Засгийн газрын хуралдаанаар амиа алдсан цэргийн асуудлыг хэлэлцэж, зарим албан тушаалтанд хариуцлага тооцно
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрөгч сарын 20-ны өдөр цэрэгт татагдсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Одоогоор хууль хяналтын байгууллагууд шалгаж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт гараагүй байгаа юм.
Тэгвэл маргааш болох Засгийн газрын хуралдаанаар амиа алдсан цэргийн асуудлыг хэлэлцэж, зарим албан тушаалтанд хариуцлага тооцохоор болжээ.
Цэргийн ангид үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх талийгаач цэргийн ар гэрийнхэнтэй холбогдож, эмгэнэл илэрхийлсэн билээ. Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Д.Баасандамбыг дээрх асуудалд хөндлөнгийн хяналт тавьж, анхаарч ажиллаж байгаа юм.