“Аэро Монголиа” ХХК Airbus А319-115 агаарын хөлгөө хүлээн авлаа

0

Монголын үндэсний хөрөнгө оруулалттай агаарын тээвэрлэгч Аэро Монголиа ХХК нь Airbus A319-115 агаарын хөлгөө хүлээн авах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэ нь тус компанийн дөрөв дэхь агаарын тээврийн хөлөг болж байгаа юм.

Airbus А319-115 агаарын хөлөг нь 143 хүний суудалтай, Европын холбооны улсын стандартыг хангасан мөн илүү холын зайнд нислэг үйлдэх боломжтойгоороо онцлогтой.

Шинэхэн агаарын хөлгийг үйл ажиллагаандаа нэгтгэснээр олон улсын хуваарьт нислэгүүдийг хэвийн үйлдэн, нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, харьцангуй хямд зардлаар Сөүл, Токио, Ханой, Хөх хот зэрэг гадны орнууд руу аялах боломжийг нэмэгдүүлэх аж.

Тус компани нь 2003 оноос олон улсын болон орон нутгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй.  Түүнчлэн бүх чиглэлд хамгийн хямд үнээр тийзээ борлуулах бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж, ачаа тээшний зөвшөөрөгдөх хэмжээг хамгийн боломжит байдлаар нэмэгдүүлэх зэргээр зорчигчдын хэрэгцээ шаардлагад чиглэсэн урамшууллыг санал болгодог байна.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд агаарын тээврийн салбарт либералчлал буюу чөлөөт өрсөлдөөнийг бий болгохоор зорьж байгаа. Мөн хямд үнийн нислэгийн тийз, хүртээмжтэй нислэгтэй болохоор бодлого дэвшүүлэн ажиллаж байна. Бүх авиа компаниуддаа тэгш боломж олгож, шударга өрсөлдөөнийг бий болгохоор зорьж байгаа юм.

Өнгөрсөн онтой 2023 оныг харьцуулбал нийт нислэгийн тоо 90 хувиар өссөн. Мөн дотоод нислэг сэргэж, зорчигчдын тоо 3.4 дахин нэмэгдлээ. Авиа компаниудад боломж олгосноор гадаад, дотоодын нислэгийн тоо ихсэж, тийзийн үнэ хямдарна. Өмнө нь БНСУ-руу хоёр авиа компани нислэг үйлддэг байсан. Харин одоо Монголын гурав, Солонгосын дөрвөн авиа компани нислэг үйлддэг. Агаарын тээврийн салбарт хэрэгжүүлж буй бодлого амжилттай хэрэгжиж байна” гэлээ.

“Аэро Монголиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чулуунбаатар “Airbus А319-115 гэх 143 хүний суудалтай агаарын хөлөг нэмэгдэж буй нь монголчууд маань олон орон луу зорчих болон гаднын жуулчид ихээр ирэх боломж нээгдэж байна. “Аэро Монголиа” ХХК нь 20 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Манай компани хоёр дахь Airbus А319 хөлөгтэй болж байна. Ингэснээр хос агаарын хөлөгтэй болж нэг нэгнээ дэмжин ажиллаж агаарын тээврээр зорчигчдыг найдвартай хүргэх бололцоо үүссэн. Бид Токио, Сөүлийн чиглэлд гол гадаад нислэгээ үйлддэг. Энэ нислэгүүдийн давтамжийг нэмэгдүүлэх боломжтой болж байна” гэлээ. 

Тус үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн сайд , ИНЕГ-ын төлөөлөл, Аэро Монголиа компанийн захирал, тус компанийн хамтрагч байгууллагын болон албаны хүмүүс оролцов.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *