“Баялаг тахиа” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ангар: НӨАТ, татварын ачаалал, дарамтыг бууруулах шаардлагатай байна
Хүнсний аюулгүй байдлын статистикаар Монгол Улс шувууны махны хэрэглээнийхээ 98.4 хувийг импортоор хангаж байна. 2022 онд 22.5 мянган тонн тахианы махыг 45.4 сая ам.доллараар импортолсон. Нийт тахианы махны 85 хувийг БНХАУ-аас импортолсон бол дотоодын үйлдвэрлэл ердөө 336 тонн байсныг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Иргэдээ дотоодын үйлдвэрийн чанар стандарт хангасан, эрүүл аюулгүй хүнсээр хангахад төрийн татварын зөв бодлогоор дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ, Засгийн газар татварын цогц шинэчлэл хийхээр хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна.
Энэ хүрээнд “Баялаг тахиа” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын баг танилцалаа. Сард 240 мянган тахиа үржүүлэх хүчин чадалтай иж бүрэн автомат үйлдвэр дотоодын тахианы махны зах зээлийн 10 хүртэл хувийг хангах боломжтой бөгөөд 150 тогтмол ажлын байр шинээр бий болгосон гэж “Баялаг тахиа” ХХК-ийн удирдлагууд танилцуулав.
Мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тооцоо судалгаа, шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа тав дахин нэмэгдүүлж дотоодын тахианы махны хэрэглээний 50 хувийг хангах боломжтой гэсэн тооцоог танилцуулав. Түүнчлэн татварын орчин дахь шударга бус байдлыг арилгах, үйлдвэрлэгчдэд ирж байгаа НӨАТ, татварын ачаалал, дарамтыг бууруулах шаардлагатай байгааг “Баялаг тахиа” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ангар хэлж байлаа.