Иргэдийн санал Зөвлөлдөх санал асуулгаар дамжин төрийн бодлогод тусна гэв
Зөвлөлдөх санал асуулгын тухай хэвлэлийн бага хурал Төрийн ордонд болов. Хэвлэлийн бага хуралд Зөвлөлдөх зөвлөл болон Зөвлөлдөх уулзалтын оролцогч, ажиглагчдын төлөөлөл оролцлоо.
Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс:
-Зөвлөлдөх санал асуулгын нэг, хоёрдугаар шат амжилттай өндөрлөлөө. Энэ сарын 14,15-нд Төрийн ордонд Зөвлөлд санал асуулгын хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулж дууслаа. Хэлэлцүүлэгт оролцсон 21 аймгийн 801 төлөөлөгчийн саналыг Үндэсний статистикийн хороо нэгтгэж, дүнг танилцуулахад бэлэн болоод байна.
Баянхонгор аймгийн Рашаант багийн иргэн Ш.Чимгээ:
-Миний хувьд АН-ын гишүүн хүн. Санамсаргүй түүвэрт багтаж багаа төлөөлж сонгогдон оролцлоо. Эхний санал асуулгад мэдлэггүй байсан учир таамгаар бөглөсөн талаар дийлэнх нь ярьж байсан. Харин хоёр өдрийн хэлэлцүүлгийн явцад мэдлэг, мэдээлэлтэй болж илүү мэдээлэлтэй бөглөж эхэлсэн.
Миний хувьд орон нутагт улс төрийн сонгуульд оролцож явсан хүний хувьд Улс төрийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд саналаа илэрхийллээ. Миний хувьд холимог системийг дэмждэг. Иргэн бүрийн санал гээгдэхгүй сайн талтай гэж үздэг.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн н.Баттунгалаг:
-Биднийг унтсан гэсэн шүүмжлэл гарсан. Бид хагас орчим зааланд суугаад тус тусын бүлгийн хэлэлцүүлэг рүүгээ явж байсан. Нэг бүлэг 15 хүнтэй. Тэгээд дундуур нь хоолоо иднэ. Хоол идчихээд орж ирж байгаа хүмүүс халуун зааланд суухаараа нозоорно. Ихэнх нь үстэй дээлтэй. Санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон учраас би жишээ нь, гэртээ хүүхдээ хараад сууж байсан эх хүн. Хөвсгөлийн адуучин залуу хүртэл байсан. Иймд хоёр дахь өдрөөсөө бид зүгшрээд, бүлгийн гишүүддээ “Унтаж болохгүй шүү. Унтсан нэгнээ сэрээгээрэй” гэж хэлж байсан.
Хэлэлцүүлэгт сууж байхад нэг телевиз яриа авъя гэсэн. Хичээж ярьсан. Тэрийг маань зохион байгуулагчид харсан юм байлгүй, өнөөдөр уг нь буцах гэж байтал Төрийн ордонд дуудсан. Тэгсэн УИХ-ын дарга өдрийн зоогт уриад, зоогоосоо гараад энд зогсож байна.
Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт:
-Зөвлөлдөх санал асуулгад ажиглагчийн байр сууриар оролцлоо. Ажиглагчаар оролцсоныг оролцогчоор оролцсон мэтээр мушгин гуйвуулах зүйл гарсан.
Иргэн хүний бодлыг төрийн бодлогод тусгах энэхүү аргыг дэлхийн олон оронд хэрэгжүүлдэг. Монголын улс төрийн намууд ч мөрийн хөтөлбөрөө гаргахдаа үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.
Хүн бүр эх орноо бодмоор байна. Талцаж хуваагдаж байснаасаа нийтээрээ ингэж хэлэлцдэг байдал руу ормоор байна. Саяны оролцогч тайлбарлаад байх шиг байна, бүгд л эхний өдөр хол зам туулж ирсэн учир ядарсан байсан. Харин хоёр дахь өдрөөсөө зүгширч, идэвхтэй оролцож эхэлсэн нь монголчуудыг мэдээллээр хангавал мэдлэг нь ундардгийг харуулж байна.