Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлнэ

0

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, О.Номинчимэг нар хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дүүргүүдэд шилжүүлэн хуваарилах асуудлаар есөн дүүргийн удирдлагуудтай уулзлаа.

УБЗАА нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийн арчилгаа, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн гэрэлтүүлгийн засвар, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулдаг. Эдгээрээс есөн чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэхээр боллоо. Тодруулбал,

  1. Ногоон байгууламжийн арчилгаа
  2. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн гэрэлтүүлгийн засвар арчлалт
  3. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчлалт /сандал, хогийн сав, хөшөө, дурсгал, усан оргилуур, нийтийн бие засах газар/
  4. Гадна зар сурталчилгаа
  5. Нийтийн эзэмшлийн талбай /тоглоомын талбай, спорт талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн/
  6. Нохой муур устгалын үйл ажиллагаа
  7. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ
  8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх
  9. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эрхийг дүүргүүдэд шилжүүлэх юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хувьд төвийн зургаан дүүргийн гол 97 гудамж, алслагдсан зам талбайн 143.9 км зам буюу 2,483,229 ам метр талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг. Эдгээрийг төвийн зургаан дүүрэгт шилжүүлэх бөгөөд Баянгол дүүрэгт 12 км, Чингэлтэй дүүрэгт 7.5 км, Баянзүрх дүүрэгт 41.6 км, Сонгинохайрхан дүүрэгт 14.2 км, Хан-Уул дүүрэгт 42.2 км, Сүхбаатар дүүрэгт 25.6 км замын цэвэрлэгээг хариуцуулахаар төлөвлөжээ. Харин Хот тохижилтын газрын хувьд төвлөрсөн гурван хогийн цэг болон Алтан-Өлгий дэх оршуулгын газрын үйл ажиллагаа, Сүхбаатарын талбай зэрэг хотын томоохон гол гудамж, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг үргэлжлүүлэн хариуцах юм.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:

-УБЗАА Хот тохижилтын газраас гадна 16 компанитай хамтран ажилладаг. Бид жил бүр гүйцэтгэлийг дүгнэдэг бөгөөд дүүргүүд шаардлага хангасан компанитай гэрээгээ сунган хамтран ажиллах эсвэл шинээр сонгон шалгаруулалт зарлах боломжтой.  Мөн шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах эрхийг дүүргүүдэд шилжүүлж байна. Дүүргүүд мөн орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүддээ уг ажлаа хариуцуулах боломжтой. Шинээр тоног төхөөрөмж худалдаж авах бөгөөд өмнө нь ашиглаж байсан техник хэрэгслүүдээ дүүргүүдэд хуваарилсан замын хэмжээнд тааруулан олгоно. Эзэнгүй нохой, муурын хувьд 5-6 жилийн өмнө энэ тоо 360 мянгад хүрч байсан. Өдгөө 160 мянга орчим эзэнгүй нохой муур байна. Энэ хэмжээг дахин нэмэгдүүлж болохгүй. Аль болох хүнлэг, энэрэнгүй байдлаар эзэнгүй нохой, муурын тоог хязгаарлахын тулд үржил хязгаарлах ажилбар хийх хэрэгтэй.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-Бүтэц, албан тушаалын тодорхойлолтод анхаарах шаардлагатай байна. Дүүргийн Засаг дарга, орлогч нар өөрсдөө хот, нийтийн аж ахуйн ажлаа хариуцах уу, эсвэл бие даасан менежерийн албан тушаал гаргах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Ер нь бие даасан, хот, нийтийн аж ахуйн ажлыг хариуцах менежерийг томилж, УБЗАА-тай уялдан ажиллавал тохиромжтой гэж үзэж байна. Цэвэрлэгээний давтамжийг нэмж, тарифыг өсгөнө. Ингэснээр аж ахуйн нэгжүүд тоног төхөөрөмжөө сайжруулж, тохижилт, үйлчилгээний ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Дүүргүүд хувийн хэвшлүүдтэй гэрээ байгуулахдаа энэ талаар тодорхой тусгаж, гэрээний хугацааг 3-5 жилээр тогтоох ёстой. Нэг жилийн гэрээтэй компани хөрөнгө оруулалт хийж, хүний нөөцөө ч тогтоож чадахгүй гэдгийг анхаараарай. Мөн ирэх жилийн төсвөөс камержуулалтыг сайжруулна. Камерын хяналтын тусламжтайгаар цэвэрлэгээ, үйлчилгээ нь дутуу орхигдож буй байршил, халтиргаа гулгаатай зам талбайг тогтоон, мэдээлэл солилцох боломж үүснэ гэв.

Хот тохижилтын газраас дүүргүүдэд шилжиж буй тохижилт, үйлчилгээний ажилчдын цалингийн хэмжээг одоо байгаагаас нь бууруулахгүй байхад анхаарахыг дүүргийн удирдлагуудаас хүссэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *