Монгол улсад бүртгэгдсэн 64 койн, токен гаргасан бүх хүмүүсийг шалгаж эхэлжээ

0

Цагдаагийн ерөнхий газраас койн, крипто валютын хэрэгтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун:

-Койнтой холбоотой нийт 490 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна. Монгол Улсын хэмжээнд койн, токен 64 койн гаргажээ. Эдгээр койныг гаргасан бүхий л иргэн, ААН байгууллагыг шалгаж байгаа. Ганц О.Мөнхжинг биш. Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох төрийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байна. Бид койны ханш унасан асуудлыг шалгаагүй. Мэдээлэлд ойр байдлаа ашиглан гэмт хэргүүд үйлдсэн эсэхийг шалгаж явна.

Түүнчлэн хэрэгт холбогдсон иргэд цахим орчинд янз бүрийн байдлаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Үүнийг дагаад цахим орчинд идэвхтэй иргэд бодит мэдээллийг мэдэхгүйгээр худал мэдээллийг олон нийтэд түгээж байна. Тухайн иргэний гадаад паспортын зургийг цахим орчинд цагдаагийн байгууллагаас тавиагүй. Хэрэгт ашиглаж буй материалыг задалбал цагдаагийн байгууллагын ажилд саад учирна. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Тус асуудлыг ч мөн адил шалгаад явж байна.

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Сэргэлэн:

-Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-д заасан дөрвөн үндэслэл байдаг.

Цахим орчинд койн токены хэрэгт холбогдсон хүмүүсийг яагаад цагдан хорьж байгаа юм бэ гэх хандлага ажиглагдаж байна. Нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй үйлдсэн хэн ч тохирох хариуцлагаа хүлээх ёстой. 

Хэрэгт авагдсан нөхцөл байдлын хүрээнд мөрдөгч прокурорт саналаа гаргаад, прокурор цуглуулсан нотлох баримтаа шүүхэд гаргадаг. Шүүх тус нотлох баримтыг үнэлж дүгнээд таслан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахад ямар нэгэн хувь хүн, иргэний эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Бүх зүйл хуулийн хүрээнд явагдаж байгаа гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *