Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх уралдаанд шалгарсан ажилтнуудад шагнал гардууллаа
Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудын дунд зохион байгуулсан “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх” уралдаанд шалгарсан бүтээлийг 2023 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зарлаж, шагнал гардуулав.
“Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх” уралдааны тэргүүн байрт Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах А.Баяржаргал, дэд байрт Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаач Б.Мөнгөншагай, гуравдугаар байрт Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах А.Болор, тусгай байрт хүний их эмч, хуульч Д.Энхсүлд нарын бүтээл тус тус шалгарчээ.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Д.Батбаатар, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр нар уралдаанд шалгарсан бүтээлийн эздэд шагнал гардуулж, амжилт хүслээ. Шүүхийн шийдвэрийг зөв унших, ойлгох, шүүхээс хуулийг хэрхэн тайлбарлаж байгаа, онол болон хууль хэрэглээний холбоо хамаарал болон шүүхийн шийдвэрийн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх чадварыг дээшлүүлэх зорилготой уг уралдаанд оролцсон нийт албан хаагчдад мөн талархал илэрхийлсэн юм.