Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн 70 хувь нь хүүхэд байгаагийн 90 хувь нь охид

0


“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд 7 дахь удаагийн Үндэсний чуулганыг “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банк, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

Чуулганы нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар оролцож, үг хэллээ. Тэрээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь тодорхой нэг үүссэн асуудлыг шийдвэрлэхээр хязгаарлагдахгүй нийгмийн үндэс болсон гэр бүл, бидний хойч ирээдүй болох үр хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийн бүтээх явдал болохыг цохон тэмдэглэсэн.
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн 70 гаруй хувь нь хүүхдүүд байгаа бол 90 гаруй хувь нь охид, эмэгтэйчүүд байна. Хүчирхийллийн хохирогчийг хамгаалах чиглэлээр “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв” ТББ ын дэргэд 2008 онд 2 түр хамгаалах байр ажиллаж байсан бол өнөөдөр 36 Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байр 4 байгууллагын харьяанд  үйл ажиллагаа явуулж, 2023 онд нийт 4037 иргэн түр хамгаалан байрлуулах үйлчилгээ авснаас 81,9 хувь нь хүүхэд, 18,1 хувь насанд хүрэгч байна.
Чуулганы үеэр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон түүнийг дагаж гарсан журмын хэрэгжилт, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын үр нөлөө, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид үзүүлж буй  сэтгэл зүйн, эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн байдал, хохирогчид хууль зүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зочин илтгэгч илтгэл танилцуулж, цаашид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд ямар арга хэмжээ авах талаар санал солилцож байна.

Зочин илтгэгчид гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хамтарсан багийн үйл ажиллагаа маш чухал байна. Гэтэл хамтарсан багийн гишүүн буюу нийгмийн ажилтан эсвэл гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтэн сум, хороонд дутмаг байгаагаас гадна одоо байгаа хүмүүс нь тогтворгүй ажиллаж байгаа юм. Иймд сум, хороонд нийгмийн ажилтан, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтны орон тоог нэмэгдүүлэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллахад анхаарах шаардлагатай байна. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн 90 гаруй хувь нь тодорхой хэмжээний боловсролтой бөгөөд согтууруулах, мансууруулах төрлийн зүйл хэрэглээгүй үедээ цочмог уур, бухимдлын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгааг дурдаж байлаа.
Энэхүү чуулганд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлдэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий байгууллагын 800 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Эх сурвалж: ХНХЯ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *