ДАШИНЧИЛЭН СУМ ДАХЬ ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛГИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Засгийн газрын 2023 оны тогтоолоор Булган аймгийн Дашинчилэн суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн ажиллагаа боллоо.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Дашинчилэн сумын удирдлага болон Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын ард, иргэд оролцсон юм.
Дашинчилэн сум нь баруун болон хойд хэвтээ чиглэлийн улсын нийслэл Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг бөгөөд малын гоц халдварт өвчин, зам тээврийн осол, усны осол, цасан болон шороон шуурга зонхилон тохиолддог нутаг юм.
Тиймээс Эрэн хайх, аврах бүлэг нь өөрийн болон аймгийн Бүрэгхангай, Баяннуур, Рашаант, Гурванбулаг, Хишиг-Өндөр сум, Төв аймгийн Заамар, Эрдэнэсант сумын иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллана.
Мөн нутгийн залуусаас сонгон шалгаруулж, сургаж, дадлагажуулсан алба хаагчид Эрэн хайх, аврах бүлэгт үүрэг гүйцэтгэхээр тангараг өргөсөн нь орон нутагт шинээр ажлын байрыг бий болгож, нутагтаа ажиллах орчин нөхцлийг бүрдүүллээ.
Алба хаагчдын байрны асуудлыг орон нутгаас шийдвэрлэн, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийсэн байна.
Булган аймаг
Булган Онцгой Байдлын Газар