Нэгдүгээр сард халамж үйлчилгээнд 149 тэрбум төгрөг олгожээ

0

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны 1-р сарын тайланг мэдээлэв.

Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувь өсжээ. Тодруулбал, дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 оны урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 52.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.3 (21.4%) их наяд төгрөгөөр өсжээ. 

Түүнчлэн нэг ажиллагчид ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 оны IV улиралд 6.6 сая төгрөг, жилийн дүнгээр 23.2 сая төгрөг болж, өмнөх оноос 473.4 (2.1%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Томсгосон дөрвөн салбараар авч үзвэл, нэг ажиллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2022 онд өмнөх оноос хөдөө аж ахуйн салбар, аж үйлдвэр, барилгын салбар, үйлчилгээний салбарт өсөж, уул уурхай, олборлолтын салбарт буурчээ.

Харин өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2022 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 1.8 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 204.1 (12.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 32.3 (1.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ. 

Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлогын хэмжээ тус улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.4 (0.7%) мянган төгрөгөөр буурсан байна. 

Тэгвэл тэтгэвэр, тэтгэмжийн орлогын эзлэх хувь 4.8 нэгж хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлогын эзлэх хувь 3.4 нэгж хувиар, бусад орлогын эзлэх хувь 0.9 нэгж хувиар буурчээ.

Түүнчлэн улсын хэмжээнд 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар сард 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 56.5 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа нь өмнөх оны мөн үеэс 6.3 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдсан хүний тоо өмнөх оноос 600 мянгаар өсөж 1.5 сая болсон бөгөөд НДС-ын зарлага орлогоосоо 3 дахин их гарчээ. 

НДС-ын орлого 263 тэрбум төгрөг болж өмнөх оноос 110 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол зарлага 303 тэрбум төгрөг болж өмнөх оноос 87 хувиар өсжээ. Тэтгэвэрт авагчдын тоо 19 мянгаар нэмэгджээ. Нэгдүгээр сард халамж үйлчилгээнд 149 тэрбум төгрөг олгосон гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *