Д.Өлзийбат: Сайжруулсан шахмал түлшний технологид өөрчлөлт ороогүй
Нийслэл хотод сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд хэдийнээ 5 жилийн хугацааг үдсэн байна. Гэвч энэ хугацаанд анх хэрэглэж байсан сайжруулсан шахмал түлшний чанар өнөөдрийн хэрэглэж буй түлшнээс өөр байж болзошгүй гэж иргэд үзэж буй. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор болон бусад цаг үеийн асуудлаар “Тавантолгой Түлш” ХХК-ний Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбаттай ярилцлаа.
-Юун түрүүнд сайжруулсан шахмал түлшний орц найрлага, чанарт ямар нэг өөрчлөлт орсон уу. Иргэдийн зүгээс энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байна?
-“Тавантолгой Түлш” ХХК сайжруулсан шахмал түлш үйлдвэрлээд 5 дахь жилтэйгээ золгож байна. ЗГ-ын 2018 оны 62-р тогтоолоор “Түүхий нүүрсийг нийслэл хотод оруулах, худалдан борлуулахыг хориглосон” шийдвэр гаргасантай холбоотойгоор сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, 5 жилийн хугацаанд нийслэлийн хэрэглэгчдийг шахмал түлшээр хангаж ирсэн.
Энэ хугацаанд “Тавантолгой Түлш” ХХК үндсэн түүхий эд болох эрчим хүчний нүүрсийг “Энержи Ресурс”-ын угааж баяжуулсан бүтээгдэхүүн болох медлингийг ашиглаж ирсэн. Энэ хугацаанд үндсэн түүхий эд болох медлинг, барьцалдуулагч хоёрыг огт солиогүй. Нэг технологиор үйлдвэрлэж, хэрэглэгчид хүргэж ирсэн. Тиймээс 2019 онд хэрэглэгчид хүрч байсан түлш өнөөдөр өөрчлөгдөөгүй. Чанар ижил байгаа.
Үүнийг маш олон хөндлөнгийн байгууллага хянадаг. Өмнө нь МХЕГ манай түлшинд хяналт тавьдаг байсан бол татан буугдсанаас хойш БОАЖЯ хариуцдаг болсон. 2022 оныг дуустал манай зүүн, баруун үйлдвэр дээр 24 цагийн турш жижүүрлэж, бидний үйл ажиллагааг хянадаг байсан. Ингэхдээ шахмал түлшнээс дээж авч, шинжилгээ авч үүний дараа хэрэглэгчдэд хүрдэг байсан. Харин одоо БОАЖЯ-д бид үйл ажиллагаагаа тайлагнаж, дээжээ хөндлөнгийн байгууллагад өгч, түлшний чанарыг хянаад явж байна. Ингээд лабораториудын дүгнэлтээр манай шахмал түлшний шинж чанар өөрчлөгдөөгүй. Стандартын шаардлагад нийцсэн түлшийг иргэдэд хүргэж байна.
-Иргэдийн дунд нийтлэг байдаг ойлголт нь медлингээс илүү барьцалдуулагчийг хүний биед хортой, сөрөг нөлөөтэй гэж үздэг. Үүнд тайлбар мэдээлэл өгөхгүй юу?
-Барьцалдуулагч нь ургамлын гаралтай цардуул юм. Гэтэл барьцалдуулагч нь сайжруулсан шахмал түлшний 4-5 хувийг л эзэлдэг. Шаталтын процесст орохоор эрдэс, шаврууд нь шатахгүй үлдчихнэ. Нөгөө органик цардуул шатахаараа нүүрсхүчлийн хий ус үүсгэдэг. Тэгэхээр хүмүүсийн хэлсэн шиг угаар үүсгэж байна, хортой байна гэж ярьдаг нь буруу юм.
Би мэргэжлийн хүний үүднээс хэлэхэд бүх төрлийн органик бодис шатахад нүүрсхүчлийн хий ус үүсгэдэг. Тэгэхээр барьцалдуулагчаас шалтгаалж түлшний шинж чанар өөрчлөгдөх, түлш хортой болно гэсэн ойлголт байхгүй.
-Сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлээд хэдийн 5 жил болсон байна. Гэтэл анх 2019 онд шахмал түлшийг хэрэглэж байхад утаа багатай байсан, одоо утаа ихтэй байна гэдэг асуудал их яригдаж байна?
-Манай орц найрлага огт өөрчлөгдөөгүй. 2019 онд нийслэлийн иргэд ойролцоогоор 400 мянган тонн түлш хэрэглэж эхэлж байсан. Гэтэл одоо 600 мянган тонн шахмал түлш хэрэглэж байна. Гэвч түүхий нүүрсийг хориглосон ЗГ-ын тогтоол өнөөдрийг хүртэл бүрэн төгс хэрэгжээгүй байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр нийслэлд буй нийт 174 мянга гаруй ААН түүхий нүүрс түлж байна. Гэтэл түүхий нүүрсний шинж чанар өнөөдөр хэрэглэж буй шахмал түлшээс 2 дахин муу үзүүлэлттэй байгаа. Чийглэгийн хэмжээ 30-40 хувь, дэгдэмхий бодис нь 40-45 хувь. Тэгвэл одоо бидний хэрэглэж буй нүүрс 22 хувиас бага дэгдэмхий бодистой, чийг нь 10 хувиас бага байдаг.
Чийг өндөртэй түлш утаа их гаргадаг, асахдаа удаан уугидаг. Шахмал түлш биш учраас тоос тоосонцор их ялгаруулдаг. Тэгвэл бид сайжруулсан шахмал түлшийг хэрглэснээр дэгдэмхий бодис буюу утааг 2 дахин багасгасан байна. Мөн тоосонцрын хэмжээ бага байдаг.
2019 онд утаа яагаад бага байсан бэ гэвэл, ковидын жил байсан учраас бүх хүний тэр дундаа машины хөдөлгөөн хоригдсон. Тэгэхээр агаарыг бохирдуулж байгаа утаа нийт утааны 21 хувийг гаргаж байгаа. Үүнийг мэргэжлийн байгууллагууд ч мөн шалгадаг.
-Сайжруулсан шахмал түлш хэрэглэхэд иргэд хамгийн түрүүнд угаарын хийн эрсдэлээс сэргийлэх нь илүү чухал байдаг шүү дээ. Ер нь угаарын хийн эрсдэлээс сэргийлэх ажлыг иргэд өөрсдөө хийж чадаж байна уу. Яг үүнтэй холбогдуулан Тавантолгой Түлш ХХК-аас ямар арга хэмжээ авч ажиллаж байна?
-Манай хэрэглэгчид үйлчлэх төвийн гол зорилго нь угаарын хийн дуудлага мэдээлэл болон бусад мэдээллийг өгч, тусламж үзүүлдэг ажлыг хийдэг. Гэтэл өнгөрсөн хавар нийт гэр хорооллын иргэдээс зуухны судалгаа авахад энгийн зуухны 82 мянга нь чанарын шаардлага хангахгүй байсан. Мөн 43 мянган айлын ханын пийшин шаардлага хангахгүй байсан. Нийтээр нь авч үзвэл гэр хороолын өрхүүдийн 63 хувь нь зуухны шаардлага хангаагүй байна.
Тэгэхээр зуух өөрөө таталт сайн байж байж бүрэн шаталт явагдана, онгорхой, цоорхой байхгүй бол угаарын хийн эрсдэл үүсэхгүй. Энэ мэтчилэн иргэдийн хариуцлагын асуудал их байна.
-Хүйтний улирал ид эхлэх гэж байна. Гэтэл захын хорооллоор маш их утаа үнэртээд байдаг. Гэтэл үүнийг юу гэж хардах вэ гэхээр нөгөө хуучин үе шиг хамер түлэх, хуванцар сав шатааж байна уу гэх хардлага төрж байгаа. Ийм нөхцөл байдал үүсэж байна уу?
-Яг ийм асуудал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна гэдэг судалгаа гарч байгаа. Ойролцоогоор 20 мянган айл шахмал түлшээ худалдан авч чадахгүйн улмаас гарт таарсан түлшээ түлж байна. Дугуй, хамер, хайрцаг гээд шатааж болох бүхий л зүйлийг шатааж байна. Нийт 200 мянган айл өрхийн 20 орчим мянга нь шахмал түлш хэрэглэхгүй, утаа их гаргадаг, амархан шатдаг материал түлэхээр агаарын бохирдол үүсэлгүй яахав.
-Эдгээр өрхүүдэд ямар нэг арга хэмжээ авдаг уу. Эсвэл сайжруулсан шахмал түлшийг хөнгөлөлттэй үнээр олгох ч гэдэг юм уу ийм зохицуулалтийг хэрхэн хийдэг вэ?
-Яг энэ асуудал нь чиг үүргийнхээ хувьд манай компанийн хариуцах ажил биш л дээ. Гэхдээ иргэдээ орхиж болохгүй. Олон олон айл өрхөд түлшийг нь бэлдэж өгөх ажлуудыг хийдэг. Хэдий нийгмийн хариуцлагын хүрээнд айл өрхүүдэд тусламж, дэмжлэг үзүүлж байгаа ч бүгдэд нь тусламж үзүүлэх боломж бололцоо хомс. Харин Нийслэлээс тудгээр өрхүүдийг тэдгээр хүмүүсийг бодлогоор дэмжиж ажиллах боломж бий. Үүнийг нийслэл шийдэх асуудал гэж харж байна.