Монгол иргэнийг алхаар 20 удаа цохиж, хөнөөсөн ОХУ-ын иргэнд 14 жилийн ял оноожээ
Өнгөрөгч оны есдүгээр сарын 24-ны өдөр ОХУ-ын иргэн “Д” манай улсын иргэн “Г”-г тархин тус газарт нь 20 гаруй удаа алхаар няц балбан зодож маш хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Хохирогч “Г”-н биеийн байдал маш хүнд, ухаангүй ГССҮТ-д зургаан хоног байсан боловч есдүгээр сарын 30-ны 22:00 цагт нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Энэ хэргийг шүүх хурал өнөөдөр /2023-02-17/ болж, ОХУ-ын иргэнд жирийн дэглэмтэй хорих ангид 14 жилийн хорих ял оноолоо.
Хэргийг эргэн сануулахад: ОХУ-ын иргэн архидан согтуурч, Монгол залуугийн толгойг алхаар цохин маш хүнд гэмтээсэн хэрэг есдүгээр сарын 24-нд гарсан. ОХУ-ын иргэн Д Монголд ирэхдээ хил дээр танилцсан Монгол иргэний байрыг түрээслэхээр болж, есдүгээр сарын 24-нд тухайн түрээслэх байранд ирэхдээ байрны танил болох иргэн Г-ийн гэрт орцгоосон тухай ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэл хийсэн.
Ийнхүү тухайн иргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ОХУ-ын иргэнтэй анх танилцсан Монгол иргэн өөрийн найзын хамт гэрээс нь гарсан гэж мэдүүлсэн байдаг. Улмаар Монгол Улсын иргэн “Г” болон ОХУ-ын иргэн “Д” хоёр гэрт үлдэж хохирогч Г-г алхаар тархийг нь удаа дараа бяц цохиж гэмтээсэн гэдгийг албаныхан мэдээлсэн юм.