“Монголд олон нийтийн сүлжээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тайлбарлах гол суваг болсонд санаа зовниж байна”

0

Монгол Улсын хууль зүйн тогтолцооны хараат бус байдалд үнэлгээ хийх Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын шинжээчийн урьдчилсан дүгнэлтийг өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр Нью-Йоркийн их сургуулийн Хуулийн сургуулийн Хууль зүйн ухааны профессор, НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертвэйт хэд хэдэн зөвлөмжийг Монголын хууль, шүүхийн байгууллагуудад хүргүүллээ. 

Манай улсын хууль зүйн тогтолцооны хараат бус байдалд үнэлгээ хийх багийн гишүүд арваннэгдүгээр сарын 6-15-ны хооронд Монгол Улсад ажиллаж байгаа аж. 

Энэ хугацаанд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч, иргэний нийгэм, төрийн бус байгууллага болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын төлөөлөлтэй уулзжээ. 

Түүнчлэн дараах шүүхийн байруудад биечлэн очиж, танилцсанаа яриандаа дурдсан юм. 

  • Улаанбаатар хотын Чингэлтэй Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
  • Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх 
  • Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, 
  • Мандал суман дахь Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх,
  • Багануур дүүрэг дэх Иргэний болон Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очиж, ажиллажээ.

  “Шүүх хуралдааны танхимуудад тэргэнцэртэй хүн нэвтрэх бололцоогүй, хараа болон сонсголын бэрхшээлтэй иргэд шударгаар шүүлгүүлэх боломж хомс”

Монголын хууль зүйн тогтолцооны хараат бус байдлын талаар НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Саттертвэйтийн танилцуулсан зөвлөмжийг тоймлон хүргэж байна. 


Монгол Улсын өргөн уудам газар нутаг нь шударгаар шүүлгүүлэх эрхээр хангагдахад бэрхшээл учруулж болзошгүй. Ялангуяа алслагдмал хөдөө орон нутгийн иргэдэд онцгой саад бэрхшээл тулгарч болзошгүй байна.

Шүүхэд хандаж, шударгаар шүүлгүүлж, шударга шийдвэр гаргуулах эрхээ бүрэн эдлэхэд хүндрэлтэй байгаа хэд хэдэн нийгмийн бүлэг давхаргыг онцолъё. Дэд бүтцийн хангалтгүй нөхцөл байдал нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мөрдөн шалгаж, шүүхээр хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учруулж байна.

Тухайлбал шүүх хуралдааны танхимуудад тэргэнцэртэй хүн нэвтрэх боломжгүйг хувьдаа анзаарлаа.Харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд шударгаар шүүлгүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор брайль үсгээр бичсэн материал байдаггүй эсхүл дохионы хэлний орчуулагчаар хангадаггүй.

Зарим шүүх хуралдааны танхим нь давчуу орчин нөхцөлтэй тул олон нийт, тэр дундаа сэтгүүлчдэд шүүх хуралдаан ажиглахад хүндрэлтэй, эсхүл бүр боломжгүй болгож байна.

Олон нийтийн сүлжээ нь шүүгчдийг дайралтад оруулах, мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тайлбар өгөх, өмгөөлөгчдийг үйлчлүүлэгчидтэй нь тодорхойлох гол суваг болсныг мэдээд ихээхэн санаа зовж байна.

Ялангуяа төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүсээс энэ төрлийн дайралт ирж байгааг сонсоод хувьдаа эмзэглэлээ. Энэ асуудлыг цаашид нарийвчлан судлах болно.

Дотны хамтрагчийнхаа хүчирхийлэлд өртсөн хэргүүдтэй холбогдох шүүхийн шийдвэрт хийсэн иргэний нийгмийн байгууллагуудын судалгаанаас харахад хэргийн оролцогчид нэг хаалгаар ордог, нэг хүлээлгийн өрөөнд байрладаг, аюулгүй байдлыг хангах зорилгоор дагалдан явах ажилтан томилдоггүй зэрэг нь хохирогчийг хамгаалах арга хэмжээ хангалтгүйг илтгэж байна.

ЛГБТ нийгэмлэгийн ялгаварлан гадуурхсан хэргүүд нь хуулийн хэт ерөнхий томьёоллоос болж шүүхийн шатанд хүрдэггүй. Энэ талаар шүүхийн ажилтнуудад нэмэлт сургалт боловсролын үйл ажиллагаа шаардлагатай.

Өмгөөлөгч болон тэдний гэр бүлийнхнийг заналхийлэх асуудал үүсэж байна. Иймд өмгөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах хуулийн шинэчлэл өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх гэж байгааг сайшааж байна.

Хуульчийн сонгон шалгаруулалтаас гадна прокурорын сонгон шалгаруулалтыг авч хэрэгжүүлж байгаа шалгалт одоогоор байхгүй. Прокурорын томилгоо, сахилгын шийдвэр гаргах, бие даасан бүтэц дутагдаж байгааг үүгээр тэмдэглэж байна.

Олон нийтэд ил тод, нээлттэй, бодитой шалгуур, мэдлэг ур чадварт суурилсан прокурорын ажил мэргэжлийн зарчмыг бий болгохыг уриалж байна.

Монгол Улсыг ялгаварлан гадуурхахтай тэмцэж, нийгмийн бүхий л гишүүдийг хууль эрх зүй, шүүх, прокурорын байгууллагад ажиллахыг Хууль зүйн ухааны профессор Маргарет Саттертвэйт уриаллаа. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *