П.Сайнзориг: Ойрын ирээдүйд метроны нэг шугамтай болно гэдэгт итгэлтэй байж болно

0

П.Сайнзориг: Нийслэл “Туулайчлах” бодлогыг зөвшөөрөхгүй. Отог нэртэй хаус хорооллоос татвар авна

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа.

-БОДИТ БАЙДАЛ ИЙМ Л БАЙНА-

-УИХ-ын Байнгын хорооны референтээс Хуулийн яамны хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвшиж ажилласан хүний хувьд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд хот руу ирсэн үндсэн шалтгаан юу байсан юм бэ? Уг нь Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга гэдэг хүссэн нь очоод суудаггүй, бас өргөдлөө өгөөд буудаг албан тушаал биш…?

-Нэгдүгээрт, нийслэл Улаанбаатарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцох нь нэр төрийн хэрэг гэсэн бодол нөлөөлсөн. Нийслэлд болж байгаа зүйл байна. 30 жилийн хугацаанд гарсан ололт бий. Гэвч шийдвэрлэх ёстой олон асуудал хуримтлагдсан байна. Эдгээрийг, Улаанбаатарын амьдралыг зөвхөн аж ахуйн ажил талаас нь харж болохгүй. Хууль, эрх зүйн зөв орчинд хийх ёстой. Түүнд нь зохион байгуулалт хэрэгтэй. Нэн тэргүүнд хууль, эрх зүйн шинэчлэл хийх асуудал байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас манлайлал үзүүлээд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчилж, УИХ-аар батлуулсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг мөн баталлаа. Үүгээр хүлээсэн чиг үүргийг тодруулж, бусад хуультай нь уялдуулах, ялангуяа нийсэлд холбогдох процесс, шийдвэр гаргах орон зай, НИТХ, Засаг даргын бүрэн эрхтэй холбоотой асуудлыг тодруулах шаардлага бий. Хотын чиг үүргийг хэрэгжүүлэх өмчийн асуудал байна.

Менежмент яаж явах, бодлого, төлөвлөлт нь хэрхэн гарах тухай ярина. Жишээ нь, Улаанбаатарын хэмжээнд байгаа инженерийн байгууламжийн зарим нь хотын өмчлөлд харьяалалтай ч дотроо хэд хэдэн байгууллагад хуваагддаг. Салбарын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хамаардаг нь ч байна. Үүнээс болж менежементийн асуудал үүсдэг. Шийдвэрлэхийн тулд хууль, эрх зүйн шаардлага гарна. Миний хувьд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, батлуулахад оролцсон хүний нэг. Тэгэхэд нийслэлд хамаатай олон асуудал байдгийг хөндлөнгөөс харж байлаа. Нийслэлийн шинэ Засаг даргатай гэхэд гурван жил, гурван сарын хугацаанд хамтарч ажилласан. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга байхаас нэгнээ мэднэ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан олон хуулийн төслийг УИХ-ын гишүүний хувиар ахалж, ойр ажилласан хүн. Үндсэндээ гар нийлж ажиллахад ойр байдаг. Тэр өнцгөөс хотод ирж ажиллах шийдвэрээ гаргасан.

-Хуулийн сайдын тамга өөр хүнд шилжсэн ч Х.Нямбаатар даргын тухайд яамныхаа гол албан тушаалтнуудыг хот руу татлаа гэсэн яриа гарсан. Таниас гадна хэд хэдэн хэлтсийн дарга нийслэлд ирсэн байх аа?

-Мэдээж тодорхой түвшинд ярилцсан асуудал бидэнд бий. “Хотод тулгамдсан зүйл нь ийм байна. Чи өөрийгөө сорьж үзээч” гэсэн саналыг Х.Нямбаатар дарга тавьсан. Тэрийг нь хүлээж аваад өргөдлөө өгсөн. Хотод тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд зөв тогтолцоог баталгаажуулсан хуулийн орчин шаардлагатай. Энэ хүрээнд асуудлыг шийднэ. Яах вэ, Хууль зүйн яамнаас хот руу гурван хүн л ирсэн шүү дээ. Тэгж олуулаа ирээгүй. Яамаараа нүүгээд ирсэн юм шиг зарим нь ярьсан байна лээ. Тийм зүйл байхгүй. Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмон Засаг даргын Ахлах зөвлөхөөр ирсэн. Санхүү, хөрөнгө оруулалтын дарга Л.Хосбаяр Тамгын газрын дарга болсон. Ийм л юм.

-Гол асуудал нь Оюу Толгойн хэлэлцээ, Францын “Орона майнинг”-тай хийх Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах Монголын талын ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүн нь Та? Сүүлд “Нүүрсний сонсгол”-ыг зохион байгуулах Түр хороонд ч харьяалалтай явсан байх. Эдийн засаг, эрх зүйн хувьд улс орны эрх ашигтай шууд холбогдох томоохон ажил хүссэн үр дүндээ хүрээгүй байхад гардан хариуцаж байсан салбарын сайд, Төрийн нарийн бичгийн дарга нь хоёулаа хот руу ирсэн нь асуулт дагуулах нэг шалтгаан. Хариуцлагаас зугтаалаа гэж харах хэсэг ч байна?

-Оюу Толгойн Хөрөнгө оруулагч талтай хийх хэлэлцээр явдгаараа явж байгаа. Монголын Засгийн газартай үүсгэсэн Арбитрын маргааныг наана нь эв зүйгээр шийдэх арга замыг эрэлхийлж ирсэн. Хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээний явцад 12 бүлэг асуудлыг голчилж ярьсан. Үүнээс 10 орчмыг нь бүрэн шийдсэн. Хоёр асуудал үлдсэний нэг нь Арбитрын маргаан. Мэдээж дараагийн хүмүүс нь үргэлжлүүлээд явах байх. Францын “Орона майнинг”-тай хийж байгаа хэлэлцээр ч мөн адил. Хөрөнгө оруулалтын гэрээ боловсруулах ажлыг чиглүүлж ажилласны хувьд Ерөнхийлөгчийн Францад хийсэн айлчлалтай зэрэгцүүлж дараагийн хүнд нь хүлээлгэж өгсөн. 

Тодорхой хэмжээний ажил урагшлаад, үр дүнгээ өгч байсан нь бий. Гэхдээ Төрийн ажил хүнээс бус тогтолцоо буюу бүтэц нь үргэлжлүүлж аваад явдаг онцлогтой. Түүнээс хэн нэгэн хүнээс хамаарсан ажил байж болохгүй. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын тухайд Хуулийн сайд байхдаа аливаа асуудлыг болгох талаас нь тууштай ажилласан. Дараагийн хүмүүс нь ч тэгж ажиллах байх аа. Хувь хүн гэхээсээ бүхэл бүтэн институци хариуцаад яваа учраас зохих чиг үүргээ хэрэгжүүлнэ.

-Дунд шатанд буюу нийслэлд бугшсан системийн авлигыг цэгцлэх, түүнтэй тэмцэх чиглэлийг хотын дарга Х.Нямбаатар, түүний багийнханд Ерөнхий сайдын зүгээс өгсөн. “Давс мэт шорвог” шийдвэр гаргахаа ч Х.Нямбаатар дарга мэдэгдсэн. Гэтэл Улаанбаатар хотын түүхтэй холбоотой гэгддэг “Урт цагаан”-ыг нураана, нураахгүй гэдэг асуудал руу орсон нь иргэдийн дунд үүссэн хүлээлтийг давсангүй. “Шунхлай” ШТС-ыг харилцан тохиролцсоноор буулгасан ч “Авлига хороолол”, “S Outlet” тэргүүтэй хууль бусаар үерийн бүсэд барьсан барилга, байгууламжийн асуудал ч бий?

-Хотын удирдлага бүрэн эрхийн хугацаандаа хувийн хэвшил, бизнес эрхлэлтийг тууштай дэмжиж ажиллана. Олон шийдвэр гаргана. Нийтийн аж ахуйг гэхэд хувийн хэвшилд шилжүүлэх тухай ярьж байна. Шаардлагатай тохиолдолд үнэ тарифт өөрчлөлт оруулж, хувийн хэвшилд орон зайг нь гаргаж өгнө. Жишээ нь, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэх өртөг нь 50 төгрөг. 2006 онд тогтоосон тариф. 

-Ам метр нь гэсэн үг үү?

-Тийм ээ. Ийм байхад хувийн хэвшил яаж орох юм. Өнөөдрийн инфляц, шатахууны өсөлттэй цаг үед цэвэрлэгээ хийж, түүнд таарсан тоног төхөөрөмж авчирч, цалин хангамжаа өсгөх юм. Хотын даргын барьж байгаа бодлого нь энэхүү үнэ тарифт өөрчлөлт оруулж, зохистой хэмжээнд нэмэгдүүлэхэд чиглэнэ. Гэхдээ тухайн аж ахуйн нэгж байгууллагад давхар хариуцлага ярина. Нийслэлтэй хийсэн гэрээний хүрээнд өгч буй төлбөрийн тодорхой хувийг тоног төхөөрөмжөө сайжруулах, цалин хангамжаа нэмэхэд зарцуулах шаардлага тавина. Гэрээний харилцаагаар чиг үүргээ хэрэгжүүлэх, өсч өндийх бололцоог нь хангана. Нөгөө талдаа үер усны асуудалтай холбогдуулж, “Шунхлай” ШТС-ыг албадан буулгаагүй. Өмнө нь бол тийм өнгө аяс байсан уу, байсан. Төр нь өөрөө зөвшөөрөл өгчихөөд албадан буулгаж болохгүй. Тиймээс өөр газар бариулахаар харилцан тохиролцсон. Буулгах зардлын тухайд нийслэл хариуцсан.

“S Outlet”-ын тухайд нийслэлээс газрын эрх нь олгогдсон ч тодорхой хэмжээний хууль тогтоомж зөрчим барьсан. Буулгах ажил нь эхэлж байгаа. Энэ бүхний цаана ашиг сонирхлын үүднээс зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна.

“Авлига хороолол”-ын хувьд Д.Сумъяабазар даргын үед гаргасан захирамжийн хүрээнд Захиргааны хэргийн шүүхэд маргаантай яваа. Шүүхээс ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гараагүй. Сонсох ажиллагаа буюу урьдчилсан хэлэлцүүлэг явж байна.

-“Урт цагаан”-ы тухайд?

-Үүнийг зөв өнцгөөс харах ёстой юм. Соёлын эсвэл түүхэн барилга байгууламж гэдгийг хэн нэгэн хүний амаар тодорхойлдог зүйл биш. Энэ өнцгөөс харахад иргэдэд таалагдах гэсэн, улс төрийн оноо авах хэрэгсэл болгох хэсэг байна. Судлаад үзвэл өөр. 2009, 2011, 2020 оны үед нурах эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. 1958 онд анх барихдаа л газар хөдлөлтөд тэсвэртэй байдлаар бариагүй, нурах эрсдэлтэй гэсэн дүгнэлт. Яг үнэндээ “Урт цагаан” нийслэлийн өмчид бүртгэлтэй байгаа боловч хувьд шилжүүлсэн мэт ашиглаж байна.

-Өмчлөл нь нийслэлд хамаардаг ч ашиглалтын хувьд огт хамаагүй гэсэн үг үү?

-2020 оноос хойш нийслэлийн төсөвт нэг ч төгрөг өгөөгүй байдаг юм. Тэгсэн атлаа 25 аж ахуйн нэгж байгууллага жижиглэнгээр түрээслүүлж ашиг олдог. Зарим нь бүр зөвшөөрөлгүйгээр өргөтгөж, нурааж, хийцийг нь эвдсэн байна лээ. Ар талынх нь газарт хүртэл өргөтгөл барьсан байх жишээтэй. Үүнийг түүхэн барилга гэж хэлэх үү? Нийслэлийн өмчийг хэн нэгэн этгээд үнэгүй ашиглаад явж байгаа байдлыг зогсоох л тухай юм. Хүн амын төвлөрөл, нягтаршил нь ихсээд байхад нийслэл өөртөө байгаа барилгыг нураагаад дахиад барих логик байж болохгүй. Хамгийн хэрэгцээтэй байгаа ногоон байгууламжийг нь баръя. 

ДЭМБ-аас өгч байгаа зөвлөмжид нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээнд есөн ам метрээс дээш байх ёстой байтал хотынх хүрдэггүй. Дээрээс нь “Урт цагаан”-ыг дагасан хууль бус үйл ажиллагаа байна. Дотор нь үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний дарханы газар нь химийн бодис ашигладаг. Цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, шалгуулж эхэлсэн. Хотын төвдөө химийн бодис ашигладаг улс манайхаас өөр байхгүй. Энгийнээр тайлбарлая. Таны орон сууцанд түрээслэгч этгээд орж ирчихээд зах зээлийнхээ зарчмаар биш 100 төгрөгөөр түрээслэнэ гээд байвал яах вэ? Дараагийн хүнийг нь оруулъя гэхээр гарахгүй. Эсрэгээрээ 100 төгрөгөөр надад хувьчил гэж болох уу? Ийм л юм “Урт цагаан” дээр болж байна. Одоо бүр “Бидэнд хувьчилж өг” гэдэг асуудлыг шүүхэд тавьж байна. Тэгэх боломжгүй. Ард нь ямар нэгэн эрхтэн, дархтан байгаа учраас ингэж дураараа авирлаж байж магадгүй.

-“Урт цагаан”-тай холбоотой асуудал өчигдөр үүсээд, өнөөдөр маргаан дагуулж байгаа юм биш. Олон жилийн өмнөөс ярьсан ч шийдлээ олохгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл нийслэл нь өөрийн өмчийг хэрхэхээ шийдэж чадахгүй яваа нь сонсоход инээдтэй л байна. Уг нь хотын төвд байдаг, байсаар байгаа барилга?

-Бодит байдал ийм л байна. Хотын дарга Х.Нямбаатар ажлаа аваад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар өмчөө бүртгэх асуудлыг ярилаа. Батлан хамгаалах яамнаас шилжүүлсэн 9.8 тэрбумын тоног төхөөрөмжийг зургаан жил бүртгэхгүй явсаар дундаас нь алга болсон тохиолдол байна. Маш олон нийслэлийн өмч бүртгэлгүй явж байна. Үүнийг сайжруулж байж татварын орлого нэмэгдэнэ. Нийслэлйин өмч гэдэг дан ганц Засаг даргынх биш. Улаанбаатарчуудын өмч. Менежментийг нь зөв хийх ёстой. Соёлын төв өргөө байна. Зэргэлдээ орших “Централ тауэр”-ийн түрээс 15 ам.доллар гэж сонссон. Гэтэл Соёлын төв өргөөнийх нь 1.5 ам.доллар. 50 хүрэхгүй метр зайтай хоёр байгууламж шүү дээ. Өнгө үзэм, тав тухын хувьд зөрүүтэй л байх. Гол нь “Централ” шиг сайжруулаад түрээслэж болох л байсан. Ийм асуудалдаа цэг тавъя аа л гэж байгаа юм.

-Нийслэлийн өмчлөлд ямар барилга, байгууламж, обьект байдаг талаарх нэгдсэн бүртгэл байдаггүй гэж үү?

-Барилга, байгууламжаас эхлээд шийдэх асуудал олон байна. Нэн түрүүнд шийдэх хамгийн том нь газар доорх инженерийн барилга, байгууламжийн өмчлөлийг тодорхой болгох. Ингэж байж хөрөнгө оруулалтыг нь хэн хариуцаад явахыг тодорхой болно. Яг тэндээс хувийн аж ахуйн нэгж байгууллага, иргэн зөвшөөрөл авч холбогдох гэхээр эрх мэдлийн тулаан болдог. Яам, нийслэл, хэрэгжүүлэгч агентлагийн түвшинд. Арчлалт хамгаалалт, хөрөнгө оруулалт гэхээр эзэнгүй болдог. Өнөөдрийн түвшинд нийслэлийн инженерийн дэд бүтцийн 70 хувь нь өндөр насжилттай. Ашиглалтын хугацаа нь дууссан гэсэн үг. Өвлийн хүйтэнд задарвал ямар эрсдэл үүсэх вэ? гэсэн болгоомжлол дагуулах хэмжээний эмзэг цэг нь болсон.

-ҮЕИЙН ҮЕД МЕХАНИК ШИЙДВЭР ГАРГАСНААР АЖИЛ ЯВАХГҮЙ-

-Засаг захиргаа, нутаг дэвсрэгийн нэгжийнхээ дагуу Улаанбаатар хот нь хариуцаад явдаггүй юм уу?

-Янз, янз. Хот хариуцахаа хариуцна. Хувийн хэвшил нь бүртгэлгүйгээр хийчихээд хотод хүлээлгэж өгөхгүйгээр явсан нь ч бий. Яам, Засгийн газрын түвшний байгууллагад хамааралтай нь ч байна. Ийм алаг цоог байдлыг шийдэх ёстой. Зарим нь хүний нөөцийн асуудлаас үүдэж орон сууц барихдаа төвийн шугамтай стандартын бусаар холбочихоод булаад орхидог. Эргээд эзэн биегүй. Яг ийм шалтгаанаар Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хорооны иргэд зэвтэй ус уугаад сууж байна. Тийм үнэтэй байр авчихаад биеэр нь яр шарх гардаг. Хүүхдүүд нь эрүүл мэндгүй болж байна. Үр хүүхдийнхээ төлөө зарцуулах хөрөнгөө ус цэвэршүүлэгч тэргүүтэй урсгалд зардалдаа төлөх зэргээр хохирч болох уу. 

-Нийслэл өөрийн өмчийн бүртгэлээ нэгтгэж гаргаснаар энэ асуудлыг түрүүчээс нь шийдэх юм байна гэж ойлголоо. Үүнтэй адилхан бас нэгэн асуудал бий нь газар олголт. Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн газар олголтыг энэ он дуустал түр царцаасан. Хотын даргын зүгээс ч цаашдаа газар олголтыг хязгаарлах бодлого барихаа нэг бус удаа мэдэгдсэн шүү дээ?

-Тодорхой хэмжээний асуудлыг цэгцэлж, цэгцрэх хүртэл тавьсан хязгаарлалт. Газартай холбоотой зохицуулалт Барилга, хот байгуулалтын яамнаас Ерөнхий сайдын дэргэд очиж байгаатай холбогдуулж зогсоосон асуудал төсвийн хуулиар явна. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Төсвийн тухай хууль хэрэгжээд эхлэхээр буцаад сэргэнэ. Улаанбаатарт үүссэн олон асуудлын цаад углуурга нь газар тойрсон ашиг сонирхол. Тэгэхээр хотын зургаан дүүргийн газар олголтыг Засаг даргынхаа хүрээнд шийдье. Эрх сунгах асуудлыг дүүргүүд хийж болно. Хотын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй нийцүүлсэн олголтыг хотын дарга шийдье. Гэхдээ дур, дураараа биш дуудлага худалдаагаар олгоё. Эсвэл Төрийн болон нийтийн хэрэгцээнд зориулсан зам харилцаа, сургууль, цэцэрлэг барих гэж байгаа бол түүнд нь олгоё. Тодорхой байршлыг чөлөөлж өөр газарт суурьших гэж байгаад нь дүйцүүлж олгоё оо л гэж байгаа юм. Бусад байдлаар хязгаарлана.

Дэд бүтэц байгуулж өгөөгүй газарт өмчлөл явуулж ирсэн нь буруу байсныг одоо л ойлгоцгоож байна. Инженерийн байгууламж барьсан тохиолдолд түүнийг дагасан хэлбэрээр олгоё. Тэгэхгүйгээр өмчлөл олгочихдог, тэнд нь амины орон сууц барих дэд бүтэцгүй. Үүнээс үүдэлтэй агаар, хөрсний бохирдол бий болдог. Яг тэр хэсэгт нь сургууль, цэцэрлэг ч барих газар олдоггүй. Улаанбаатарын түгжрэлийн асуудал сургууль, цэцэрлэгийн хүртээмж багатай хэсгээс 91 мянган хүүхдийг зөөвөрлөж, тээвэрлэхээс үүдэлтэй. Гэрээсээ гараад 15 минутын зайд сургууль, цэцэрлэг, худалдааны төвүүд нь байрладаг бол түгжрэл байхгүй. Их тойруу, ялангуяа Бага тойруу орчимд Төрийн, соёлын, худалдааны бүх байгууллага, ахисан түвшний эмнэлгүүд нь байна. Хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг, дугуйлан бүгд байна. Түгжрэл үүсэхээс өөр аргагүй. Хүний анхдагч хэрэгцээг оршин байгаа бүсэд нь хийж, төлөвлөхөөс өөр арга байхгүй. Сэлбэ дэд төв тойрсон бүтээн байгуулалтыг яг ийм загвараар хийхээр төлөвлөж байна. Тэгэхээр тэнд их, дээд сургууль, соёлын байгууллага, худалдааны төв нь очих ёстой. 

“Нарантуул”, “100 айл”-ыг хүчээр нүүлгэнэ гэдэг биш эдийн засгийн хөшүүргээр хийх ёстой. Ингэж задалж байж зах зээлийн зарчмаараа зөв голдиролдоо орно. Түүнээс үеийн үед механик шийдвэр гаргаснаар ажил явахгүй. 

-Ямар нэгэн байдлаар хүчилж албадсан механик шийдвэр Та бүгдийн үед гарахгүй юм байна гэж ойлголоо?

-Гарахгүй.

-Сургууль, цэцэрлэг, худалдааны төв зэргээр хүний анхдагч хэрэгцээ рүү чиглэсэн төлөвлөлт хийхэд хөрөнгө санхүүгийн асуудал давхар яригдаж таарна. Мэдээж бага мөнгөн дүнгээр шийдэхгүй нь ойлгомжтой. Хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилтийг нь хаанаас босгох юм. Хот өөрөө төсвийн ачааллаа дийлэхгүй үеийн үед “Улаан шугам”-аа давж ирсэн байдаг?

-Хотын эдийн засгийг тэлэх татварын болон татварын бус бааз суурийг нэмэгдүүлэх бодлогыг эрэлхийлнэ. Нийслэлийн орлогыг бүрдүүлдэг гол цөм нь хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. Нэмээд үл хөдлөх хөрөнгийн татвар. Тэрийгээ зөв тооцож авдаг аргачлал руу орно. Жишээ нь, тусгай хамгаалалттай бүсэд барьсан отог орон сууцнуудаас татвар авна. Ингэж байж тийшээ зам тавина, хог хаягдлын менежемент хийнэ. Сургууль, цэцэрлэг барих асуудлыг шийднэ. 

-Отог орон сууц гэдэг нь Богд уулын бэлээр барьсан хэсгийг хэлээд байна уу. Тухайн бүсээс татвар авах шийдвэрийг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх юм?

-Он гараад тухайн бүс орчмын хаус хорооллуудаас татвар авах асуудлыг хөндөнө. Хажуугаар нь нийслэлийн өмчийн бүртгэл явуулсны дараагаас ашиглалтыг зөв зарчимд оруулна. Хотын эдийн засгийг зөвхөн татварт үндэслэж түүнийг бүрдүүлж байгаа хэсгийг ноолох биш төлөхгүй байгаа хэсэг рүү орно. Тэдгээр нь зах худалдааны төвүүд. Татварын байгууллагатай хамтарч татвар төлдөг болгоно. Ингэхээс өөр аргагүй. Ингэж байж татвар төлөлтийг жигд хуваарилалт руу оруулна. Далайд дусал нэмэр гэгчээр зохистой хэмжээнд бүгд төлөхөд татварын бааз суйр бүрдэнэ. Өгч байгаа хэсгээ ноолдог, тэдгээр нь өндийдөггүй байж болохгүй. Хотод үнэхээр үйл ажиллагаа явуулж, ашиг олдог бол татвараа төлдөг байх ёстой.

Хотын эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ. Ялангуяа эдийн засгийн тусгай бүс гэдэг ойлголт Нийслэлийн эрх зүйн байдлын хуулиар орж ирсэн. Үүнд үндэслэж Сонгинохайрхан дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна. Эмээлтийн аж үйлдвэрийн паркийг түшиглэж хүлэмжийн аж ахуй эрхлэе. Эдийн засагт дэм болох, ажлын байр нэмэгдүүлэх бололцоог бий болгоё гэж байгаа юм.

-Сонгинохайрхан дүүргийн аль хэсэгт хамаарах юм?

-ХХI хороо Партизаны сан аж ахуйн байсан хэсгийг зуслангийн бүс болгоод алдаж болохгүй. Харин хотын хүнсний аюулгүй байдал, хангамжийн бүс болгож хөгжүүлэх ёстой. Тэгж байж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдана. Зөв эрчимжүүлж чадвал сургууль, цэцэрлэгийн “Үдийн хоол” хөтөлбөрт нарийн ногоо нийлүүлэх боломжтой. Шийдэх гарцаа зөв тодорхойлж чаддаггүйд учир байна.

Хөшигийн хөндийн гэхэд хотын хөгжлийг дэмжсэн конвеншн центр, битүү дээвэртэй цэнгэлдэх, таван одтой зочид буудал, эдийн засгийн санхүүгийн төв байгуулах зэргийг хийхээр төлөвлөж байна. Үүнд хууль, эрх зүйн баталгаа хэрэгтэй. Сэлбэ, Баянхошуу дэд төвд суурилсан орон сууцжуулах бодлогын хувьд нийгмийн төсөл. Эдийн засаг талаасаа чухал төсөл. Агаар, хөрсний бохирдлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх өнцгөөс том төсөл. Хэрэгжүүлж чадвал ядуурлыг ч тодорхой түвшинд буулгана. ДНБ-д 2.5 их наядын нөлөө үзүүлнэ гэж тооцсон. 

Өнөөдөр нийслэлд 1.7 их наядын царцаасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ байна. Үүнийг эрэмбэлсний дараа хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэхийг нь шийдэж, зогсоохыг нь зогсооно. Ерөөсөө л нийслэлийн төлөвлөлт бодлого нь нэг жилийн циклтэй явж ирсний үр дүнд дуусгаагүй арга хэмжээ нь 1.7 их наядаар хэмжигдэж байгаа юм. Тэгэхээр хувийн хэвшлээ дэмжье, орон зайг нь гаргая. Зарим чиг үүргийг нь шилжүүлж өгье. Улаанбаатарын татварын бааз суурыг нэмэгдүүлье. Зөв ашиглавал 1.7 сая хүн гэдэг том суурь.

-Хүлэмжийн тухайд нийслэлийн захад 50 га газарт хүлэмж байгуулах санал Шадар сайд С.Амарсайханыг хотын дарга байх үед гарсан ч тодорхой хэсгийн эсэргүүцэлтэй тулснаар зогсонги байдалд орж бүр цуцалсан. Үүн шиг Партизан орчимд байгуулахаар төлөвлөсөн хүнсний бүс ямар нэгэн шалтгаанаар “унахгүй” гэсэн баталгаа байхгүй…?

-Аливаа төсөл хөтөлбөрийг дагаж тодорхой хэмжээний эсэргүүцэл явдаг. Тэр бүгдэд иргэдэд зөв мэдээллийг хүргээд явах ёстой. Тэгэхийн бол бодит дэмжлэг нь ирнэ. Үнэхээр тийм зүйл байгаа юу? байхгүй юү? гэдгээ хэлэх хэрэгтэй. Улаанбаатарын хүнсний аюулгүй байдал гэдэг том асуудал. Ерөнхийлөгчийн түвшинд дотоодоос хангах бодлого барьж байгаа. Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах үүц нь Сонгинохайрхан дүүргийн зарим хэсэг. Тэгэхээр Төв аймагтай ч нягт уялдаа холбоотой ажиллах шаардлага үүснэ. Эдийн засгийн интеграцид орж, хамтдаа хөгжих үндэслэл нь ч тийм. Ногоон бүс буюу Партизаны сангийн аж ахуйг түшиглэсэн сүүн бүтээгдэхүүний эрчимжсэн фермийг ажиллуулж байна. Үүнийг дагаад ажлын байр бий болно. Зочид буудлуудын хөгжилд ч хамаарах асуудал. Хоол хүнсний хангамжаас шалтгаалж аялал жуулчлалын сервер үйлчилгээний чанар дээшилнэ. Гадаад валют нэмэгдэнэ. Гадагшаа гарах урсгалыг дотооддоо шингээнэ. Жижиг худалдааны төвүүдээ дэмжих зэргээр гинжин циклээр явна. Өнөөдөр зүгээр нэг хорхог, боодгоор аялал жуулчлал явахгүй. 

Монгол Улсын цаашдын хөгжлийн том гарц бол хүн ам, тэр дундаа хүүхэд. Тэдний өсөлт хөгжил хоол хүнснээс шууд хамаатай. Яагаад хүүхдүүд шинэ ногооны салат идэж болохгүй гэж. Эрүүл хүнээс бүтээмж гарна. Бүтээмж нь Монгол Улсын хөгжлийг тодорхойлно. Тэгэхээр Улаанбаатарын хөгжлийг барилга, байшингаар тодорхойлох нь өрөөсгөл.

-ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТАТВАРЫГ ХУУЛИАР ТӨЛӨХ Л ЁСТОЙ-

-Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нэн тэргүүний эрх нь хангагдаж чадахгүй байгаатай Та санал нийлэх үү?

-Хүнд байна. Агаар, хөрсний бохирдлыг хар. Үер болоход бүх бохирдол нь хотын төв рүүгээ урсаад ирж байна. Богд уулын тусгай хамгаалалттай бүсийн байгаль хамгаалагч байцаагчид нь хуйвалдаад хот руу мал өвөлжүүлж байх жишээтэй. Малын гоц халдварт өвчин гарахад Улаанбаатар тэр чигтээ хөл хорионд орно. Мал аж ахуйн муу гэж байгаа юм биш. Хоттой ойролцоо байж болох үйл ажиллагаа хязгаартай. Гэтэл ганцхан байцаагчийн шийдвэрээр улс төр, нийгэм, эдийн засгийн харилцаа явдаг бүх харилцаа явдаг бүсийг хөл хорионд оруулах нөхцөл бүрдэж байна. Аливаа зүйлд бодолтой хандах ёстой. Энэ яах вэ? гэдэг. Эсвэл жижиг хулгайг өөгшүүлдэг, зарчимгүй байдлын дүр зургийн сөрөг нөлөө нь л өнөөдрийн дүр төрх. Хот тойрсон ногоон байгууламж дагуулж адуу оруулж ирж өвөлжүүлдэг нэг тийм сонин бүтэц бий болсон байна. Үүнийгээ л больмоор байна.

Хоёрдугаарт, барилга, орон сууц барьж байгаа төлөвлөлт нь нийгмийг тэр чигт нь стресст оруулж байна. Байгалийн зохистой гэрэл тусч чадахгүй орон сууц ашиглалтад орж байна. Өдөржингөө гэрлээ асааж таарна. Цаана нь эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ. Иргэн нь стресстэнэ. Тэрийгээ гэр бүлийн болон орчин тойрныхоо хүнд гаргана. Дагаад гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэнэ. Тайвшраад сууя гэхээр ногоон байгууламж алга гэх зэргээр. Иймэрхүү барилга, орон сууцыг ипотекийн зээлд хамруулдаг бодлогоо Засгийн газар эргэж харах ёстой гэж боддог. Стандартын шаардлага хангаснаа л зээлээр дэмжье.

Авто зогсоол, ногоон байгууламжгүй байхад зээл олгоод авч байгаа нь харамсалтай. Хувийн хэвшлийнхэн ч богино хугацаанд ашиг хийгээд гардаг хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Зээл нь бүтчихээр аргагүйн эрхэнд төлөвлөлтгүй орон сууцанд ордог. Тэгээд стресстдэг.

-Хот нь яагаад хот шиг ажиллаж байдаг болдоггүй, бас хүсдэггүй юм бэ? Хууль бус барилга, орон сууцны асуудал үүсэхэд зөвшөөрлөөсөө эхлээд хариуцах эзэн биегүй болчихдог байдал нь өөрөө төлөвлөлтгүй явж ирсэн байдлыг гол алдаа юм биш үү. Харьяалал нь хотынх мөртлөө тусгай хамгаалалтын бүс гэсэн үндэслэлээр Богд ууланд газар олгох эрх нь Байгаль орчны яаманд явдаг. Эцсийн дүндээ хариуцлага ярихаар өөр бусад руугаа бухсан “чөтгөрийн тойрог”-т л бид эргэлдээд байна. Буух эзэн, буцах хаяг нь тодорхой байж болдоггүй юм уу. Богд уулыг тойруулаад олгосон отог нь бүхэлдээ хаус хороолол болсны дараа татвар авна гээд сууж байна. Эсрэгээрээ дэмжлэг хүлээх үү. УИХ-ын гишүүд, сайд, дарга нар гээд шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд нь бараг бүгдээрээ тэнд амьдарч байна?

-Үл хөдлөх хөрөнгийн татварыг хуульд зааснаар төлөх ёстой. Нийслэл ч хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх учиртай. Гэтэл тэрхүү мөнгийг нийслэлийн нөгөө хэсэгт амьдарч байгаа хэсэг нь төлдөг байж болох юм уу? Үлдсэн хэсэг нь туулайчлаад байж болох уу? Туулайчлах бодлогыг олон салбарт халах ёстой. Хэрэглээгээрээ, шударгаар, тэгш хүртээмжтэйгээр бүгд төлдөг байх ёстой. Нэг хэсэг нь татвар төлдөг. Нөгөө хэсэг нь төлдөггүй, зугтаадаг байж болохгүй. Улаанбаатарын дэд бүтцийг ашиглаад амьдарч байгаа бол төлөх л ёстой. 

Мэдээж нийслэл, яам хооронд чиг үүргийн давхцал байна. Барилгын асуудал гэхэд 16 давхраас доош зөвшөөрлийг нийслэл, 17-гоос дээшээ Барилгын яам олгодог. Үүн дээр барилгын компаниуд тоглолт хийдэг. Нийслэлээс зөвшөөрөл нь гарахгүй бол нэг давхар нэмээд яам руу явдаг. Зөвшөөрлийн хуулиар үүнийг уг нь цэгцэлсэн. Нэгжийн тухай хуулиар нийслэлд хамаарах чиг үүрэг нь ирж байгаа ч эрх мэдэл нь ирэхгүй байна. Эргээд бодох л асуудал. Хууль, эрх зүй, төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор шийдэхгүйгээр нийслэл дангаараа шийдэж чадахгүй. Өнөөдрийн тулсан асуудал нь утаа, түгжрэл, орон сууцжуулах бодлого болохоор түүндээ төвлөрч байна. Цаашдаа Улаанбаатарыг хэрхэн тэлэх, эдийн засгийн суурь бааз нь ямар байх тухай ярина. Дэд бүтэцгүйгээр хот хөгжихгүй. Байгаа дэд бүтэц дээрээ шавж байгаагийн зовлонг л бид амсаж байна.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар Улаанбаатарын чиг үүрэг, статусыг илүү тодорхой болгосон ч Хот хариуцсан сайдын орон тоог Засгийн газрын бүтцэд бий болгоод жил тойрч байна. Ер нь Хот хариуцсан сайдтай болсны давуу тал нь яг юу юм?

-Тусгайлсан сайдтай болсноор Улаанбаатарын бүх асуудлыг хариуцна гэсэн үг биш. Түгжрэлийг хариуцаж байгаа юм. Тэгэхдээ Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог хангана. Тодорхой хэмжээнд чиг үүргээ гүйцэтгээд яваа. Ер нь цаашдаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн бүтцийг салгаж үзэхээс өөр аргагүй. Нэг нь хотын эдийн засаг, нийтийн аж ахуйгаа, нөгөөх нь Төрийн хуулийн хэрэгжилтийг хангадаг. Нийслэлийн хэмжээнд үүсч байгаа асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд хариуцдаг систем нь улам төгөлдөржөөсэй гэж хувь хүнийхээ үүднээс боддог. Өнөөдөр нийслэлийн Засаг дарга нэг гартаа Захирагчийн эрх мэдэлтэй, нөгөө талдаа Төрийн төлөөллийг хангадаг. Цас, борооноос үүдэлтэй зам дээрх асуудлыг Засаг даргад наах шаардлагагүй. Оролцох ч ёсгүй. Хотын захирагч нь хийгээд явах зүйл. Гэтэл өнөөдөр энэ нь нэг байгаа учраас бодлогын юмаа ярихаар аж ахуй талаасаа бүдэрч унадаг. Аж ахуй руугаа хэт орохоор бодлогын юм нь хаягддаг тал бий.

-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЗӨВ ӨНЦГӨӨС ХАРЦГААЯ-

-Түгжрэл гэснээс нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд 1300 орчим автобусны эхний ээлжийг энэ онд багтааж оруулж ирэхээ хотын дарга мэдэгдсэн. Үлдсэнийг нь Цагаан сараас өмнө оруулж ирэхээр төлөвлөсөн юм билээ. Энэхүү процесс нь яг яаж явах юм?

-Нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэхийн тулд менежментийг сууриар нь авч үзэх ёстой. Зөвхөн автобус оруулж ирснээр, тоог нь нэмснээр шийдэхгүй. Нэн тэргүүний бодлого нь татвар төлөгчдийн мөнгөөр оруулж ирэх автобусыг зөв хуваарилалж, яаж эргэн төлөлттэйгөөр ашиглах вэ? гэсэн асуудал. Тендерийн сонгон шалгаруулалтын хүрээнд шинэ автобуснууд ороод ирэх байх. Арваннэгдүгээр сарын 24-нд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана. Үүгээр 600-гаас доошгүй автобус авахаар тооцсон. Оруулж ирсний дараагаас тодорхой богино холбоосын чиглэлд гаргана. Автобус компаниудад ямар зарчмаар ашиглуулах вэ гэдгийг шийднэ. 

Эхний ээлжид чиглэлүүдийг зөв тодорхойлох ёстой. Ашигтай маршрутад бүгд овоороод чиглэл нь давхцаж болохгүй. Мөн төлбөрийн системийн уян хатан байдлыг бий болгоно. Түүнийгээ орон нутгийн төсвөөс өгдөг татаастайгаа уялдуулах хэрэгтэй. Хэчнээн зорчигч тээвэрлэснээс үл хамаарч татаас өгдөг байдлыг хална. Бодитой зорчилтод үндэслэж машин цагтай нь уялдуулна. 

-Эдгээр зохицуулалтад автобус хүлээх хугацааг богиносгох шийдэл багтсан уу?

-Мэдээж шийднэ. Хүүхдээ тэвэрсэн эмэгтэй салхи хаагаагүй буудалд автобус хүлээж зогсох боломжгүй. Нийтийн тээврийн менежментийг сайжруулна гэдэг хүртээмжийг нэмэгдүүлнэ. Чиглэлээ зөв тогтооно. Гол нь бүх чиглэлд явна. Үүнийгээ дагаад автобусны буудал нь эхээс  аятай тухтай байх ёстой. Төлбөрийн уян хатан системийн хүрээнд өдрийн зорчилтыг 1000 төгрөг болгоно. Сарын хэрэглээгээр нь тооцоход 30 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Хэрэглэсэн тоогоороо хасагдана. Хэрэглээгүй тохиолдолд буцаагаад татна. Ахмадууд, сурагч, оюутнууд ч мөн адил. Тэгэхгүйгээр хэдэн хүн зорчсон нь ч мэдэгдэхгүйгээр 200, 200 тэрбум төгрөгийг автобус компаниуд авдаг байж болохгүй. 

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 10, 10 жилийн хугацаатай автобус авч ирсэн нь асуудал дагуулж байна. Одоо бол тэгэхгүй. Шинээр авах автобус нь дараагийнхаа шинэчлэлийн эх үүсвэрийг бүрдүүлдэг чиглэл рүү менежмент хийнэ. Эргэн төлөлтийг нь бүрдүүлэх замаар жил, жилдээ бага багаар парк шинэчлэл хийх бодлого барина. “UB smart car” компанитай гэрээгээ цуцлахаа мэдэгдсэн. Маш олон мэдээлэл нь хаалттай компани. Үйл ажиллагаа нь сайжирдаггүй. 

240 гаруй автобусны буудлыг барьж байгуулах замаар нийтийн эзэмшлийн талбайг ашиглаж байгаа “JCDecaux” компанитай ч ярилцаж байгаа. Стандартыг нь өвлийн хот руу оруулж өгөөч гэдэг талаас нь. Бүхэлд нь зар сурталчилгааны самбар байлгаж болохгүй байна. Автобусны чиглэл, маршрут, цагийн хуваарийг байршуулж өгөөч гэсэн шаардлага тавьж байгаа. Автобусны жолооч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх асуудал ч энд багтсан. Нийтийн тээврийн салбарт 220 гаруй жолооч дутагдалтай. Нийслэлийн Засаг даргын барьж байгаа бодлого нь автобусны жолоочийн цалинг хамгийн багадаа 1000 ам.доллар байхаар зорьж байна. Мөн шинээр оруулж ирсэн автобусанд “Евро-5” түлш хэрэглэнэ. Өөрсдөө “Евро-5” захиалчихаад “Евро-3” хийж утаа үйлдвэрлэж болохгүй. Шатахуун зарцуулалт, автобусны ашиглалт ч уртсана. 

Гэхдээ зөвхөн нийтийн тээврийг чиглэсэн ажил хэрэгжүүлэх нь гэж харж болохгүй. Нийслэлийн Засаг даргын хувьд метро барих ажлыг эхлүүлэх албан ёсны шийдвэр гаргалаа. Өмнө нь эхлүүлнэ ээ л гэж яриад байдаг болохоос албан ёсоор ТЭЗҮ-ээ ч хийлгээгүй байсан. Харин энэ удаад ТЭЗҮ-ээ, зураг төслөө хийлгэж байгаа. Яармагаас-Хархорин чиглэлийн дүүжин тээврийг ирэх жил ашиглалтад оруулна. Такси үйлчилгээний стандартыг нэвтрүүлнэ. Ингэж байж нийтийн тээврийн бодлогыг цогцоор шийдэх юм.

-Метро барих албан ёсны шийдвэр гаргасан гэлээ. Гэхдээ энэ шийдвэр аль Э.Бат-Үүлийг хотын дарга байх үед яригдаж, тодорхой цэгүүдэд багана босгосон санагдаж байна. ТЭЗҮ-ийн тухайд “Жайка”-гаас боловсруулж байсан. Дүүжин тээвэр ч мөн адилхан. Өөрөөр хэлбэл, өмнөх Засаг дарга нарын үед хийж хэрэгжүүлж чадаагүй төслийг ганцхан жилийн хугацаанд явуулах  нь хэр бодитой вэ. Зарлах нь гоё байж болох ч хэрэгжүүлэх нь чухал…?

-Үүнийг цаг харуулах байх. Х.Нямбаатар Засаг дарга байхдаа зарлаад өнгөрөв үү? Бүтээгээд дуусгах уу? гэдэг асуудал. “Жайка”-гийн хийлгэж байсан ТЭЗҮ албан ёсоор хийж, хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Урьдчилсан ТЭЗҮ. Төсөөллийн гэсэн үг. Тэр үеэс хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тэгэхээр ойрын ирээдүйд метроны нэг шугамтай болно гэдэгт итгэлтэй байж болно. Дүүжин тээврийг хэрэгжүүлэх Францын хөрөнгө оруулагч талтай уулзсанаар барилгын ажил ирэх хавраас эхлэхээр болсон. Энэ бол бодитой. 

-Метро барихад шаардлагатай хөрөнгө оруулалтыг хэд байхаар тооцож байгаа юм?

-ТЭЗҮ нь бэлэн болохоор тодорхой болно.

-Ингэхэд “Ногоон автобус” асуудал юу болсон бэ. Нийслэлийн Засаг дарга, Хот хариуцсан сайд нь өөрсдийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн ч өнөөдрийн байдлаар хариуцлага хүлээх хүн гарч ирээгүй л байна. Сүүлдээ гаалиар орж ирээгүй гэсэн бичиг явлаа шүү дээ?

-Хариуцах эзэнгүй биш юм аа. Хянадаг, шалгадаг байгууллага шалгаад яваа. Нийслэлийн даргын хууль хариуцсан чиг үүрэгт хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа байхгүй. Энэ хүнийг Хууль зүйн сайдаар нь хараад байх шиг байна. Тэгж болохгүй. Тэгэхээр хуулийн, прокурорын байгууллагаас асуух хэрэгтэй. Бидний зүгээс улсын төсөвт учруулсан хохирлоо барагдуулахаар иргэний нэхэмжлэгчээр оролцоод яваа. 130 гаруй тэрбумыг урьдчилсан байдлаар шилжүүлсэн. Үүний 11 тэрбум нь тендерийн баталгаа байсныг Сангийн яам татаад авчихсан. Одоогийн байдлаар 50 цахилгаан автобус хүлээж авсан. 50 дунд оврын автобус орж ирснийг хүлээж авсан. Бусад буюу 76 орчим төгрөгийн өр авлагад “Тэнүүн-Огоо” компанийн үл хөдлөх хөрөнгө, дансыг барьцаалсан байдалтай байна. Магадгүй нийслэлд, холбогдох байгууллагад шилжүүлэх ажиллагаа явах байх. Хэдүүлээ зөв өнцгөөс харах хэрэгтэй. 

-Тэр гаалиар оруулж ирээгүй гэдэг нь үнэн үү?

-Нийслэлийн Гаалиас “Манайхаар орж ирээгүй. Замын-Үүдийн гаалиар орж ирсэн” гэсэн мэдээлэл өгсөн. Үүнийг зориудаар мушгин гуйвуулах процесс явж байна. Оруулж ирсэн 80 автобусыг шугаманд явуулах гэж байна гэсэн асуудал бас явсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад техникийн ямар үзүүлэлттэй автобус орж ирснийг шалгана. Мөрдөгч шууд хараад мэдэхгүй. Оношилгооны нарийн багажаар шалгана.

-“Ногоон автобус”-нд хамаарах санхүүжилтийн хэмжээ нь яг хэдэн тэрбум юм бэ?

-130 орчим тэрбум. Төсөвт үлдсэн, бидний дансанд байгаа 180 гаруй тэрбумаар нь дараагийн 600 автобус авахаар тендер зарласан гэсэн үг. 

-Үүнийг тодруулж асуусан нь дараагийн оруулж ирэхээр төлөвлөсөн 600 автобус эргээд “Ногоон” шигээ асуудал дагуулах вий гэсэн болгоомжлол хүссэн ч, эс хүссэн бий болчихоод л байна?

-Олон улсын нээлттэй тендерийг хуулийнх нь дагуу зарласан. Тэр дагуу явна. Аль болох түргэн шуурхай оруулж ирж, үйлчилгээнд гаргана. Түүнээс ямар нэгэн асуудал дагуулах эсэхийг урьдчилж хэлж мэдэхгүй. Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулаад явж байна.

-Ярилцсан баярлалаа.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *