож хувиргах гэж байнга бодно. Одоо бүр иргэд алдаа гаргахгүй байвал алдаа гаргадаг юм руу нь түлхэж байгаад орлого ол гэж байгаа юм биш үү. Техникийн үзлэг бол тийм л байгаа биз дээ. Үзлэгт орох гэхээр оруулахгүй, тэгээд ороогүй учраас торгоно. Эрх баригчдын цаад санаа өсөн үрждэг, гинж мэт тасралтгүй үргэлжлэн хэлхэгддэг торгууль, татварын схемийг Монгол Улсад хийх гэж байгаа бололтой. Манжийн дарлалд байхдаа ч Монголд татвар, торгуулийн ийм систем байгаагүй юм шүү. Гэтэл эрх чөлөөтэй, ардчилсан улс болчихоод, иргэн нь энэ улсын эзэн юмаа гэдэг Үндсэн хуультай атлаа иргэнийхээ алдааг төр нь шимэн авдаг татварын систем, харь элгийн хүнээс дор ууж идэхийн донтой харанхуй бодолтонгууд төрийн нэрээр оршин байх шиг.

-Ярилцсанд баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *