“Эрдэнэт” үйлдвэрийг Оросуудаас салгаж, монголдоо авчирсан ялыг Ч.Сайханбилэгт үүрүүлдэг ч, “Төмөр зам”-аа Оросуудаас салгах боломжоос татгалзсан Р.Рашийг МАН-ынхан ярихгүй байна
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналаа АТГ-аас прокурорын байгууллагад гаргасан гэж мэдэгдсэн бол, нөгөө талд Эрдэнэтийн үйлдвэрийн 49 хувийг Оросоос худалдан авсан асуудал болоод “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээнүүд нь хууль зөрчсөн эсэхийг тогтоох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ долоо хоногт болох гээд түр хойшиллоо.
Сүүлдээ Эрдэнэт, Хөтөл, Төмөрлөгийн үйлдвэр гэсэн сэдвүүд “сахал” Д.Эрдэнэбилэг гэсэн малгайтай МАН-аас УИХ-д нэр дэвшихээр горилж буй О.Батнайрамдал гэх мэт хэний ч танихгүй залуусын улс төр хийх, олонд өөрийгөө танилцуулах сэдэв нь болтлоо жижгэрчээ. Учир нь шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн өмнөх өдөр О.Батнайрамдал гэнэт л хэвлэлүүдийг цуглуулж, “Олон хулгайг зарласан. Энэ хэргүүд шүүхэд очоод гацдаг. 3.5 сая иргэний анхаарал шүүх рүү хандах ёстой. Шүүх зөв шийдвэрийг гаргах нь уу гэдгийг 3.5 сая иргэн анхааралдаа авах ёстой” гэсэн утгатай мэдэгдлийг хийсэн. Үнэндээ түүний энэхүү мэдээлэл Нэгдүгээрт, Шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж оролдсон байж болзошгүй байгаа. Хоёрдугаарт, Ховд аймагт МАН-аас нэр дэвшихээр горилж буй О.Батнайрамдал магадгүй тойргоо сольж “шударга залуу”-гийн дүрээр Дархан, Орхон аймаг руу санаархаад эхэлсэн юм биш үү гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Иймээс л Эрдэнэт, Хөтөл, Төмөрлөгийн үйлдвэр гэсэн том сэдэв УИХ-ын гишүүнийг зүүдэлж буй хэний ч танихгүй залуусын танигдах, улс төр хийх сэдэв нь болтлоо жижгэрчээ гээд байгаа юм. Угтаа О.Батнайрамдалд “Ногоон автобус”-ны хулгай ярьсан бол энэ цаг үед шударга дүрд нь тохирох байлаа.
-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 49 ХУВЬ ОРОСУУДАД БАЙСАН БОЛ ДАЙНЫГ САНХҮҮЖҮҮЛСЭН ГЭЭД МОНГОЛ УЛС ХОРИГТ ОРОХ БАЙСАН УУ-
Учир нь авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулахын тулд Засгийн газар төсвийн зарлагыг багасгаж, Төрийн өмчит компаниудаа цөөлж, хувийн хэвшлийг оролцуулж, хяналтыг бий болгох ёстой. Товчхондоо,улс өөрөө худалдан авалт хийж, зарлагаа нэмсээр, хувийн компаниудын оронд төрийн өмчит компанийг ажиллуулсаар байвал энэ их мөнгийг дагасан авлига, албан тушаалын гэмт хэрэг гарсаар байх болно. Сонирхуулахад, Аргентины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Хавьер Майли “инфляцын хорт хавдрыг зогсоохын тулд Төв банкийг шатааж, авлигыг бууруулахын тулд төсвийн зарлагыг эрс багасгаж, “хөрөөднө” хэмээн амлаж, ялалт байгууллаа. Үнэндээ, Хөтөл, Төмөрлөгийн үйлдвэрүүдийн менежментийг хувийн хэвшил хариуцсан хэвээр байсан бол тэнд авлига албан тушаалын хэрэг гарахгүй гэсэн үг.
Мөн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросууд эзэмшсэн хэвээр байсан бол, тус үйлдвэрийн орлого “дайныг санхүүжүүлсэн” гэх нэрийдлээр магадгүй Монгол Улс олон улсын хоригт орж, цаашлаад НҮБ-ын тэргүүн А.Гутерреш, Ромын пап Францис, Францын ерөнхийлөгч Э.Макрон, Польшийн ерөнхийлөгч А.Дуда нар ч манайд улсад айлчлал хийхгүй байж болно.
Тодруулбал,Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс, 49 хувийг нь ОХУ 2016 оныг хүртэл эзэмшиж байсан. Товчхондоо, манай улс хойд хөршөөсөө шатахуун, эрчим хүч, төмөр зам, “Эрдэнэт” үйлдвэр гэсэн дөрвөн зүйлээр хараат байсан гэж болно. Харин 2016 оны зургаадугаар сар /2023.06/-д Эрдэнэт ТӨҮГ-ын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийг Монголын зэс корпорац худалдан авснаар тус үйлдвэр 100 хувь монголчуудын мэдэлд ирсэн юм. Үүний дүнд коронавирус цар тахлын үед иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг Эрдэнэт үйлдвэр хариуцаж байв. Оросуудын Эрдэнэтийн 49 хувийг эзэмшиж байсан бол хэзээ зүйл болохгүй.
-ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ 100 ХУВЬ МОНГОЛД АВЧИРСАН ЯЛЫГ Ч.САЙХАНБИЛЭГ НАРТ ҮҮРҮҮЛЖ, ЯМБЫГ НЬ О.БАТНАЙРАМДАЛ МЭТИЙН УИХ ЗҮҮДЛЭГЧИД ХҮРТЭЖ БАЙНА-
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын Засгийн газар оросууддаа зарах гэсэн хоёр оролдлого хийж байжээ. Тодруулбал, эхнийх нь 1999 онд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын хувийн хэвшлийнхэн авах анхны оролдлого болж байжээ. Оросын Засгийн газраас өөрийн мэдлийн Эрдэнэтийн 49 хувиа зарах болсноо гэрээ, дүрмийн дагуу Монголын талд мэдэгдэж зөвшөөрөл хүссэн байна. Хариуд нь Ерөнхий сайд Ж.Наранцацралт 1999 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Ю.Д.Маслюковт илгээсэн захидалдаа, “Оросын тал “Эрдэнэт” үйлдвэрийн өөрийн эзэмшлийн 49 хувийг 240 мянган доллараар зарахыг нь зөвшөөрсөн” утгатай захидал илгээсэнд сөрөг хүчин МАН хүчтэй эсэргүүцэж, уг үйл явдлаас 14 хоногийн дараа Ж.Наранцацралтын Засгийн газрыг огцруулжээ.
Удаах оролдлого 2012 онд болж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч ОХУ-ын төрийн өмчит “Ростехнологи”-ийн удирдлагууд “Монгол, Орос талууд “Эрдэнэт”-ийн хувьцаанаасаа тус бүр 25 хувийг нэгтгэн стратегийн хөрөнгө оруулагчдад худалдах санал гаргаж байж. Талууд тус бүр 25 хувь гэхээр “Эрдэнэт”-ийн 50 хувийг зарна гэсэн үг. Энэ тохиолдолд ОХУ бодитоор “Эрдэнэт”-ийн 74 хувьтай болох байж. Харин уг санал ажил болоогүй талаар iToim.mn сайтын эрхлэгч Г.Отгонбаяр агсан бичиж байжээ.
Дараа нь, “Эрдэнэт”-ийн 49 хувийг монголчууд авах боломж 2016 онд тохиож, манайхан ашиглаж чадсан. Гэтэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан мөнгөний гарал үүсэл тойрсон хуулийн асуудал, санхүүгийн хэлцэл нь хэт сунжирч, хувьцааг нь Оросуудаас салгаж Монголд авчирсан хүмүүс хууль, шүүхийн байгууллагын хаалгыг татаж долоо дахь жилдээ ороод явж байна.
Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болоод Сангийн сайд асан Б.Болор, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Ганбат, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат нарыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9-р зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүх гэж байна. Мөн Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “Монголын зэс корпорац”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түрэвтүвшин нарыг Эрүүгийн хуулийн 20.3.1, мөн хуулийн 22.1.2-д заасан зүйл ангиар шалгаж, яллагдагчаар татан шалгаж байна. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монгол авчирсан ялыг нь Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст үүрүүлж, ямбыг нь О.Батнайрамдал мэтийн улс төр зүүдлэгчид хүртэж байгаа нь үнэн.
-“ТӨМӨР ЗАМАА АВ” ОРОСУУДЫН САНАЛААС Р.РАШ ТАТГАЛЗСАНД ОЛОН ХҮН ХАРАМСДАГ-
Үнэн хэрэгтээ манай улс хойд хөрш ОХУ-аас төмөр зам, шатахуун, эрчим хүчний хувьд хараат. Иймээс төмөр замаа 100 хувь монголынх болгох нь бидний мөрөөдөл. Харин өнөөдөр Улаанбаатар төмөр зам ХНН-д оросуудын эзэмшдэг 50 хувийг Монголдоо авчрах боломж хувийн хэвшлийнхэнд гарлаа гэхэд тэд худалдаж авсан хувьцаагаа хураалгах, нэмээд тэд олон жил шалгуулж, хоригдохоос айх хэмжээнд оруулж байна. 1990 оны үеэр оросууд “Та нар төмөр замынхаа хувийг ав гэхэд тухайн үеийн УБТЗ-ын дарга Р.Раш татгалзсан юм гэнэ лээ” гэж зарим хүмүүс ярьдаг. Одоо монгол хүн бүр шахуу л тухайн үед оросуудын саналыг хүлээж аваагүйд харамсдаг. Харин алдагдсан төмөр замын энэхүү боломж манай улсад ахиж ирээгүй, 30 гаруй жил болж байна.
Харин Орос, Украины дайн эхэлсэн цагаас эхлэн ОХУ-ын Засгийн газраас УБТЗ ХНН-ийн 50 хувийг эзэмшдэг РЖД-гийн төмөр замаар тээвэрлэх ачааны эрэмбэ, дарааллыг шинэчлэн тогтоосон. Тодруулбал, уг эрэмбээр цэрэг дайны холбогдолтой ачаа барааг дараалал харгалзахгүйгээр нэгдүгээрт тээвэрлэнэ. Дараа нь хүнс, эмнэлгийн тусламж гэх мэтээр хамгийн сүүлд зэс, төмөр, нүүрс, мод зэрэг экспортын бүтээгдэхүүн тээвэрлэхээр эрэмбэлжээ. Үнэндээ гэрээс нь олон тэрбум төгрөг илэрсэн А.Батдөлийн авлигын хэрэг ч үүнтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тодруулбал, УБТЗ-ын 50 хувийг эзэмшдэг оросууд транзит тээвэр нэрийдлээр манай хэдэн вагоноор хятадаас ачаа, бараагаа татчихаж байна. Харин үлдсэн вагон дээр нь манай хэдэн хувийн хэвшлийнхэн өрсөлдөөд, ажлаа бүтээхийн тулд УБТЗ-ын зарим хүмүүс авлига өгсөн байж болзошгүй байгаа.
Эх сурвалж: isee.mn