В.Батсайхан: Гал түймэртэй тэмцэх байгууллагад ашиглаж байсан бүх төрлийн автомашины загвар надад бий
Нэгэн аав, охины хамт нуурын эрэг дээр очжээ. Аав нь охиндоо хандан “Яваад нуурын ус дулаан байна уу, хүйтэн байна уу үзээд ир” гэж гэнэ. Охин усанд хөлөө бага зэрэг дүрж үзээд, аав дээрээ гүйн ирж “Хүйтэн байна” гэхэд, аав нь охиноо тэвэрч аваад нуур руу шидчихэж. Охин гайхсан хэдий ч усанд дасах үед нуур тийм ч хүйтэн санагдсангүй. Тэр үед аав нь охиноосоо ”Нуур ямар байна” хэмээн дахин асуужээ. Охин хариуд нь “Гоё байна” гэв. Харин аав, охиндоо хандан “Ямар нэг юмыг мэдрэхийг хүсвэл бүхэл бие, сэтгэлээрээ тэр зүйлдээ орж бай” гэж захижээ.
Дээрх бяцхан түүхд өгүүлсэн шиг бүхий л зүрх сэтгэлээ хоббидоо зориулсан нэгэн эрхмийг “Онцгой мэдээ” сонины “Хобби” булан онцолж байна. Энэ бол ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа В.Батсайхан. Тэрээр хуучнаар ЗХУ-д үйлдвэрлэж Монгол Улсын бүтээн байгуулалтад ашиглаж ирсэн 100 гаруй автомашины 1:43 масштаб хэмжээтэй моделийн цуглуулгатай.
-Яагаад машины модель цуглуулах болсон бэ. Хамгийн анхных ямар загвар байв?
-Миний аав жолооч, мэдээ орсон цагаасаа ЗИЛ-130 машины кабинд явдаг байлаа. Анх, олон жилийн өмнө дөө аавынхаа барьж байсан машинуудаар цуглуулгаа эхэлсэн. Харин гал унтраах машины цуглуулгыг 2010 оноос эхэлсэн. Манай гал түймэртэй тэмцэх байгууллагад ашиглаж байсан бүх төрлийн автомашины загвар надад бий. Цуглуулгаа тоолдоггүй, бараг 200 дөхсөн байх. Монголд, зөвхөн надад байдаг цор ганц загвар нэг хоёр ширхэг байгаа.
–Цэргийн түүхийн музейд цуглуулгаараа үзэсгэлэн гаргасан гэсэн. Хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
–2022 оны гуравдугаар сард үзэсгэлэн гаргасан. Тэр үед би өөрөө эзгүй, Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Шуурхай штабт томилолтоор ажиллаж таарсан юм. Тиймээс нэг найздаа тоолж хүлээлгэж өгөөд явсан. Хүмүүс их сонирхсон гэсэн.
–Ийм төрлийн цуглуулгатай өөр хүн мэддэг үү.
-Олон байдаг байх аа. Сүүлийн үед хүмүүс аавынхаа барьж байсан машины моделийг их хийлгэдэг болжээ. Гэхдээ хүүхдийн тоглоомтой холихгүйгээр цуглуулдаг гэхээр тоо нь цөөрч магадгүй. Моделийг яг өмнө нь ашиглаж байснаар нь тоноглох чиглэлийн хөгжүүлэлтийг өөрийн урлантай Ү.Одонбаяр ах түлхүү хийж байгаа.
-Цуглуулгаа хадгалж, хамгаалахад бэрхшээл тохиолдох уу. Тухайлбал, зочилж ирсэн бага насны хүүхэд нэхэх зэргээр.
-Нарны хурц гэрэл тусахаас хамгаалах, тоос шороог нь арчих гээд ажил мундахгүй. Ер нь манайхан хүүхдүүдээ багаас нь хүний юманд зөвшөөрөлгүй ойртохгүй, ядаж музей үзэхдээ үзмэрт нь гар хүрэхгүй байх наад захын соёл, хүмүүжилд сургах хэрэгтэй. Миний цуглуулгын ирж үзсэн хүүхдүүд гэртээ хариад тоглоомуудаа угааж цэвэрлэн, өрж тавьдаг болдог л гэсэн.
-Хамгийн дурсамжтай олдсон нь аль вэ. Муудсан зэвэрсэн хаягдсан модель олж засаж шинэчилж авсан гэх мэт?
-Байлгүй яах вэ. Хямдхан худалдаж аваад урландаа будаж тоноглоод нөгөө хүндээ буцаад харуулахаар танихгүй байх жишээтэй.
-Танд өөр төрлийн цуглуулга байдаг уу?
–Ном. Онцгой байдлын салбарт ажилладаг эрдэмтний хувьд дотоодод 20, гадаадад 23 илтгэл, өгүүлэл бичиж хэвлүүлсэн байна. Мөн 2021 оноос “Уур амьсгалын өөрчлөлт тарваган тахлын байгалийн голомтын биологийн төрөл зүйл, хөдлөл зүй, хүн амын зарим эрсдэлт хүчин зүйлд үзүүлэх нөлөө” суурь судалгааны ажлын удирдагчаар ажиллаж байна.
–Таны хоббиг хамгийн их дэмждэг хэн байдаг вэ?
-Мэдээж гэр бүлийнхэн. Гадаад явахдаа авчирч өгдөг найз нөхөд гээд дэмждэг хүмүүс олон.